IMG_6497

Байгууллага сайн дурын үйл ажиллагааны хөтөлбөртэй байх нь яагаад ЧУХАЛ вэ?

“I Volunteer, Do You” өдөрлөгийн онцлох хэлэлцүүлгийн нэг болох “Байгууллага Сайн дурын үйл ажиллагааны хөтөлбөртэй байх боломж” сэдвээр Ариг банкны Тогтвортой хөгжлийн багийн тэргүүн дэмжигч Д.Батзул, “TEDxBagaToiruu”-ийн зохион байгуулагчдын нэг  Г.Индра нар оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Ингээд тэдний яриаг хүргэе.

Г.Индра: Сайн дурын ажил хийж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, залуучууд байдаг

Z9

Би 2016 оны 10-р сараас 2017 оны 7-р сар хүртэл UNV буюу НҮБ-ын сайн дурын хөтөлбөрт ажиллаж байсан. Тухайн үед НҮБ-ын сайн дурын хөтөлбөрийнхөн SAP /компаниудад шинэ програм, технологи санал болгодог олон улсын компани/ -тэй хамтраад бүс нутгийн хэмжээнд залууст зориулсан ASEAN Impact Challenge зохион байгуулсан.

Үүний хүрээнд Зүүн Өмнөд Азийн 10 гаруй орны залуус нийгэмд чиглэсэн старт-апп, интрепренершип санаагаа танилцуулсан юм. Эндээс 3-5 залуучуудын байгууллагыг сонгож аваад SAP-ийн мэргэжилтнүүдтэй холбож, 1-3 сарын хугацаатай менторшип хийсэн. Өөрөөр хэлбэл, SAP-ийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр нь эдгээр залуучуудын байгууллагыг чадавхижуулах хөтөлбөр юм.

Дээрх туршлага болон томоохон судалгаануудаас харахад байгууллагын сайн дурын хөтөлбөр амжилттай хэрэгжихэд таван хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд:

  • Тухайн хөтөлбөрийг дэмжих бүтэц, зохион байгуулалт. Өөрөөр хэлбэл, нийгмийн хариуцлагын бодлого, хөтөлбөр нь байх ёстой
  • Ажилчдаа сайн дурын ажил хийлгэхэд тухайн байгууллага өөрөө санхүүгийн хувьд боломжтой байх
  • Удирдлагуудын шаардлага, захирамжийг дагуу гэхээсээ илүү ажилчид өөрсдийн сайн дурын үндсэн дээр тухайн ажилд гар бие оролцох хэрэгтэй
  • Багийн сэтгэлгээтэй байх
  • Хамгийн сүүлийн бөгөөд чухал шалгуур нь хөтөлбөрийн үр дүнг хэмжих механизмтай байх

Үүнээс гадна монголчуудын хувьд нас, хүйсийн онцлогоосоо хамаараад сайн дурын ажилд оролцох нь харилцан адилгүй байдаг юм шиг санагдсан. Хүйсийн хувьд сайн дурын ажил хийж байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Мөн тухайн байгууллагад олон жил ажиллачихсан, удирдах албан тушаалын, ахимаг насны хүмүүс шинэ зүйл хүлээж авахдаа арай удаан байдал ажиглагдсан. Үүнээс гадна ажилчдаа сайн дурын ажил хийхийг дэмжихэд санхүүгийн хувьд бэрхшээлтэй байдаг нь Монголын компаниудад тулгардаг гол асуудал.

Д.Батзул: Ашгийн төлөө байгууллагууд бүгдээрээ сайн дурын ажилчдын хөдөлмөрийг мөлждөггүй

Z8

Байгууллагууд ямар сайн дурын үйл ажиллагааны хөтөлбөртэй байж болох вэ, үүнийг яаж хэрэгжүүлэх вэ, ажилчдаа сайн дурын ажил хийхийг дэмжих нь байгууллага болон ажилчдад ямар эерэг үр дагавар авчирч болох талаар Ариг банкны төлөөлөл Д.Батзул ярьсан юм. Тэрээр:

НЭГДҮГЭЭРТ, Эхний ээлжинд байгууллагаас тодорхой нэг ажил санаачлаад ажилчдаа татан оролцуулах замаар явбал тохиромжтой санагддаг. Яваандаа өөрийнх нь үнэт зүйл, сонирхол хүсэл эрмэлзэлтэй нь нийцээд эхлэхээр хүмүүсийн оролцоо нэмэгдэж, сайн дурын ажил зохиогдохыг хүлээдэг болчихдог. Өөрөөр хэлбэл, сайн дурын ажил хийх явцдаа ажил, амьдралын балансаа бий болгож, амьдралаа илүү сонирхолтой, адал явдалтай, сэтгэл ханамжтай болгоно гэсэн үг. Ариг банкнаас хэрэгжүүлдэг олон ажлын нэг нь Ахиллэс Монгол байгууллагатай хамтран зохион байгуулдаг “Hope and Possibility” марафон юм. “Хөгжлийн бэрхшээлтэй ч та биднээс өөр биш шүү” гэдгийг ойлгуулах нь энэ марафоны гол зорилго.

ХОЁРДУГААРТ, Банк гэхээр ихэнх хүмүүсийн толгойд зээл, хадгаламж гэх мэт санхүүгийн үйлчилгээ орж ирдэг. Гэхдээ бид санхүү үйлчилгээ хүргэхдээ ч гэсэн нийгэмд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээргүй бизнес, байгууллагыг дэмжиж ажиллахыг хичээдэг. Тухайлбал, бид 5 жилийн хугацаатай “Утааг хамтдаа устгая” Innovation Challenge -ийг хэрэгжүүлээд явж байна. Тодруулбал, утааг бууруулах техникийн шийдлүүдтэй, төсөл боловсруулчихсан байгаа хүмүүсийн бизнесийг нь дэмжих, уян хатан нөхцөлтэй зээл олгох, цаашлаад тэдний гаргасан бүтээгдэхүүнийг худалдаж авах гэр хорооллын айл өрхүүдэд хэрэглээний зээлийг нь олгоё гэсэн чиглэлийг баримталж байгаа. Зүгээр нэг гар утас худалдаж авж байгаа зээлийг бодвол арай хөнгөлөлттэй, хүү нь бага, хугацаа нь урт байхаар төлөвлөж байна.

Дээрх хоёр оролцоо юуг хэлээд байна вэ гэхээр тухайн байгууллага өөрийнхөө үйл ажиллагааны чиглэл дээрээ тулгуурлаад ажилчдаа сайн дурын ажил хийхийг нь дэмжиж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд байгууллагын зүгээс хувь нэмрээ оруулж болох юм байна гэдгийг хэлээд байгаа юм” гэсэн юм.

iVolunteer Санаачилгын гишүүн.

Сэтгэгдэл үлдээх

*