1ogcm81e4rc07hmidkf9poqepq (1)

ЗӨВЛӨГӨӨ: Үүргэвчтэй аялал хийхийг хүсдэг залууст зориулав

“…БНХАУ-ын төв хэсэгт орших Шэньси мужийн Си’ань хотод 5 хоноод үзнэ харна гэсэн жагсаалтуудаа ерөнхийд нь гүйцээгээд үүргэвчээ баглах цаг боллоо. Маргааш өглөө нь нөгөө хоёрынхоо бичиж өгсөн мэдээлэлтэй цаасыг барин галт тэрэгний буудал ороод тасалбар бичдэг хүнд нь өгтөл ямар ч байсан суудал байгаа бололтой толгойгоо сэгсэрсэнгүй, пасспорт авчихлаа. Тэгснээ пасспортын хуудас бүрийг эргүүлж тойруулаад өмнөх виз, тамгануудыг мөн сайн харж байнаа. Хэд хэд эргүүлж ажигласнаа цаашаа өөр нэгэндээ үзүүлэн ямар нэгэн зүйлийг л хайгаад байгаа мэт харагдана. “Юуг нь тэгтлээ нягтлаад байгаа юм бол!” гэж бодон, ард олон хүн дугаарлачихсан болохоор их удахаас жаахан тавгүйрхэж байсан ч шилэн цонхны наана байгаа би зөвхөн ажиглагчийн үүрэгтэй зогсож байв. Ийнхүү 10 гаруй минут болсны эцэст 2 тасалбар, мөнгөний хариултаа атган олны дундуур зүтгэсээр жаахан зайд гарч ирээд хартал “Зорчигчийн нэр” гэсэн хэсэгт “ULAANBAATAR” гээд биччихсэнийг харангуутаа өөрийн эрхгүй тусхийтэл инээд алдчихсан. Тийнхүү удаад байсны гол учир нь миний нэрийг л хайгаад байжээ, хөөрхий…”

1555353_10205496668388496_5603963860343204444_n

Энэ бол Зүүн Өмнөд Азийн 10 гаруй орноор ганцаарчилсан, үүргэвчтэй аялал хийж, аяллын тэмдэглэлээрээ ном гаргасан аялагч Д.Чимэдцэрэнд тохиолдсон адал явдал, хөгжилтэй түүхийн нэг!

Хичээл амарч, зуны амралт тохиосон эдгээр өдрүүдэд оюутан, залуус маань юу хийх, хаашаа явах талаар бодож байгаа биз ээ. Ivolunteer Mongolia санаачилгын залуус зуныг хэрхэн зугаатай, үр дүнтэй, адал явдалтай өнгөрөөх талаар та бүхэндээ цуврал зөвлөгөө бэлтгэн хүргэж буй. Энэ удаа бид үүргэвчтэй аялагч Д.Чимэдцэрэнтэй цөөн хором ярилцлаа.

Тэрээр 2014 оны намраас хойш үүргэвчтэй аялал хийж байгаа бөгөөд саяхан АНУ-ын 22 мужаар аялаад иржээ. Номонд шимтэгч залуус маань түүнийг “Аялахад баян байх хэрэгтэй юу” номоор нь эчнээ таних болсон биз ээ.

Аялахыг хүсдэг ч санхүүгийн боломж, айдас, туршлагагүй байдлаасаа болж дараа гэж хойшлуулдаг бол энэ нийтлэл танд зориулагджээ гэж ойлгож болно.

Д.Чимэдцэрэнтэй өмнө нь уулзаж ярилцлага авч, танилууд болсон учир бидний энэ удаагийн уулзалт АНУ-д хийсэн аяллын сонин сайхнаас ярилцаж эхэллээ. Тэрээр “Сая гурван сарын турш Америкийн 22 мужаар аялаад ирлээ. Миний хувьд найзууд, таньдаг хүмүүстэй газрыг дагаж явсан учраас хамгийн боломжит бага зардлаар аялаад ирсэн шүү. Нийтдээ 2000 гаруй доллар зарцуулсан байсан. Үүнээс 200 долларыг нь хонох газарт, үлдсэн ихэнх мөнгөө замын зардал, унаа тээвэрт зарцуулсан. Өмнө нь аялаж байсан Зүүн Өмнөд Азийн орнуудтай харьцуулахад өртөг өндөртэй учраас сар гаруй ажиллаж 1500 доллар цуглуулсан. Мөн аяллын явцад таньж мэддэг 30 гаруй айлд хоносон байна лээ” гэсэн юм. Д.Чимэдцэрэнгийн ирэх намраас эхлэх шинэ аяллын маршрут нь Өмнөд Азийн орнууд. Тэр дундаа Энэтхэг, Балба улс аж.

Ингээд үүргэвчтэй аялалтай холбоотой түүнийг зөвлөгөөг хүргэж байна.

Аялах улсаа хэрхэн сонгох вэ?

1ogcm81e4rc07hmidkf9poqepq (1)

Сүүлийн үед монгол залуус Азийн орнууд тэр дундаа Хятад, Тайланд, Малайз, Камбож, Лаос, Сингапур зэрэг маршрутыг сонгож аялах нь нэмэгджээ. Д.Чимэдцэрэнгийн хувьд залууст тодорхой нэг чиглэл санал болгоогүй ч өөрийн аяласан орнуудын туршлагаасаа дараах зүйлсийг хуваалцсан юм.

“Миний хувьд аяллаа эхлэхдээ, буцаж ирэхдээ Хятадаар дайрсан. Есдүгээр сарын эхээр Монголоос гараад аравдугаар сар гартал Хятадын төв болон урд хэсгээр сар гаруйн хугацаанд аяласан. Цаг агаарын хувьд ч тун тохиромжтой байсан. Зуны улиралд урд хэсгээрээ халуун, борооны улирал эхэлчихсэн байдаг учраас аялахад жаахан тохиромжгүй гэж хэлмээр байна. Ер нь есдүгээр сараас хойш л зүгээр. Үүнээс гадна том том баяруудыг алгасаж явахгүй бол тэр үеэр унаа, тээврийн асуудал үнэхээр хүнд байдаг. Зорчих тасалбар ч олдохгүй шүү.  

Урд хөршид бидний аялах хугацаа маань багадана уу гэхээс биш үзэж харах зүйл маш олон. Хүмүүсийнх нь ажилсаг, бүтээн байгуулалтынх нь гайхамшгийг биширсээр байгаад ирсэн. Гүүглээс юу ч хайсан англи, хятадаар гараад ирдэг, бүрэн мэдээлэлжсэн учраас ганцаараа аялахад нэг их хэцүү зүйл байхгүй. Азийн орнуудад үүргэвчтэй аялагчид хаа сайгүй явдаг болсон учраас тэдэнд зориулаад төрөл бүрийн үйлчилгээ бий болгочихсон байдаг. Хэрвээ бид Монголоороо алзахгүй яваад байгаа бол гадны орнуудад ч гэсэн ажрахгүй л явчихна.

Ялгаж хэлэхэд хэцүү ч аяласан орнуудаас хамгийн их таалагдсан нь Мьянмар улс. Гадаад орнууд руу нээлттэй болоод 10-аад жил болж байгаа болохоор бирм хүмүүс их сайхан сэтгэлтэй юм шиг санагдсан” гэлээ.

Аян замд гарахдаа юу авч явбал зүгээр вэ, ачаагаа хэрхэн бэлдэх вэ?

60m08gn6d78a98de9chmvg75o0

7-14 хоногийн богино аялал хийхээр боллоо гэж бодоход хамгийн гол нь ачаа багатай яваарай гэж тэрээр зөвлөсөн юм. Д.Чимэдцэрэн анх аялалд гарахдаа юу юу авч явсныг дор сийрүүлбэл:

Футболк 4, даавуун цамц, спорт гутал, шаахай, өмд, банзал, малгай, нөмрөх даавуу, аяны дэр, борооны хамгаалалттай нимгэн хүрэм, нүүр гарын алчуур, аяга халбага тус бүр 1, борц 2 кг, ааруул гэх мэт хүнс. Мөн шампунь, оо сойзноос эхлүүлээд бага зэргийн ахуйн хэрэглээний зүйлс, 2 ном, дэвтэр, бал, нөүтбүүк, цэнэглэгч, чихэвч, түрийвч, 1.5 л устай сав багтжээ. Ингээд түүний ачаа бараг 15 кг болсон гэнэ. Мэдээж 7 сар аяласан хүн хэрэгцээт зүйл олон байх нь дамжиггүй. Харин богино хугацааны аялал хийх гэж буй залуус үүнээс ч цомхоноор ачаагаа бүрдүүлж болох юм.

Санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулах вэ?

14716281_10208879489076899_3774510802862448965_n

Замд гарахад хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол мөнгө. Зүүн Өмнөд Азийн орнуудаар аялалд гарахаас гурван сарын өмнө ямар ч мөнгө байгаагүй хэмээн аялагч бүсгүй ярьсан юм. Харин зун нь гадаад жуулчид, судлаачдад хөтөч хийж аяллынхаа эхний зардлыг олж байсан ба анх дансандаа 2300 доллартай замд гарч байжээ. Шуудхан үүргэвчээ үүрээд гаръя гэвэл биднээс хэд нь аяллын зардалдаа санаа зовохгүй бол? Мэдээж цөөн л хүн байх болов уу. Гэхдээ хүн хүсч, тэмүүлж, түүндээ хүрэхийн тулд үйлдэл хийж чадвал хэзээ нэг өдөр боломж гарч ирдэг гэдгийг Д.Чимэдцэрэнгийн туршлага харуулж байна.

Ганцаараа аялахын давуу тал нь юу вэ?

76

“Гадагшаа явах тусам хүн дотогшоо, өөр рүүгээ илүү их өнгийдөг, өөрт байгаа зүйлээ үнэлж чаддаг юм билээ. Ганцаараа аялахад би хэн юм бэ, яах гэж амьдарч байгаа билээ гэх мэт зүйлсийг өөрөөсөө олон удаа асууж, эргэцүүлдэг. Мөн би дуртай зүйлээ хийгээд явж байсан болохоор аяллын үед бэрхшээл тулгарахад хэнд ч гомдоллож байгаагүй. Яах гэж замд гарав аа гэж бүр ч бодож байгаагүй шүү. Өөрийгөө олчихсон, дуртай юмаа хийгээд явж байгаа, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь л амьдралын утга учир гэж боддог” хэмээн залууст захисан шүү.

Түүний блогоор зочлох бол ЭНД дарна уу.

iVolunteer Санаачилгын гишүүн.

Сэтгэгдэл үлдээх

*