IMG_1165

КАРЬЕР ХӨТӨЧ: Хуулийн ангийн оюутан Б.Оюунболд

IVO санаачилга оюутан, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, олон төрлийн сонирхолтой мэргэжлүүдийн халуун “гал тогоо”, бодит байдлыг танилцуулах зорилготой “Карьер Хөтөч” хэмээх цуврал ярилцлагын буланг эхлүүлж байгаа билээ. Тухайн нэг мэргэжлээр суралцаж буй оюутан, ажил дээр гараад удаагүй залуу мэргэжилтэн, салбартаа манлайлж буй туршлагатай эксперт гэсэн карьерийн хувьд гурван өөр түвшинд яваа хүмүүс та бүхэнтэй өөрийн мэргэжлийн онцлогийг хуваалцах юм. 

Бид “Карьер Хөтөч” булангийн анхны дугаараа ХУУЛЬЧ мэргэжлээр эхлүүллээ. Энэ удаа та бүхэнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Солонгосын эрх зүйн 5-р курсийн оюутан Батсүлдийн Оюунболдтой ярилцсанаа хүргэж байна.

Маш олон хүн “Та нар байнга хууль цээжлээд явж байдаг уу?” гэж асуудаг

-Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ гэсэн асуултаар яриагаа эхлэе?

-Хичээлийн хуваарь ямар байхаас их хамаардаг. Хичээлээ тараад 1-2 цаг номын санд сууж тухайн өдрийн хичээлээ бататгаж, даалгавраа хийгээд дараа нь ном уншдаг. 17-20 цагийн хооронд өөрийгөө хөгжүүлэх, үеийн нөхдөөсөө мэдлэг олж авахын тулд илтгэх урлаг, мэтгэлцээний Best клубт явдаг. Гэртээ хариад дэлхийн болон улс орондоо болж буй үйл явдлын мэдээлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл уншихыг хичээдэг.
-Магадгүй хүмүүс танай мэргэжлийн талаар дутуу эсвэл ташаа ойлголттой байж магадгүй юм. Яг бодит байдал дээр ямар байдаг вэ?
-Хүмүүс хуульч, хууль зүйгээр сурч буй оюутнуудыг их ой сайтай гэж боддог байх. Яагаад гэвэл маш олон хүн “Та нар байнга хууль цээжлээд явж байдаг уу?” гэж асуудаг. Мөн хуульчдыг маш их мөнгө олдог гэж боддог. Гэвч бодит байдал дээр хууль байнга өөрчлөгддөг, нийгэм ямар байхаас хамаараад хувьсаж байдаг учир бид хууль цээжлэхээс илүү хууль юуны тулд оршин байдаг, хууль юуг зохицуулдаг , хуулийг яаж ойлгож хэрэглэхийг, мөн хуулийн мэдлэггүй хүмүүст ойлгуулах зэрэг цогц зүйлийг сурдаг. Хөрөнгө мөнгө хураах, нэр алдар хөөхөөс илүүтэй бусдыг ойлгох, тэдэнд туслахыг эрмэлздэг, өөрийгөө сорихыг хүсдэг хүмүүс энэ мэргэжлийг эзэмшдэг гэж боддог.

Бусдыг ойлгох, тэдэнд туслахыг эрмэлздэг, өөрийгөө сорихыг хүсдэг хүмүүс энэ мэргэжлийг эзэмшдэг гэж боддог

IMG_1171-2

-Тэгвэл яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ, юу нөлөөлөв?
-2012 онд амьдралдаа хийж болох хамгийн зөв сонголтыг хийж мэргэжлээ сонгосон гэж боддог. Мэргэжлээ сонгоход нөлөөлсөн хүчин зүйлээс дурдвал “Загалмайлсан эцэг” кинонд “Нэг цүнх барьсан хуульч, буу барьсан дээрэмчдээс илүү ихийг олж авах хүчтэй” гэж хэлсэн нь хуульч гэх мэргэжил хүмүүсийн итгэлийг олдог. Цаашлаад маш олон зүйлийг мэддэг байхыг шаарддаг, нийгэмд маш том байр суурь эзэлдэг юм байна гэж бодож байсан. Тухайн үед ойр дотны хүмүүс минь “Хуульчдын тоо маш их байгаа, өөр мэргэжил сонгосон нь дээр” гэж зөвлөж байсан ч би өөрийгөө хөгжүүлэх, бусдад туслахыг үнэхээр их хүссэн учир эргэлзэлгүй мэргэжлээ сонгож байсан.
-Чиний бодлоор сайн хуульч болохын тулд ямар ур чадвар эзэмших ёстой вэ?
-Би төгсөх курсийн оюутан хэдий ч 5 жилийн хугацаанд сурч ойлгосон зүйл гэвэл нэгдүгээрт, маш тэвчээртэй байхад суралцах хэрэгтэй. Учир нь унших, судлах зүйл ихтэй байдаг учир шөнөжин суух нь энгийн үзэгдэл. Хоёрдугаарт, сонсох чадвар. Бусдын асуудлыг шийдвэрлэж өгөхийн тулд маш сайн сонсогч байж асуудлыг өөртөө тохиолдсон мэт мэдрэх хэрэгтэй. Түүнчлэн ярих, мэтгэлцэх чадвар чухал. Илтгэдэггүй, мэтгэлцдэггүй хуульч гэж байхгүй. Гуравдугаарт, Маш зоригтой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуулийг зоригтойгоор мөрдөх хэрэгтэй.

“Нэг цүнх барьсан хуульч, буу барьсан дээрэмчдээс илүү ихийг олж авах хүчтэй” гэсэн үг хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн 

-Хуульчдын ажлын хамгийн хэцүү нь юу байж болох вэ?
-Хүний өмнөөс шаналах хэцүү байдаг болов уу. Учир нь эрхзүйн туслалцаа үзүүлж байхад хүний бүх асуудлыг сонсож, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй.
-Тэгвэл мэргэжлийн чинь хамгийн сайхан нь юу вэ?
-Хүний өмнөөс шаналсны эцэст асуудлыг нь шийдэж өгсний хариуд үйлчлүүлэгчийн “Баярлалаа” гэж хэлээд чин сэтгэлээсээ инээхийг нь харах хамгийн сайхан байдаг.
-Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Оюутан болсон цагаасаа өөрийгөө хөгжүүлэхийг их хичээж байна. 1, 2 дугаар курстээ маш олон уулзалт, сургалт, лекцэнд суудаг байсан минь амьдралыг харах өнцгийг өөрчилж, төлөвшихөд нөлөөлсөн гэж боддог. Мөн ярих, мэтгэлцэх чадвар хэрэгтэй учраас Best клубт олон жил суралцаж байна. Үүнээс гадна компьютерийн программуудыг өндөр төвшинд хэрэглэж сурахыг эрмэлздэг. Хүн хэзээ ч сурч дуусахгүй, бас хэзээ ч хөгжиж дуусахгүй шүү дээ.

Сайн хуульч болохын тулд тэвчээртэй байхад суралцах хэрэгтэй 

IMG_1169-2

-Энэ мэргэжлээр сурахаар зорьж буй залууст юу захих вэ?
-Хамгийн сайн нь байхыг хичээх бус хамгийн сайнаараа хичээгээрэй. Магадгүй хүн хамгийн сайн нь байхын тулд муу зүйл байсан ч хамаагүй хийдэг. Харин хамгийн сайнаараа хичээвэл амжилт ойрхон байдаг гэж боддог. Хуульч бол нийгэмд нэр хүндтэй мэргэжил. Тиймээс мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй.
-20 жилийн дараа энэ мэргэжил байх уу?
-20 жилийн дараа нийгэмд асуудал байж л байвал хуульч гэх мэргэжил байсаар байх болно. Харин хэн хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй байна. Учир нь саяхан уншсан нэг нийтлэлд Англи улсад роботоор хууль, эрхзүйн туслалцаа үзүүлэх туршилт хийсэн байсан. Мэдээж хиймэл оюун ухаан, робот хүний гаргадаг алдааг гаргахгүй. Гэхдээ хүн төрөлхтөн хэмжээлшгүй оюун ухаантай тул энэ салбарт хүмүүс ноёлоосой гэж хүсч байна.
-Таны ажлын хэрэгсэл, юуг байнга авч явдаг вэ?
Хэвлэмэл хууль, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, наадаг цаас гэх зэргийг байнга авч явдаг.
-Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Амжилт хүсье
Баярлалаа. Амжилт хүсье

Бусад ярилцлагыг дараах холбоосоор орж уншина уу.

КАРЬЕР ХӨТӨЧ: Хуульч Ц.Амарсанаа

КАРЬЕР ХӨТӨЧ: Хуульч А.Мандуул

Сэтгэгдэл үлдээх

*