Z4 (1)

Залуучуудын хөгжлийг дэмжих хууль бидэнд ямар БОЛОМЖ олгож байна вэ?

I Volunteer, Do you? өдөрлөгийн хүрээнд  залуучууддаа зориулж 2018 оны 1-р сарын 1 ээс хэрэгжих залуучуудын хөгжлийг дэмжсэн шинэхэн хуулийн төслийн танилцуулгыг  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул танилцуулсан билээ.

Энэхүү хуулийн төсөлд залуучуудыг үндсэн 5 чиглэлээр дэмжихээр тусгасан бөгөөд сайн дурын ажлын талаар хуулийн заалт оруулж өгсөн нь сайн дурын ажилд идэвхтэй оролцогч залуучууд бидэнд сайшаалтай зүйл болсон байна. Ингээд  та бүхэндээ ээлжит илтгэлийн хураангуйг хүргэе. 

Z3 (1)

2016 онд Монгол улсын засгийн газрын шийдвэрээр “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ыг 21 аймаг болон 9 дүүрэгт байгуулсан нь Монгол Улсын хувьд  залуучуудын хөгжилд  үүрэг хариуцлагаа хүлээсэн томоохон алхам болсон. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Залуучуудын хөгжлийг дэмжих хууль”-ийн төслийг дахин засварлаж  УИХ-д өргөн барьсан ба 2017.05.18нд батлагдсанаар Монгол Улс албан ёсоор хүүхэд залуучууд руу чиглэсэн хуультай болсон.

Жил бүр улс орнуудыг залуусынх нь өрсөлдөх чадвараар  жагсаадаг бөгөөд 2016 онд  Монгол Улс 183 улсаас 71-д бичигдсэн. Энэ нь манай залуусын хувьд чамлалттай үзүүлэлт юм.

“Залуучуудын хөгжлийг дэмжих хууль” нь 7 бүлэг 24 зүйлтэй бөгөөд 14-25 настай залуучууд руу чиглэсэн. Уг хуулийн хүрээнд залуучуудыг дэмжих үндсэн  5 чиглэл тусгагдсан бөгөөд үүнд: хувь хүний хөгжил, боловсрол соёл, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах орчин тусгагджээ. Эдгээрээс цөөн үгээр дурдвал:

Хувь хүний хөгжил: Монгол ахуй, соёл уламжлалтай холбоотой аливаа үйл ажиллагаа болон залуучуудын судалгаа шинжилгээ, уран бүтээлийг дэмжих тухай

Эрүүл мэнд: Оюутан залуучууд харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр эрүүл мэндийн төвд үйлчлүүлэх боломжтой болсон. Мөн нөхөн үржихүйн талаарх мэдлэг мэдээллийг залуучуудад төрийн байгууллагуудтай хамтарч явуулах

Хөдөлмөр эрхлэлт: Залуучуудын стартапыг дэмжих, шинэ боловсон хүчнийг ажилд авсан ажил олгогчийг дэмжиж урамшуулах

Аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх: Залуучуудад орлоготой нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдаж авах гэх мэт

Z6

Мөн хуулийн 15-р зүйлд сайн дурын ажлын оролцоог дэмжих талаар тусгасан. Тухайлбал, аймаг дүүрэг бүрт “Залуучуудын хөгжлийг төв”-ийг байгуулах бөгөөд энэхүү байгууллага нь тухайн орон нутгийн залуучуудын сайн дурын оролцоо болон ажлыг дэмжсэн төрөл бүрийн үйл ажиллагааг явуулах үндсэн зорилготой гэжээ. Мөн  сайн дурын ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бүртгэлжүүлэх буюу залуус оюутан байхдаа мэргэжлийнхээ дагуу сайн дурын ажил эрхэлсэн тохиолдолд үүнийг бүртгэлжүүлж цаашид ажлын туршлагатай дүйцүүлэн тооцож болох тухай тусгасан байна. “Залуучуудын хөгжлийг дэмжих хууль” нь 2018 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх бөгөөд  бидний хувьд одоогоор 5 дүрэм, 9 журам, 1 үндэсний хөтөлбөрийг боловсруулах үүрэгтэйгээр ажиллаж  байна.  

Төгсгөлд нь “Залуучуудын хөгжлийг дэмжих хууль”  нь халамжийн хууль бишээ! Залуучууд Сэтгэ! Бод! Ажил! Зүтгэ!  тэгвэл та бүхнийг дэмжье гэсэн санаа юм.

iVolunteer Санаачилгын гишүүн.

Сэтгэгдэл үлдээх

*