34338184_1742342029177381_1174749155470344192_n

Онцлох Байгууллага STARTUP M: Бид гарааны бизнес эрхлэгч хүнийг санаанаас нь эхлээд, амжилтанд хүрэх хүртэл нь дэмждэг, хөгжихөд нь тусалдаг …

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд нийгэмд хүртээмжтэй үйл ажиллагааг залуучуудын оролцоотой явуулдаг, сайн дурын үйл ажиллагааг дэмждэг байгууллагуудыг танилцуулах буланг шинээр нэмж байгаа билээ. Энэ удаагийн ярилцлагадаа Startup M байгууллагыг онцолж байна.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та өөрийнхөө тухай танилцуулна уу?

Сайн байна уу? Намайг Бямбасүрэнгийн Пүрэвсүрэн гэдэг. Стартап Монгол байгууллагад 2011 оноос хойш ажиллаж байна. Анх 16 настайдаа тус байгууллагад элсэж байсан.34085744_1742341999177384_2244623498859249664_n

Стартап байгууллагын тухай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?

Манай байгууллага 2011 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Гарааны бизнес эрхлэгчид болон гарааны бизнес эхлүүлж буй залуучуудыг чадваржуулдаг, идэвхжүүлдэг, хөгжүүлдэг. Монгол Улсын гарааны бизнесийн экосистем гэдэг зүйлийг зөв тал руу залахыг, хөгжүүлэхийг зорьдог. Монгол Улсдаа энэ чиглэлээр хамгийн олон жил, тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага юм. Гарааны бизнесийн экосистемээ яаж хөгжүүлдэг вэ гэвэл экосистемийн бүрдэл хэсэг тус бүр дээр ажлууд хийгддэг. Ихэнхдээ уулзалт, эвэнт, сургалт, зөвлөгөөн, хаалттай вакумжуулсан сургалтуудыг зохион байгуулж идэвхжүүлдэг. Гарааны бизнес эрхлэгч хүнийг санаанаас нь эхлээд амжилтанд хүрэх мөч хүртэл нь бид нар дэмждэг, хөгжихөд нь тусалдаг, санхүүжилтийг нь олгодог мөн зуучилж өгдөг. Стартап Монгол нь 10 ажилчинтай, бүтцийн хувьд төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ), гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирлаас доош задраад явдаг.

34338184_1742342029177381_1174749155470344192_n

Стартап гэж юу вэ?

Гарааны бизнес эрхлэгч хэн бүхнийг дэмждэг байгууллага. Бизнес загвар, шинэ бизнес санааны эрэл хайгуулд гарч нийгэмд тустай төсөл хөтөлбөрийг дэмжих, хөгжүүлэх зорилготой.

33092183_2144423575770079_5329189072915136512_n

Стартап Монгол байгууллагыг хэрхэн байгуулсан бэ? Байгуулж бий болгосон түүхийн тухайд ярьж өгнө үү?

Америкийн Нэгдсэн Улсад суралцаж байсан Д.Бат-Октябрь, З.Билэгбаатар гэх хоёр залуу үүсгэн байгуулсан. АНУ-д суралцаж байх хугацаандаа тэд өөрсдийнхөө гарааны бизнесийг эхлүүлж байсан. Тухайн үед АНУ-д гарааны бизнес гэдэг зүйл хөгжчихсөн байсан учир Монголд яагаад ийм үйл ажиллагааг зохион байгуулж залуучуудад сургалт, зөвөлгөө өгч тусалж, дэмжиж болохгүй гэж? Тэд юу хүсч байна, тэдэнд юу хэрэгтэй байна гэдэгт тулгуурлан Стартап байгууллагыг байгуулсан түүхтэй. Бид анх Startup Weekend арга хэмжээг зохион байгуулж байсан. Тухайн үед Upglobal гэдэг компаний харьяанд хэрэгждэг хөтөлбөр байсан бөгөөд бид албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан. 54 цагийн дотор бизнесээ эхлүүлдэг хүмүүсийг чадваржуулдаг, нетворкин хийлгэдэг, хүмүүсийг илүү ойр байлгадаг. Гарааны бизнесийг эхлүүлэх, сэдэлжүүлэх зорилготой арга хэмжээг бид 7 жилийн турш зохион байгуулж байна.

Зохион байгуулсан, үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн тань үр дүн нь ямар байсан бэ?

Хүрээллийн хувьд нийтдээ 40000 гаруй залуучуудад хүрч ажилласан байна. 400 гаруй Стартапууд манай хөтөлбөрөөр дамжигдан гарсан. Нийт босгосон стартапуудын хөрөнгө оруулалтын хэмжээ нийлээд 7 тэрбум гаруй болсон. Зохион байгуулсан үйл ажиллагаа маш их бөгөөд 2017 онд л гэхэд 400 гаруй үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн.

Хамгийн том төсөл хөтөлбөрүүдийнхээ тухай танилцуулаач?

Хамгийн том 3 төслийнхөө тухай ярья. Нэгдүгээрт. Монголд анх удаа залуучууд яагаад “Ногоон хөгжлийн асуудал”-ыг ухаалгаар, шинэ шинэлэг санаачлагаар, технологитой холбож шийдэж болохгүй юм бэ? гэдэг дээр тулгуурлан бүтэн нэг жилийн турш үйл ажиллагаа зохион байгуулаад 30 сая төгрөгний шагналын сантай төслийг амжилттай хэрэгжүүлж байсан. Мөн эндээс гарааны бизнесүүд төрсөн бөгөөд өмнө нь Улаанбаатар хотын хэмжээнд зохиогдсон бол дараа  жил нь  Монгол Улсын хэмжээнд Green Nation Challenge гэх төслийг амжилттай хэрэгжүүлж байсан.

Хоёрдугаарт. Сүүлийн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүждэг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-г GFA consulting group-тэй хамтран хэрэгжүүлсэн. Энэ төсөл маань хөдөө орон нутагт хэрэгждэг. Гарааны бизнесийн соёлыг Монгол Улс даяар түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Гуравдугаарт. Echelon summit технологийн компаний зохион байгуулдаг “Азийн шилдэг 100 гарааны бизнес”-ийг тодруулах арга хэмжээг бид Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр амжилттай зохион байгуулсан. Монголын шилдэг 10 технологийн гарааны бизнесийг цуглуулж, 100 гаруй хүмүүс оролцсон. Эндээс 3 технологийн гарааны бизнес маань Монгол Улсаа төлөөлөн Сингапур улсыг зорьж “Азийн шилдэг 100 гарааны бизнес”-ийг тодруулах шалгаруулалтанд оролцож, Монголын 5 гарааны бизнес “Азийн шилдэг 100 гарааны бизнес”-т шалгарсан. Энэ амжилт маань бидний зорилгын нэгэн хэсгийг биелүүлсэн.

Танай байгууллага нийгэмд хэрхэн танигдсан бэ?

Сайн сайхнаараа танигдсан байх гэж бодож байна. Багийнхан маань хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ажилдаа дуртай байдаг. Манай байгууллагын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол “Баг”. Баг хамт олноороо сайн сайхан зүйл хийж, бүтээж байгаа учир энэ чанараараа нийгэмд танигдсан гэж бодож байна.

Сайн дурын ажилтныг ямар шалгуураар авдаг вэ?

Хувь хүний хандлагыг харж авдаг. Хандлага гэдэг зүйлийг өөрчлөх хэцүү тул чин хүсэл эрмэлзэлтэй, хийж бүтээхийг хүсдэг хандлагатай залуучуудыг багтаа элсүүлдэг. Тэр дундаа “Өсөх хандлага”-ыг хардаг. Хичнээн сайн илтгэгч, удирдагч байгаад буруу хандлагатай бол ямар ч нэмэргүй шүү дээ.

Сайн дурын ажилтныг хэрхэн дэмждэг вэ? Тэдэнд олгох боломжийн тухайд?

Би анх сайн дурын ажилтан байсан. Нэг газар руу явж байх замдаа энэ байгууллагаар ортол үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан. Тухайн үед болж байсан арга хэмжээ таалагдаад, дахин ирж сайн дурын ажил хийж эхэлсэн. Тэр үеэс хойш тасралтгүй ажиллаад одоо үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд ажиллаж байна.  Манай ихэнх ажилчид анх Стартап Монголын сайн дурын ажилтнууд байсан. Манайх сайн дурын ажилчдад зориулсан “Хангарьд” гэдэг клубтэй. Бид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үед клубд байсан гишүүд маань бидэнтэй хамтран бидэнд тусалж үйл ажиллагаа зохион байгуулдаг. Удахгүй клубээ идэвхжүүлж шинээр сайн дурын ажилтнуудыг элсүүлнэ. Үндсэн 10 ажилчин тус бүр 1 сайн дурын ажилтантай болж, тэднийг хөгжүүлэх, чадваржуулах зорилттой ажиллахаар төлөвлөж байна. 6-р сарын 8-10ны хооронд 150 хүн оролцох боломжтой үйл ажиллагаа зохион байгуулна. Startup Weekend|Metropolis Edition Энэ арга хэмжээнээс сайн дурын ажилчид авна гэж бодож байна. Тухайн арга хэмжээний тухай мэдээллийг манай фэйсбүүк хуудсаар дамжуулан аваарай. Startup M

34180334_909171589255052_8107748333189070848_n

Тулгамдсан асуудал, тулгарч байсан саад, бэрхшээлийг хэрхэн даван туулж байсан бэ?

Сайн багийг бүрдүүлж чадсан учир багийн хамтын ажиллагааны хүчинд аливаа асуудлыг шийдэж, саад бэрхшээлийг даван туулдаг.

Танай байгууллагын онцлог юу вэ?

Бид цагаар ажилладаггүй. Бид нэг оффист суудаггүй. Үндсэн оффис маань Workcentral. Өдөр бүр нэг ширээ, нэг сандал дээр суудаггүй гэсэн үг. Хэн ч хэзээ ч ирж болно. Хэн ч хаанаас ч ажлаа хийж болно. Гэхдээ ийм байлаа гээд бидний ажил хэзээ ч унадаггүй. Бидний хувьд амралтын өдөр гэж үгүй.

34188177_909171645921713_4257314936918638592_n

 

Сайн дурын ажилтнууд яагаад танай байгууллагыг сонгох хэрэгтэй вэ?

Соёл талаас нь харах. Манайх бусад байгууллагуудаас арай өөр соёлтой. Дээр дурдсанчлан цагаар ажилладаггүй, дарга цэрэг гээд байдаггүй бид илүү гэр бүлийн уур амьсгалтайгаар хамтарч ажилладаг, ажиллах арга барилын соёл маань хувь хүний бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэдэг. Бүтээмжтэй байх үедээ би ажиллах ёстой, би улам бүтээмжээ нэмэгдүүлэх ёстой гэдэг талыг баримталдаг. Төрийн бус байгууллагад байдаг соёл, зарчмаас арай өөр ажлын арга барилыг мэдэрмээр байвал манай байгууллагыг сонгох хэрэгтэй гэж бодож байна.

34158145_909171629255048_6775985756176384000_n

 

Ирээдүйн төлөвлөгөө, хийхээр төлөвлөж буй ажлаа сонирхуулаач?

Бид шинэ түвшинд гарч ирсэн. Байгууллагын лого өөрчлөгдөж, нэрээ Стартап М болгон өөрчилсөн. M болгосон гэдэг нь бид нар цоо шинэ бараа бүтээгдэхүүнтэй, гарааны бизнес шиг аж ахуйн нэгж бий болгосон юм. 7 жилийн хугацаанд төрийн бус байгууллагаар үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд одоо компани болсон. Гэхдээ цаашдаа төрийн бус байгууллага маань хэвийн үйл ажиллагаагаа явуулах болно. Мөн бид олон улсад гарах Startup M гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Энэ байгууллага нь дотроо цоо шинэ 3 бүтээгдэхүүнтэй. Нэгт олон жилийн судалгаа шинжилгээ, туршлага дээр үндэслэн Startup Academy-н сургалт юм. Хоёрт Startup Base үүсгэж байгаа. Энэ нь Монголын гарааны бизнесийн эко системийн цогц флатформ юм. Гуравт төрийн бус байгууллага. Үүнд манай байгууллагын бүх хөтөлбөр явагддаг. Үүнээс харах юм бол манай байгууллагын зорилгуудыг хүмүүс харж, ойлгох байх гэж бодож байна. Бид цоо шинэ зорилтыг тавьсан, энэ жилээс хэрэгжүүлж эхэлнэ.

Сонирхолтой мэдээллийг хүргэж, бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд амжилт хүсье!

Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

*