IMG_6341-2

КАРЬЕР ХӨТӨЧ: Сэтгүүл зүйн ангийн оюутан С.Долгорсүрэн

IVO санаачилга оюутан, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, олон төрлийн сонирхолтой мэргэжлүүдийн халуун “гал тогоо”, бодит байдлыг танилцуулах зорилготой “Карьер Хөтөч” хэмээх цуврал ярилцлагын буланг эрхлэн гаргаж байгаа билээ. Тухайн нэг мэргэжлээр суралцаж буй оюутан, ажил дээр гараад удаагүй залуу мэргэжилтэн, салбартаа манлайлж буй туршлагатай эксперт гэсэн карьерийн хувьд гурван өөр түвшинд яваа хүмүүс та бүхэнтэй өөрийн мэргэжлийн онцлогийг хуваалцах юм.

“Карьер Хөтөч” булан энэ удаагийн дугаартаа СЭТГҮҮЛЧ мэргэжлийг онцолж байна.

Эхний зочноор МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн дөрөвдүгээр курсын оюутан, Боловсрол суваг телевизийн “NOUS Tech” нэвтрүүлгийн хөтлөгч, “Алтан Үзэг” 2017 улсын уралдааны Гран При шагналын эзэн “Гэрэл” багийн гишүүн С.Долгорсүрэн уригдлаа.

Сэтгүүлч мэргэжлийн гол мөн чанар нь аливаа үйл явдалд дүгнэлт хийж, баримтад тулгуурлан үнэнийг мэдээлэх гэж боддог

-Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та өөрийгөө болон мэргэжлийнхээ талаар уншигчдад товч танилцуулаач?

-Намайг С.Долгорсүрэн гэдэг. МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн 4-р курсэд сурдаг.  Сэтгүүлч мэргэжил тал бүрийн мэдлэгтэй байхыг шаардахын зэрэгцээ салбараараа мэргэшин хөрвөх боломжтой, сонирхолтой мэргэжил гэж боддог.

-Яагаад энэ мэргэжлийг сонгохоор шийдсэн бэ?

-Бага байхаасаа л телевизээр гарч буй ах эгч нарыг харж, тэдэн шиг болохыг мөрөөдөж ирсэн. Эдүгээг хүртэл амьдралдаа гаргаж байсан томоохон шийдвэрүүд ихэвчлэн сэтгүүлч мэргэжилтэй холбоотой байдаг. Ер нь багаасаа мэргэжлээ сонгоод түүнийхээ төлөө суралцаж, өөрийгөө хөгжүүлэх нь цаашид их хэрэг болдог юм шиг санагддаг.

-Мэргэжлийнхээ талаарх анхны төсөөлөл болон одоогийн ойлголт хоёрын хооронд ямар ялгаа байгаа вэ? Анхны ойлголт чинь өөрчлөгдсөн үү?

-Гоё асуулт байна. Ихэнх хүмүүс сэтгүүлч мэргэжлийг зурагтаар гардаг хүмүүсээр төсөөлдөг. Би ч бас энэ мэргэжлээр суралцахаас өмнө адилхан бодолтой байсан. Гэтэл зурагтаар гарна гэдэг бол сэтгүүлч хүний хувьд зөвхөн өнгөц харагдах нэг хэсэг нь гэж хэлж болно. Гол мөн чанар нь аливаа үйл явдалд дүгнэлт хийж, баримтад тулгуурлан үнэнийг мэдээлэх, шаардлагатай асуултдаа оновчтой хариулт авч чаддаг байх, харилцааны соёлтой, тал бүрийн мэдлэгтэй байх шаардлагатай гэх мэт зүйлсийг их сургуульд орсноосоо хойш ойлгосон. Сэтгүүлч мэргэжлийн тухай миний төсөөлөл өөрчлөгдсөн гэхээсээ илүү сэтгүүлч хүний өдөр тутам хийдэг ажлын үйл явц ямар өргөн хүрээнд багтдаг гэдгийг ухаарсан гэж хэлж болно.

-Чиний бодлоор энэ салбарт сайн мэргэжилтэн болохын тулд ямар ямар ур чадвар эзэмшсэн байх нь хамгийн чухал вэ?

-Өмнө хэлсэнчлэн сэтгүүлч мэргэжил өргөн хүрээний ур чадвар, мэдлэг  шаарддаг. Тэр дундаа хүнээс зөв асуулт асууж чаддаг байх, эргээд түүндээ дүгнэлт хийж хариуцлагатайгаар нийтэд хүргэх нь хамгийн чухал чадвар юм болов уу. Мэргэжлийн бас нэгэн онцлог нь ажилласан туршлагаар сайн, муу нь хэмжигддэг юм шиг санагддаг. Онолын түвшинд маш сайн мэдэж байлаа ч бодит амьдрал дээр хэр сэргэлэн байж, өөрийн бэлдсэн мэдээ, нийтлэлээ сонирхолтой байдлаар олон нийтэд хүргэж чадах нь хувь хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлснээс хамаарна. Сэтгүүлч хүний ажил олон зүйлээс хамааралтай байж гэмээн төгс болно шүү дээ. Бэлтгэсэн мэдээ, нийтлэл нь хэчнээн сайн байсан ч түүнийг олон хүнд хүргэж чадахгүй тоосонд дарагдуулбал ач холбогдол нь буурна. Тиймээс бичиж нийтлэхээсээ гадна бичсэнээ хүнд хүргэх чадвар шаардлагатай гэсэн үг.

Бичсэн, хэлсэн зүйлдээ хариуцлага хүлээх нь жинхэнэ сэтгүүл зүй гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна

IMG_6345-2

-Суралцаж буй мэргэжлийн чинь юу нь хамгийн хэцүү, юу нь сайхан санагддаг вэ?

-Зөвхөн зурагтаар л харж биширдэг байсан хүнтэйгээ танилцаад, түүнээс ярилцлага авахаар зэрэгцээд суух нь их сайхан. Сэтгүүлч гэдэг мэргэжил намайг олон хүмүүстэй уулзуулж, хорвоо ертөнцийг олон өнцгөөс харах боломж олгосон. Сайхан зүйлс ганц хоёроор тогтохгүй л дээ. Товчхондоо, сэтгүүлч хүн маш сонирхолтойгоор ажилладаг юм даа. Мэдээж шантрах, хэцүү үе бишгүй л тохиолдоно. Тэр бүрт нурмайлгүй тууштай л байх хэрэгтэй.

-Хүмүүс танай мэргэжлийн талаар ямар нийтлэг буруу ойлголттой байдаг вэ?

-Дэлхий дээр маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий, нэмээд цахим сүлжээгээр хэн дуртай нь хүссэнээ бичих боломжтой болсон. Энэ нь мэдээлэл маш богино хугацаанд тарах боломжийг олгож байгаа ч эсрэгээрээ бичсэн зүйлдээ хариуцлага хүлээх нь одоогоор дутагдалтай байна. Асар их мэдээллийн урсгалд бид амьдарч байна шүү дээ. Тиймээс FAKE NEWS буюу хуурамч мэдээллийг сэтгүүл зүйгээс ялгаж салгадаг байх хэрэгтэй. Бичсэн, хэлсэн зүйлдээ хариуцлага хүлээх нь жинхэнэ сэтгүүл зүй гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна.

-Таны өдөр тутамдаа байнга авч явдаг ажлын хэрэгсэл?

-Сүүлийн үед сэтгүүлчид гар утсан дээрээ бүх зүйлээ хийдэг болчихсон. Энэ нь хялбар ч гэлээ надад үзэг, дэвтэр илүү дотно санагддаг. Мөн дуу хураагуур, утасны жагсаалтыг өдөр бүр ашиглагддаг. Дадлага хийж байх хугацаандаа олж мэдсэн зүйлс, уулзаж мэдээлэл авсан хүмүүсийнхээ дугаарыг хадгалж авч үлддэг. Бага хэмжээний архив үүсгэх нь тун хэрэгтэй юм билээ.

-Хэрэв танай сургуульд элсвэл юун дээр хамгийн сайн анхаарах хэрэгтэй вэ? (Life hack for students)

-Өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, түүнийг засах гэж хичээгээрэй гэж хэлмээр байна. Заавал МУИС-д гэлтгүй оюутан болсон цагаас эхлээд хамгийн чухал зүйл нь хийж байгаа зүйлийнхээ мөн чанарыг ойлгодог байх юм шиг санагдсан.

-Энэ салбараас таны хүндэлж явдаг хүн хэн бэ?

-Энэ салбарт манлайлж буй эрхмүүд олон бий. Ялангуяа эрэн сурвалжлах чиглэлээр нийтлэл бичдэг сэтгүүлчдээр бахархдаг. Жишээ нь, Панамын баримт бичиг дээр олон улсын сэтгүүлчид хамтран ажиллаж, сэтгүүл зүй хэр хүчтэй вэ гэдгийг харуулсан шүү дээ. Одоо ч Панамын баримт дунд дэлгэгдээгүй үлдсэн асар их мэдээлэл байгаа гэдэг.

Өнөөдөр инээж, маргааш уйлахыг таашгүй шүү дээ. Тиймээс үргэлж хүн байхыг, хүнлэг энэрэнгүй байхыг мартаж болохгүй

-Чиний бодлоор мэргэжлийн салбартаа өөрийгөө хэрхэн хөгжүүлж болох вэ?

-Сонирхсон чиглэлээ олж, мэргэших хэрэгтэй гэж боддог. Юу хүсч байгаагаа, ямар салбарт ажилламаар байгаагаа тодорхойлсноор олон давуу талыг өөртөө бий болгож болно. Түүнчлэн харилцааны соёлыг дээд түвшинд эзэмших нь чухал. Хүнтэй эвтэйхэн ярилцаж, өөрийгөө ойлгуулж чаддаг байна гэдэг сэтгүүлч хүнд байх эрхэм чанар болов уу.

-Энэ хугацаанд таны суралцсан хамгийн үнэт амьдралын хичээлүүд?

-Хүн байхад суралцсан. Цаашид ч суралцсаар л байна байх. Түрүүн хэлсэн шүү дээ. Олны танил, баян, ядруухан, цөхөрсөн, гомдсон, баярласан бахадсан гээд янз бүрийн ааш аягтай, өөр өөр амьдралын хэв маягтай хүмүүстэй уулзаж ярилцах шаардлага гардаг учраас нүд нээгдэнэ гэдэг шиг амьдралыг тал бүрийн өнцгөөс харж чаддаг болдог юм шиг ээ. Өнөөдөр инээж, маргааш уйлахыг таашгүй шүү дээ. Тиймээс үргэлж хүн байхыг, хүнлэг энэрэнгүй байхыг мартаж болохгүй.

Хэт романтик төсөөлөлдөө автаж сэтгүүлч мэргэжлийг сонгож болохгүй

-Энэ мэргэжлээр суралцаж буй бас энэ мэргэжлийг эзэмших хүсэлтэй залуу үеийнхэнд хэлэх захиас байна уу?

-Хэт романтик төсөөлөлдөө автаж сэтгүүлч гэдэг мэргэжлийг сонгож болохгүй шүү. Мэргэжлээ сонгохоосоо өмнө ядаж тухайн мэргэжлээр ажиллаж буй хүнтэй ярилцаарай гэж зөвлөмөөр байна.

-Юунаас урам зориг авдаг вэ?

-Бэлтгэсэн нийтлэл маань хүмүүсийн амьдралд тус болж байгааг харахаар жигүүртэй болсон юм шиг л баярладаг. Мэргэжлээрээ ажиллаж байх явцад үүнийг маш тодоор мэдэрсэн дээ. Ер нь үг их хүчтэй. Хүндэлж хайрладаг хүмүүсээс ялангуяа багш нараасаа урмын үг сонсох нь миний хувьд хамгийн том шагнал.

-Энэ мэргэжлээр олон улсад ажиллах, гарах боломж хэр их байдаг вэ?

-Сүүлийн үеийн чиг хандлага бол “НЭГ ДЭЛХИЙ” буюу глобал сэтгүүл зүй юм. Өөрөөр хэлбэл би Африк, Ази, Америкт амьдардаг уу гэдгээс шалтгаалахаа больсон. Дэлхийн хаа нэгтээ болж буй үйл явдал бусад улсуудад их бага хэмжээгээр хамаатай юм байна аа гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн гэсэн үг. Тиймээс сэтгүүлч мэргэжлийнхээ дагуу олон улсын түвшинд гарах боломж энэ мэргэжлээр ажиллаж буй хүн бүрт нээлттэй юм.

-Таны мэргэжил 20 жилийн дараа байх болов уу?

-Мэдээж байх болно. Харин уламжлалт хэв маягаас арай өөр, магадгүй илүү цахимжсан, даяаршсан байх болов уу гэж бодож байна.

-Ирэх таван жилд та энэ салбарт өөрийгөө хэрхэн харж байна вэ?

-Ойрын таван жилийн төлөвлөгөө гэвэл суралцах. Монголдоо энэ мэргэжлийнхээ суурийг олж авлаа. Одоо олон улсын оюутнуудтай хамт өөрийгөө арай өөр орчинд сорьж хөгжүүлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

*