unnamed (4)

Г.Жавзансүрэн: Сайн дурын залуус маань 7 хоногийн дотор эмнэлэгийн ханан дээр зураг зурж дуусгасан

iVolunteer санаачилгаар дамжуулж сайн дурын ажил хийсэн, сайн дурын ажилтантай болсон байгууллагууд цөөнгүй бий. Бид энэ удаад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Шэжиддүг” өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Г.Жавзансүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Танай өрхийн эмнэлэг хэзээ iVolunteer санаачилгад нэгдэж, сайн дурын ажилтнууд ажиллуулж эхэлсэн бэ?

-Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгүүд 200 гаруй сайн дурын идэвхтэн ажиллуулдаг. Өмнө нь iVolunteer санаачилгын талаар хүмүүсээс зөндөө сонсож байсан. Харин өнгөрсөн нэгдүгээр сард манай эмнэлэг шинэ байрандаа орох дөхөж,  хүүхдүүдэд зориулсан өрөөг тохижуулах хэрэгтэй болсон.  Ингээд зураг зурах сайн дурын ажилтан хэрэгтэй болсон учраас iVolunteer-ийн залууст хандсан юм. Санаачилгын залуус маань хоёрхон хоногийн дотор сайн дураараа ажиллах 10 хүн олж өгсөн шүү.

-Сайн дураараа ажилласан залуус ямар хэмжээтэй зургийг  хэдий  хугацаанд зурж дуусгасан бэ?

-Сайн дурынхан  маань 4 өрөө, хүлээлгийн танхим болон өлгүүрийн үүдний хэсгийг 7 хоногийн хугацаанд зурж дуусгасан. Бид ийм хурдан хугацаанд сайн дураараа ажиллах залуус олж, ажлаа ч гэсэн ийм богино хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж бодоогүй байсан. Манай өрхийн эмнэлэг төсвийн байгууллага гэдэг боловч статусынхаа хувьд төрийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэгч хувийн хэвшлийн байгууллага. Төсвөөс ирдэг санхүүжилт хязгаарлагдмал учраас зарим ажил, үйлчилгээг явуулахад санхүүгийн хүндрэл үүсдэг.

Бид iVolunteer-т хандахаас өмнө зураг зурдаг хүн хайж үзэхэд хамгийн багадаа метр кв-ийг нь 200,000 төгрөгөөр зурдаг гэж байсан. Манай эмнэлгийнхэн сэтгэл гаргаж ажилласан залууст маш их талархаж байгаагаа энэ дашрамд уламжилмаар байна.

-Сайн дурын ажил хийсэн идэвхтнүүдийн оролцоог үнэлсэн гэрчилгээ эсвэл тодорхойлолт олгодог уу?

-Бид нийгмийн сайн сайхны төлөө өөрийн цаг завыг зориулж ажилласан хүмүүстээ сайн дурын ажил хийсэн гэдэг тодорхойлолт гаргаж өгдөг. Харин хүүхдийн өрөөг тохижуулахад тусалсан сайн дурынханд гэрчилгээг нь эмнэлгийнхээ шинэ барилгын нээлтийн үеэр гардуулна.

-Одоогоор танай байгууллагад ямар сайн дурын ажлууд байгаа вэ, мөн  ямар ур чадвартай хүмүүсийг сонирхож байгаа вэ?

-Манай сайн дурын идэвхтнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, жирэмсэн эх, орчны эрүүл мэнд, хүүхдийн нэмэгдэл хоол гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс хүүхэд рүү илүү түлхүү чиглэн ажилладаг.Тухайлбал, нэмэгдэл хоолны сургалт явуулж байгаа хүмүүс жингийн алдагдалтай буюу байх ёстой хэмжээнээсээ бага жинтэй хүүхдүүдийн гэрт очиж, байгаа хүнсний зүйлээр нь ямар хоол хийж өгвөл эрүүл жиндээ хүрэх  вэ гэдгийг гэрийнхэнд нь зааж 12 өдрийн хоол хийж өгдөг. Үүний дараа хүүхдэд гарсан өөрчлөлтийг хэмжиж, зөвлөгөө өгч цаашид чадваржуулаад явдаг.

-Танай зүгээс сайн дурын ажилтнуудаас ямар ур чадваруудыг шаардаж байна вэ?

-Юун түрүүнд долоо хоногт 10 хүртэлх цагийг зарцуулах боломжтой байх хэрэгтэй. Мөн сайн дурын үйл ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзэлтэй, үйл ажиллагаанд тасралтгүй оролцох боломжтой хүн байх гэсэн үндсэн шалгуур тавьж байгаа.  Одоогоор дээр дурдсан 4 чиглэлийн сайн дурын ажилтнаас гадна эмнэлгийн үйл ажиллагаанд туслах буюу үйлчлүүлэгчдийг чиглүүлж өгөх, өвчтэй хүмүүсийн хэсэгт  гаднаас гадуур хувцастай орж ирж буй хүмүүст шаардлага тавих гэх мэт ажилд туслалцаа хэрэгтэй байгаа юм.

-Танай эмнэлэгт сайн дурын ажил хийхийн тулд хаанаас мэдээлэл авч очих вэ?

-Чингэлтэй дүүрэг дээр жилд нэг удаа зохион байгуулагддаг  “Эрүүл мэндийн сайн санааны туслагч” хөтөлбөрийн хүрээнд 5 хоногийн сургалтаар сайн дурын ажилтнуудаа бэлддэг. Энэ жилийн сургалт ирэх долоо хоногоос /3 сарын 27-ноос/ эхэлнэ. Нийт 15 хүн хамрагдахаар болсон. Харин өрхийн эмнэлгүүдийн хувьд тавьсан зарлалын дагуу ирсэн хүмүүсийг бүртгэж шалгаруулаад сургалтад хамруулдаг. Ингээд сургалтын дараа ирсэн хүмүүсийг үйл ажиллагаанд оролцуулж чадавхжуулдаг. Албан ёсны сайн санааны туслагч нарын хувьд жилийн эхэнд явагддаг  сургалтанд хамрагдсанаар албан ёсны үнэмлэх гардуулж өгдөг. Түүнчлэн нэмэлт сайн дурын ажилтан шаардлагатай болсон үед iVolunteer санаачилгад хандаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа,  танд ажлын  амжилт хүсье!

Ярилцсан: Н.Марал-Эрдэнэ

Зургийг:Т.Баттөр

iVolunteer Санаачилгын гишүүн.