COVER

БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА 100 ХУВЬ БАЙ

Бидний олонхи нь фэйсбүүкээр дүүрэн байдаг ухаалаг үгс, афоризмыг уншаад амьдралаа бүрэн дүүрэн өөрчилсөн тохиолдол цөөн биз ээ. Та өнөөдөр фэйсбүүк дээрээ шэйрлэсэн сонирхолтой зөвлөгөөг дуустал нь уншсан уу, хэрэгжүүлж үзсэн үү? Танд хамгийн их таалагдсан афоризм таны амьдралыг өөрчилж чадсан уу? Ер нь бид хэн нэгний хэлсэн гашуун үнэн, бодит туршлагыг өөр дээрээ хэр тусгаж авдаг юм бол…

Би сошиалаар тэнэж явдаг гоё, ганган үгэнд биш нэгэн ухаалаг, хөдөлмөрч бүсгүйн лекцэнд суугаад гарч ирэхдээ ганцхан өгүүлбэрийг цээжиндээ хадчихсан байсан. Өөр юу ярьсныг нь ер санадаггүй. Ганцхан “Байх ёстой газраа 100 хувь бай” гэдэг өгүүлбэртэй гарч ирж билээ. Дараа нь бодоход, энэ ганцхан өгүүлбэр намайг их олон зүйл дээр аварсан.

Гэртээ байгаа бол бусад асуудлаа мартаж, ойр дотны хүмүүстээ цаг гарга. Найзуудтайгаа байгаа бол ажлаа хойш тавьж, ар гэрийнхээ асуудлыг түр умарт. Ядаж л хайртай хүмүүстэйгээ хамт байхдаа утсаа ширтэхээ боль, ажлын холбогдолтой дуудлагыг алгасаж сур. Ер нь л байх ёстой газраа бүрэн байж, зориулах ёстой цагаа тэдгээр хүмүүст бүрэн зориул, бусад нь падлийгүй. Ажлын цагаар бусад зүйлд сатаархаа зогсоож, ажилдаа өөрийгөө БҮРЭН ДҮҮРЭН зориул.

2

Нэг жишээ хэлэхэд, миний танил ажлын хамрагч намайг ямар ч үед очсон ажил дээрээ сууж л байдаг. Ажлын бус цаг, амралтын өдрөөр ч ажиллаж л байдаг. Гэхдээ хэзээ ч түүний гараас суут бүтээл, шинэлэг санаа гарч байгаагүй. Өмнө хийдэг байснаа л дахин дахин хийж харагдана. Харин ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ нэгэн хэвийн, завгүй амьдралаасаа уйдаж байгаа нь хөндлөнгийн миний нүдэнд ч илхэн харагддаг.

Дээрх санаа зөвхөн нэг хүний үзэл бодол биш шинжлэх ухааны түвшинд батлагдсан зүйл гэдгийг би саяхан Harvard Business Review-ийн нэгэн сонирхолтой нийтлэлийг уншиж байхдаа олж мэдсэн юм. Нийтлэлд дурдсанаар, хүн өөрийн цагаа бус энергээ удирдаж сурснаар ажлын бүтээмжээ дээшлүүлэх, бүтээлч байх боломжтой гээд хүнд дөрвөн төрлийн энерги байдаг тухай дурьджээ. Үүнд: Биеийн энерги, сэтгэл хөдлөлийн энерги, оюун ухааны энерги, мөн чанарын энерги багтдаг аж.

4

Харин бидний сэдэвтэй холбогдох ажлын бүтээмжийн тухайд дараах санаануудыг онцолсон байна.

  • Орчин үед Multitasking буюу олон ажлыг зэрэг хийх чадварыг хөгжүүлэх талаар их ярьдаг болсон. Гэвч ажлын үр дүн олон ажлыг зэрэг хийхэд биш нэг ажилдаа бүрэн төвлөрөхөд оршиж байгааг олон арван судалгаагаар тогтоожээ.
  • Хүнийг илүү цагаар ажиллуулж эхэлвэл тодорхой хугацааны дараа бүтээмж нь буурдаг бөгөөд цагийг нэмсэнээр хүний бүтээмж нэмэгддэггүй аж. Дотоод нөөцөө зөв ашигласнаар богино хугацаанд нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, өндөр бүтээмжтэй ажиллах боломж бүрддэг гэдгийг нэг тэргүүнд онцолсон байна.
  • Хүн ТАЙВАН эсвэл ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ байх үедээ л хамгийн ӨНДӨР БҮТЭЭМЖ-тэй байдаг.
  • Ойр ойрхон ямар нэгэн зүйлд сатаарахгүй байх нь өндөр бүтээмжтэй ажиллахад чухал нөлөө үзүүлдэг.
  • Биднийг хамгийн их сатааруулж, бүтээмжийг алдагдуулдаг зүйл нь СОШИАЛ СҮЛЖЭЭ, ГАР УТАС. Яаж татгалзах вэ, яаж төвлөрөх вэ гэдэгт суралцах хэрэгтэй гэжээ. Тухайлбал, сошиал сүлжээгээ өдрийн тогтсон цагт шалгах, ажиллаж байх үедээ сошиал сүлжээнээс гарч, утсаа түр хаах гэх мэтээр.
  • Хүн ямар нэгэн зүйлийг зорилготой хийж эхлэх юм бол түүнд зарцуулах энерги нь нэмэгддэг. Тухайн ажлыг бүтээхийн тулд өөрөөсөө маш их эрч хүчийг гаргаж чаддаг аж. Мэдээж хэрэг тухайн зүйлдээ бүрэн дүүрэн төвлөрсөн цагт шүү дээ.
  • Бидний олонхи нь өдөр тутмын аар саархан зүйлд сатаарснаас болоод урт хугацааны зорилгоо төдийлөн анхаарч боддоггүй гэнэ. Ер нь миний амьдралын зорилго нь юу юм, ажлаа хийж байгаа зорилго нь юу юм бэ гэдгийг хааяа цаг гарган бодож бай гэжээ.
  • Хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ, маргаашийн ажлын хамгийн чухал зүйл нь юу вэ гэдгээ урд өдөр нь тодорхойлж, маргааш нь түүнийгээ хийж чадвал ажлын бүтээмж хэд дахин нэмэгддэг.

5

Нийтлэлийн төгсгөлд дөрвөн төрлийн энергийг дурьдаад, тэдгээрийг дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой талаар бичсэнийг хүргэж байна.

Биеийн энергийг удирдах зан төлөвт:

  • Хангалттай нойр авах
  • Зөв хооллох
  • Дасгал сургуулилт хийх
  • Биеийн эрч хүчээ сэлбэх
  • Завсарлага авдаг байх

Сэтгэл хөдлөлийн энергийг удирдах зан төлөвт:

  • Сөрөг бодол, зан төлвөөс зайлсхийх
  • Ойр дотны хүмүүс, дуртай зүйлдээ цаг гаргах
  • Бусдад талархах

Оюун ухааны энергийг удирдах зан төлөвт:

  • Нэг зүйлдээ төвлөрч, олон зүйлд сатаарахгүй байх
  • Урт хугацаанд өгөөжөө өгөх зүйлийг тунгаах
  • Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
  • Ажлын бус цаг, амралтын үеэр ажлаасаа бүрэн хөндийрдөг байх

Мөн чанарын энергийг удирдах зан төлөвт:

  • Өөрийн сайн чаддаг, хийх дуртай зүйлдээ илүү их цаг гаргах
  • Үнэт зүйлсээ өдөр тутамдаа баримтлах
  • Өөртөө болон бусдад эерэг өөрчлөлтийг авчрах
  • Шийдвэр гаргахдаа гадны хүчин зүйлсээс илүүтэй өөрийн зорилгодоо тулгуурладаг байх гэжээ.

Togsold baih

iVolunteer Санаачилгын гишүүн.

БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА 100 ХУВЬ БАЙ” сэдэв дээр 2 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл үлдээх

*