%d0%b7%d3%a9%d0%b2%d1%85%d3%a9%d0%bd-%d0%be%d1%8e%d1%83%d1%82%d0%bd%d1%83%d1%83%d0%b4%d0%b0%d0%b4-%d0%be%d0%bb%d0%b4%d0%b4%d0%be%d0%b3-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%bc%d0%b6-%d0%b1%d1%83%d1%8e%d1%83-22

Зөвхөн оюутнуудад олддог БОЛОМЖ буюу 22 нас хүрэхээс өмнө хийх 6 зүйл

Ажлын талбарт гараад удаагүй байгаа залууст нэг хэсэгтээ ажилдаа төвлөрөх, чадвараа ахиулах шаардлага зайлшгүй тулгардаг. Заримдаа “Их сургуульд суралцсан чадвар маань ямар хангалтгүй юм бэ?” гэж өөрийгөө чамлах үе тохиолдоно. “Энэ чадварыг эртхэн эзэмших минь яав даа” гэж харамсах үе ч гарч мэднэ.

Тэгвэл энэ нийтлэлийг уншиж байгаа оюутан залуус төгсөхөөсөө өмнө дараах боломжуудыг эдлээд аваарай. Мэдээж сурахад хэзээ ч оройтдоггүй учир ажиллаж байгаа залуус ч хэрэгжүүлэхэд гэмгүй.

Өөрийгөө бүү чамла, байнга шинэ зүйл туршиж үз

popshop-1200x675

“Би чинь эцэг эхээсээ санхүүгийн дэмжлэг авдаг, тогтсон ажилгүй оюутан шүү дээ” гэсэн хэвшмэл үзлээс яг одоо сал. Хүсвэл санхүүгийн хэрэгцээгээ өөрөө хангах боломж ч нээлттэй байдаг. Гэхдээ оюутан насаа мөнгө олоход биш суралцахад, өөрийгөө хөгжүүлэхэд, бие даан амьдрахад, туршлага хуримтуулахад зарцуул. Хамгийн чухал нь БҮР ХАМГИЙН ЧУХАЛ нь өөртөө чадвар ”суулгах”, ямар нэгэн чадвар олж авахын төлөө өөрийгөө дайчилж сурах явдал юм. Ганцхан жишээ дурьдахад, Америкийн их дээд сургуульд элсэж ороход маш олон шаардлага тавьдаг. Академик шалгуураас гадна хоёр чухал шалгуур бий. Энэ бол санаачилгатай, зорилготой байдал юм. Үүнийг ямар ч мундаг сургууль, ямар ч мундаг багш олгож чадахгүй. Үүнийг та өөрөө олох ёстой. Олох олохдоо оюутан насандаа л өөртөө бий болгох нь чухал.

Туршлага хуримтлуул

tiffany2

Суралцаж байгаа салбар болон бусад хэрэгтэй чадваруудаа одоо л эзэмш. Хамгийн гоё нь чамд ажил дээр гарах хүртэл хангалттай цаг хугацаа байна. Бас хэрэгтэй чадваруудыг эзэмшчихвэл ажилд ороход том давуу тал болдог. Тухайлбал, мэргэжлийнхээ чиглэлээр блог хөтлөх, нийтлэл, материал бичиж, сайн дурын ажил хийж болно. Нэгэн зүйлийг онцлон хэлэхэд, дэлхий ертөнц өөрчлөгдөн хувьсаж, технологи шинэчлэгдэхийн хэрээр нэг хүнээс маш олон чадвар шаарддаг болсон. Өөрөөр хэлбэл ганцхан мэргэжилдээ сайн байх нь хангалтгүй юм. Жишээ нь, сэтгүүлч мэргэжилтэй байлаа гэхэд мэдээ бичдэг, сурвалжилдаг биш шаардлагатай тохиолдолд зураг дардаг, зураглаач хийдэг, мэдээгээ редакторладаг, олон нийтийн сүлжээ ашиглан түгээж чаддаг байх гэх мэт маш олон чадваруудыг шаарддаг.

Гадаад орчинд өөрийгөө сорь

Group Of Diverse International Students Celebrating Graduation

Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж дөнгөж төгсөж гарсан шинэхэн ажилчдад биш оюутнуудад илүү их бий. Магистр, докторын зэрэг хамгаалах гэж буй хүмүүст ажилласан жилээс эхлээд маш олон шаардлага тавьдаг. Харин баклаврын зэрэг хамгаалах гэж буй оюутнуудад тавих шаардлага, хэлний мэдлэг харьцангуй боломжийн байдаг.

Хэлний мэдлэгээ сайжруул

boy-say-do-you-speak-english

Бидэнд ирж буй боломжуудыг хязгаарлахад хүргэдэг цөөн хэдэн шалтгааны нэг бол хэлний бэрхшээл. Оюутнууд дундаа манлайлагч, нийгмийн идэвхтэй, сурлага сайтай байсан ч, ажилчид дотроо хамгийн санаачилгатай нь, шинийг эрэлхийлэгч байлаа ч хэлний мэдлэг дутуу бол та нэг алхам хойшлохоос өөр аргагүйд хүрнэ. Өөрийгөө хөгжүүлэх маш олон боломж гадаад хэл дээр суурилдаг учраас яг одооноос хэлний мэдлэгээ сайжруулахад анхаар. Зүгээр нэг судлах биш академик түвшний оноотой /IELTS, TOEFL/ болохын тулд зорилго тавьж, эрчимтэй хичээллээрэй. Бие даан хэл судлахад таны хичээл зүтгэл, хөдөлмөр л хэрэгтэй.

Төлөвлөгөө гарга

pretty young student drawing a success planning flow chart

Ихэнх оюутнууд 4 жил сурч төгсөхөд л гол анхаарлаа хандуулдаг. Миний нэг найз ч гэсэн бусад оюутнуудын адил шамдан суралцаж сургуулиа 3.9 голч оноотой төгссөн ч бүтэн хоёр жилийн дараа л мэргэжлийн ажлаа хийх боломж гарсан юм. Тиймээс төгсөж гараад ажиллах уу, дахин суралцах уу, ажиллах бол хаана, суралцах бол гадаадад уу Монголд уу, хувийн зардлаар уу, тэтгэлгээр үү гэх мэт нарийн зүйлсийг яг одооноос л төлөвлө.

Завгүй амьдар

Магадгүй чи ах эгч нарынхаа амнаас “Оюутан нас бол хамгийн сайхан үе” гэдэг үгийг сонсож л байсан байх. Тэр сайхан зүйлсийн нэг бол өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл туршиж үзэх цаг хангалттай цаг хугацаа юм. Ажлын 8 цагт баригдан ажилладаг хүмүүсийн хувьд цаг гаргана гэдэг зарим талаар бэрхшээлтэй. Харин оюутнуудын хувьд өдөрт 3-4 пар хичээллээд үлдсэн цагт нь хүссэнээ хийж болно. Чи л өөрөө авхаалжтай, сэргэлэн байж чадвал хичээлээ орхигдуулахгүйгээр олон зүйлийг амжуулах боломжтой. Тиймээс хичээл, бие даалт гэх мэт цөөхөн хэдэн зүйлээр өөрийгөө бүү хязгаарла. Амжуулах ажил олон байх тусмаа цагийн менежмент, төлөвлөгөө сайтай болж, овоорсон их ажлыг ч түүртэлгүй хийгээд сурчихна.

Б.Саруул

 

 

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.