ХУУЛЬЧ

КАРЬЕР ХӨТӨЧ: Хуульч А.Мандуул

IVO санаачилга оюутан, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, олон төрлийн сонирхолтой мэргэжлүүдийн халуун “гал тогоо”, бодит байдлыг танилцуулах зорилготой “Карьер Хөтөч” хэмээх цуврал ярилцлагын буланг эхлүүлж байгаа билээ. Тухайн нэг мэргэжлээр суралцаж буй оюутан, ажил дээр гараад удаагүй залуу мэргэжилтэн, салбартаа манлайлж буй туршлагатай эксперт гэсэн карьерийн хувьд гурван өөр түвшинд яваа хүмүүс та бүхэнтэй өөрийн мэргэжлийн онцлогийг хуваалцах юм.

Бид “Карьер Хөтөч” булангийн анхны дугаараа ХУУЛЬЧ мэргэжлээр эхлүүллээ. Энэ удаа та бүхэнд  “Өмгөөллийн ИЭлСи” ХХН-ийн гишүүн хуульч А.Мандуултай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Хуульчдаас шаардах гол ур чадвар бол логик сэтгэлгээ 

-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Би “Өмгөөллийн ИЭлСи” ХХН-Д гишүүн хуульчаар ажилладаг. Сүүлийн 10 жил хууль зүйн зөвлөх үйлчилгээг дагнаж үзүүлдэг хуулийн фирмүүдэд ажиллаж байна.

-“Карьер хөтөч” булангийн өмнөх хоёр ярилцлагад хуулийн сургуулийн оюутан болон багш оролцсон учраас хуулийн фирмийн үйл ажиллагаа, хуульчдын мэргэшлийн талаар төдийлөн хөндөгдөөгүй. Тэгэхээр энэ тухай танаас асуумаар байна?

– Хуулийн фирм гэдэг нь хууль, эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх дагнасан, хувийн хэвшлийн байгууллага юм. Манайд өнөөдөр “өмгөөллийн нөхөрлөл” гэж нэршиж хэвшиж байна.

Юун түрүүнд хэлэх ёстой зүйл бол хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхийн тулд тодорхой шалгуурууд давж, үзүүлэлт хангаж, зохих тусгай зөвшөөрлийг авдаг систем хүн төрөлхтөнд бий болсоор 2000 гаруй жил болж байна. Манайд ч энэ тогтолцоо үйлчилдэг. Энэ “тусгай зөвшөөрөл” болох хуульчийн эрхийг хувь хүнд нь өгдөг, тухайн эрхийг авсан хуульч ганцаарчлан хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх бүрэн эрхтэй, боломжтой. Үүнээс гадна нийгмийн болон мэргэжлийн шаардлагаар хуулийн зөвлөгөө, үйлчилгээг өгөх өөр хэлбэрүүд хөгжиж ирсэн байдаг нь сая хэлдэг хуульчийн эрхтэй нэг буюу түүнээс олон хүн хамтарч хуулийн этгээдийн зохион байгуулалтад орж уг үйлчилгээгээ өгөх явдал юм. Ерөнхийд нь хэлбэл энэ нь “хуулийн фирм” юм. Хуулийн фирм нь тухайн улсынхаа хууль, эрх зүйн зохицуулалтаас хамаарч нөхөрлөл, компани гэх зэрэг янз бүрийн хэлбэрээр байж болох ч хуулийн фирмийн үндсэн зарчим нь ур чадвар, нөөц бололцоогоо нэгтгэж үйлчүүлэгчид илүү өгөөжтэй, сайн үйлчилгээ, зөвлөгөө үзүүлж, харин өмчлөл, хариуцлага, ашгаа хоорондоо тохиролцсон тохиролцооныхоо дагуу хувааж авдаг, нэг ёсондоо хуулийн зөвлөгөө, үйлчилгээний “хүчирхэгжүүлсэн” хэлбэр юм уу даа.

Хуулийн фирм бүхэн өөрийн гэсэн онцлогтой бөгөөд өөрсдийн үйл ажиллагааг нарийвчлах боломжтой байдаг. Тухайлбал, гадаадад “boutique law firm” гэсэн ойлголт байдаг. Ганц хоёрхон салбар, асуудлаар хуулийн зөвлөгөө өгөхөөр дагнасан хуулийн фирмийг ингэж нэрлэдэг. Зах зээл нь том учраас хуваагаад өөрийн орон зайг олж авах сонирхолтой гэсэн үг. Жишээлбэл, зөвхөн том корпорациудад татварын зөвлөгөө өгнө гэсэн зорилготой, тогтсон хэдэн харилцагчтай байж болно. Эсвэл уул уурхайн үндэстэн дамнасан корпорациудтай ажилладаг мэргэшсэн хуулийн фирм ч бий.

Мөн гадаадад мэргэшил бидний төсөөлж байгаагаас ч илүү нарийн байдаг юм билээ. Хуулийн үйлчилгээ үзүүлэх хүрээнд нарийн мэргэшлүүд гарч ирдгийг Австрали, Хонконгод ажиллаж байхдаа харж байлаа. Жишээ нь, зөвхөн цахилгаан дамжуулах шугам, сүлжээгээр дагнасан хуульч гэж хүртэл байдаг. Учир нь үүнийг дагалдаад урган гарч ирдэг хуульзүйн асуудлууд нь янз янз бөгөөд тогтмол байдаг юм байна л даа.  Нарийн мэргэшлийн тухай өөр нэг жишээ бол миний танил нэг хуульч 10-аад жил зөвхөн агаарын хөлөг онгоцны санхүүжилттэй холбоотой хуульзүйн зөвлөх үйлчилгээ дагнан үзүүлж байгаа явдал. Онгоц худалдаж авна гэдэг бидний жижиг сажиг зүйл худалдаж авдагтай адил зүйл биш, олон жилийн түрээстэй, нарийн гэрээ байгуулж авдаг техник, санхүүгийн онцгой объект учраас энэ чиглэлээр мэргэших нь бий.

Хуульч бол хуулийн орчин дотор ямар боломж байгааг гаргаж ирэх ёстой мэргэжил

Гадаадад хуулийн фирмүүдийн мэргэшил нарийн төдийгүй тогтвортой, уламжлалтай байх нь элбэг. 200 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, ингэхдээ үйлчлүүлэгчидтэйгээ тэр хугацаанд хамтран ажиллаж бизнес, үйл ажиллагааг нь хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээгээр хангасаар эдүгээ “стратегийн” түвшний түншлэлтэй болсон байх нь бий. Үүнтэй харьцуулахад манайд анхны хуулийн фирмүүд ихдээ л 20 орчим жилийн түүхтэй байна. Тиймээс цаг хугацааны хувьд гадныхан шиг мэргэших шаардлага, боломж арай бүрдээгүй байна. Нөгөө талаар нийгэм хувийн хэвшил рүү шилжээд удаагүй байгаа нь ч бас үүнд нөлөөлж буй биз. Тиймээс монгол хуульчид харьцангуй ерөнхий байдлаар мэргэшдэг. Тухайлбал, компанийн эрхзүй, бизнесийн эрхзүй гэх мэт.

Энд нэг зүйлийг тайлбарлаж хэлэхэд, Монголд ч гадаадад ч хуулийн фирм бүхэн шүүхэд үйлчлүүлэгчийг төлөөлөх үйлчилгээ үзүүлээд байдаггүй. Зарим нь зөвхөн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Уламжлалт утгаараа хэрэг төвөг мандсаны дараа өмгөөллийн шатны үйл ажиллагаа явагддаг шүү дээ. Гэхдээ гэрээний болон бизнес, хөрөнгө оруулалтын зөвлөгөөг эхнээсээ зөв авах юм бол асуудал үүсэх магадлал нь бага байх учраас зөвлөх үйлчилгээг түлхүү үзүүлэхийг зорьдог фирмүүд байдаг. Асуудал нэгэнт үүсч шүүх, цагдаагийн түвшинд очиход явдаг мэргэшлүүд тусдаа.

0A3A6191

-Энгийн хүмүүс таны мэргэжлийн талаар ямар буруу ойлголт, төсөөлөлтэй явдаг вэ?

-Мэргэжлээ сонгож байгаа залуу хүмүүс, залуу мэргэжилтнүүд танай уншигчид гэж ойлгосон. Тэдэнд хандаж хэлэхэд, хэд хэдэн төсөөлөл буруу байдаг юм шиг санагддаг. Юун түрүүнд хуульчдыг бүх зүйлийг цээжилдэг, бүгдийг цээжээр яг таг мэддэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд бий. Магадгүй киноноос хардаг байх л даа. Яваандаа хэрэглээний явцад гарт ордог, цээжлэгддэг зүйл заалт, зохицуулалтууд байна. Бас цээжлэгдэхгүй нь ч бий. Тэгэхээр хэрэв чи цээжээр мэдэхгүй юм бол хуульч мөн үү гэсэн асуултыг мэргэжлийн бус хүмүүс асуух гээд байдаг. Энэ бас нэг өрөөсгөл ойлголт. Би оюутнууддаа ч хэлдэг. Биднээс шаардах гол ур чадвар бол логик юм. Энэ олон хууль, зохицуулалтууд байхад, тэдгээрийг амьдралд яаж хэрэглэх вэ, хэрэв чи тодорхой нэг этгээдийг төлөөлж байгаа бол эрх ашгийг нь хамгаалах боломж тэдгээр хууль, зохицуулалтад байна уу гэдгийг гаргаж ирдэг логик үйлчилгээ гэж хэлж болно. Яг хуулинд хар дээр цагаанаар, үг үсгээрээ юу гэж байдаг вэ гэдгийг мэдэх, цээжлэх нь мэргэшил биш. Хэрэв тийм хялбархан байсан юм бол заавал яагаад 5 жил сураад дараа нь хоёр жил дадлага хийж эрхээ авах вэ дээ.

Үйлчлүүлэгч хохирсон бол хууль зүйн зөвлөгөө өгөх миний зөвшөөрөл, өмгөөлөгчийн эрхтэй хариуцлага тооцох боломжтой ийм үйлчилгээ буюу мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа шүү гэдгээ ойлгох хэрэгтэй

Үүнээс гадна хуульч гэхээр ихэвчлэн хууль сахиулах талаас нь хараад байдаг. Кинон дээр гардаг уран цэцэн үгтэй, үйлчлүүлэгчдийг шүүхэд төлөөлдөхдөө бусдыг хэл амаараа мад тавьдаг өмгөөлөгч шиг хардаг. Гэтэл би хувьдаа ихэвчлэн тийм ажил хийдэггүй. Хууль сахиулах гэхээсээ үр дагавар бүхий зөвлөгөө өгдөг хүн гэж ойлговол тохиромжтой байх.

Дөнгөж ажил дээр гарч байхдаа зөвлөгөө өгнө гэдгийн учрыг нь сайн ухаж ойлгодоггүй байж дээ гэж боддог. Зөвлөгөө гэдгийг “нөхөрсөн зөвлөгөө” гэдэг шиг өөрийн мэддэгээ хэлээд л цааш хэрхэх нь надад хамаагүй, надаас хамааралгүй мэт боддог байсан. Гэтэл энэ хуулийн зөвлөгөө гээд байгаа нь нөхөрсөг зөвлөгөө төдий биш, мэргэжлийн зөвлөгөө. Зүй нь бол хэрэв би онолоо, хууль эрхзүйн тогтолцоогоо мэдэхгүй, үр дагаврыг нь буруу тооцсоноос болоод үйлчлүүлэгч маш их хөрөнгө мөнгийг буруу зүйлд оруулж, тооцоолсноосоо их татвар төлж, их хөрөнгө оруулаад бага ашиг хүртэх, бага хувьцаа эзэмших гээд янз бүрийн хор хохирол гарах юм бол би хариуцлага хүлээх ёстой. Хуулиараа ч тэр, ёс зүйгээрээ ч тэр ийм л байх ёстой. Хэрэв тухайн хүн хохирсон бол түрүүн ярьсан хууль зүйн зөвлөгөө өгөх миний зөвшөөрөл, өмгөөлөгчийн эрхтэй хариуцлага тооцох боломжтой ийм үйлчилгээ буюу мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа шүү гэдгээ ойлгох хэрэгтэй. Иймээс хуульчид ямар ч үед бүгдийг тултал нь судалж, бүр үр дагавар, эрсдлийг нь тооцоолдог.

Гурав дахь буруу төсөөлөл нь, хуульчдыг хатуу, уян хатан биш гэж боддог. Мэргэжлийн ангийн оюутнууд ч энэ тал дээр буруу ойлголттой явах нь элбэг. Гэтэл хуульчид хуулийн орчин дотор ямар боломж байгааг гаргаж ирэх ёстой мэргэжил.

Үйлчлүүлэгч хүрч ирээд “Надад тодорхой хэмжээний мөнгө байна. Би Монголд бизнес эрхэлмээр байна. Би ямар хэлбэрээр бизнесээ байгуулах вэ? гэж асуудаг. Компани, нөхөрлөл, хоршоо гээд ямар ч хэлбэрээр байж болно шүү дээ, бүр хуулийн этгээдийн хэлбэрт захирагдахгүй цэвэр гэрээний үндсэн дээр зохион байгуулалтад ордог жишиг ч бий. Дөнгөж ажил дээр гарчихаад ажлынхаа учрыг сайн олоогүй байхдаа би юу гэж боддог байсан бэ гэхээр, “Хоршоо гэдэг бол…”, “Компани гэдэг бол….” гээд тодорхойлолтоо мэддэг, тэрийгээ хэлээд, бичээд өгчихдөг байв. Гэтэл манай туршлагатай дарга нар тэр мэдээллээс цааш, аль хэлбэр нь энэ үйлчлүүлэгчдийн хүсээд байгаа үр дүнд хүрэхэд илүү тохиромжтой, ашигтай, эрсдэл багатай, хямд төсөр, хурдан бүтэх вэ гэдгийг нь харах гээд байдаг. Гэтэл би харж байгаад өөрт аль нь хэрэгтэйг мэднэ биз дээ, би мэддэгээ хэлээд өгчихсөн, одоо яагаад надаас цааш нь асуугаад байгаа юм бол гэж гайхдаг байсан. Тухайн үед би хуульч болоогүй л байсныг харуулж байгаа юм л даа. Одоо бодоход, хуульч бол түүний цаана саналын эрх, өмч хөрөнгөө хуваарилах, татвар ногдох асуудал, компанийн удирдлага, хөрөнгөө татах боломж, орлогоо нутагшуулах боломж гэх мэт олон асуудлыг үйлчлүүлэгчээр хэлүүлэлгүйгээр өөрөө нарийн судалж тооцоолох, тайлбарлаж, жишиж өгч эцэст нь аль нэг хувилбарыг тодорхойлж өгөх байсан байгаа биз.

Дөнгөж ажиллаж эхэлж байхдаа хууль ёсны арга гэж ганц л бий, тэрийг л дагадаг гэсэн төсөөлөлтэй байсан болохоор яагаад ийм олон хувилбарыг надаас асуугаад байгаа бол гэж боддог байлаа. Тэгэхээр хуульчийн мэргэжил харин ч асуудлыг олон талаас өөрөө төсөөлөн авч үзэж, боломжуудыг судалж дүгнэдэг, уян хатан, нээлттэй сэтгэдэг байхыг шаарддаг юм шиг.

Миний хайж буй хариулт хуулин дотор хар, цагаанаар ялгаад биччихсэн байхгүй байхад тэндээс гаргалгаа гаргаж, тайлбар хийж, эцсийн шийдлийг олох нь сайхан санагддаг

– Яагаад энэ мэргэжлийг сонгохоор шийдэв, юу нөлөөлсөн бэ?

Манай гэр бүлд өвөөгөөс маань эхлээд олон ах эгч нар, мөн миний төрсөн эгч гээд хуульчийн мэргэжилтэй хүн олон бий. Гэхдээ тэднийг харж үлгэр авахаасаа өмнө шахам би багаасаа л хуульч болно гээд шийдчихсэн байснаа санадаг. Ерөөсөө хуульч мэргэжил надад эвлүүлдэг ‘puzzle’ тоглоомтой адилхан санагдсаар ирсэн. Холбоотой хоёр дүрсийг олоод эвлүүлэхээр хариу нь гарч байгаа юм шиг гоё мэдрэмж төрдөг шүү дээ. Надад хуульч мэргэжил яг тэгж санагддаг байсан. Одоо харин надад юу нь хамгийн сайхан санагддаг вэ гэхээр, миний хайж буй хариулт хуулин дотор хар, цагаанаар ялгаад биччихсэн байхгүй байхад тэндээс гаргалгаа гаргаж, тайлбар хийж, эцсийн шийдлийг олох нь сайхан санагддаг.

Нээрээ энэ асуулттай чинь холбоод хүмүүсийн дунд байдаг өөр нэг буруу ойлголтын талаар хэлмээр санагдлаа. Саяхан нэг хүн намайг эмэгтэй хүнд яасан хүнд мэргэжил сонгосон юм гэсэн. Би ямар биеийн хүчээр хууль үүрч дүүрээд явах биш манай мэргэжилд хүйсийн ялгаа нөлөөлөхгүй болов уу. Харин ч Хуульчдын холбооны тоо баримтыг харж байхад манайд байгаа 4000 орчим хуульчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг.

-Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд ямар сургууль сонгож, ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой вэ?

-Би олон жилийн туршлагатай мундаг хуульч биш болохоор багш нарынхаа хажууд сайн хуульч гэдэг ойлголтын талаар ярихаасаа ичиж байна /инээв/. Харин 10 орчим жил тасралтгүй хуулийн фирмээр дагнаж ажилласан хуульчийн хувиар хэлэхэд, жинхэнэ туршлага хуримтлуулахын тулд заавал магистр хамгаалах ёстой гэж хэлэхгүй. Мэдээж хамгаалчихсан байвал сайн л байх. Гэхдээ энэ бол эрдмийн зэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Би Монголдоо баклавр, магистраа хамгаалаад дараа нь Англид нэг жил магистраа хамгаалаад ирсэн. Тэглээ гээд тэндээс олж авсан мэдлэг нь практик талаасаа болон хуульчийн ажлын мөн чанарыг ойлгоход мэдээж нэмэртэй ч онцгой өөрчлөлт өгөөгүй. Хуримтлуулсан мэдлэгээ бодит амьдрал дээр туршлага болгож, дор хаяж 5 жил ажилласны дараа баримжаатай болдог юм уу гэж сүүлд нь бодсон.

 Хуульчийн мэргэжил олон цагаар тууштай, нэг ч алдаа гаргахгүйгээр цэг таслалаас авахуулаад нийт зах зээлийн дүр зургаар нь харах чадвар шаардана

Хоёрдугаарт, хуульч бол ажлын ачаалал даах чадвар шаарддаг цэвэр оюуны хөдөлмөр. Хуулийн зөвлөгөө, үйлчилгээний салбарт тухайлбал олон цагаар тууштай, нэг ч алдаа гаргахгүйгээр цэг таслалаас авахуулаад нийт зах зээлийн дүр зургаар нь харах чадвар шаардана. Ер нь л оюуны бөгөөд сэтгэлийн сахилга бат шаарддаг мэргэжил дээ. Гадныхан бол маш олон цагаар ажиллана. Америкийн хуулийн фирмийн соёл нь огт өөр ертөнц байдаг. Жишээлбэл, залуучууд хэн түрүүлж үс нь халцрахаараа бараг өрсөлддөг. Бусад мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад наснаасаа түрүүлж ачаалал, стресс авч мөн хэмжээгээр наснаасаа түрүүлж овортой харагддаг шиг байгаа юм. Бид хуулиараа 7 хоногт 40 цаг ажилладаг байхад тэнд дунджаар 66-120 цаг ажилладаг. Өрсөлдөөн ихтэй нийгэмд сайн хуульч, сайн хуулийн фирм байхын тулд ингэж ажиллахаас өөр аргагүй шүү дээ. Хуульч мэргэжлийн хувьд хөгшрөх тусам хэлж байгаа үг нь жинтэй, барьцтай гэж хүндлэгдэх боломжтой мэргэжил.

Мөн алдаа гаргах юм бол хүлээх хариуцлага маш өндөр. Бизнесийн салбарт л гэхэд олон зуун мянга, сая, тэрбумаар хэмжигдэх алдагдал хүлээнэ. Шүүх, прокурорын хувьд хүний амь нас, эрүүл мэнд гээд бүр ч чухал асуудал яригдана.

0A3A6234

-Таны ажлын ачаалал хэр байдаг вэ? Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

-Монголыг ярихаас урьтаж гадны жишгийг дурдах хэрэгтэй болов уу. Гадаадад ерөнхийдөө хуульч, эмч, хөрөнгө оруулалтын банкир гэсэн гурван мэргэжил хамгийн өндөр цалинтай байдаг. Энэ нь өмнө нь дурдсанчлан хуульчийн шийдвэрлэхээр зорьж буй асуудлын мөн чанар нь цаанаа том хариуцлага, үнийн дүн, олон хүний хувь заяатай шууд хамааралтай байдагтай холбоотой. Хоёрдугаарт, хуульчид илүү цагийн мөнгө гэж авдаггүй. Өдрийн 20 цаг ажиллаад дөрвөн цагт нь гэртээ очиж амардаг гадаад хуульчид илүү цагийн хөлс гэж авдаггүй. Учир нь хуульчдын цалинг анхнаасаа өндөр тогтоож өгдөг.

Харин манайд эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр бас эргээд буурахад хуульчдын ажил ихэсдэг. Эдийн засаг таатай үед Оюутолгой, Тавантолгой гэх мэт том төслүүд хэрэгжиж, үүнийг дагаад гэрээ, хэлцэл, хуулийн үйлчилгээ нэмэгдэж байсан. Бизнесийн ертөнцөд цаг минут секундээр хэмжигддэг учраас шөнө унтаж байхад утас дуугараад ажлаас залгавал шууд зөвлөгөө өгөхөд бэлэн, очиж ажиллах боломжтой байхыг хуульчдаас шаарддаг. Өндөр хөгжилтэй, шаардлага өндөртэй нийгэмд хуульчдын ажилладаг цагийг түрүүн дурьдсан.Манай эдийн засаг өсч, бизнесийн орчин таатай байх үед ингэж ажилладаг байсан. Одоо харьцангуй хэвийн хөдөлмөрийн нөхцөлд, хэвийн цагаар ажиллаж байгаа гэж хэлж болно.

-Таны ажлын хамгийн хэцүү нь юу вэ? Үүнийг хэрхэн даван туулдаг вэ?

Манай хуулиудаас тов тодорхой хариулт гаргаж ирэх хэцүү байдаг. Тэр нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, манайх Ром-Германы эрхзүйн бүлд ерөнхийдөө хамаардаг учраас бүх асуудлыг хуулиндаа тусгаж байж түүнийгээ дагадаг. Тэгэхээр хуулинд тусгаагүй асуудал гараад ирвэл бид эрхзүйн зарчим барьж тайлбарлах ёстой. Энэ нь эрхзүйн түүх, уламжлал сайтай суурин соёл иргэншилд нэгэнт тогтчихсон, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Манайд энэ зарчим нь онолын хувьд байдаг ч ерөнхий эрхзүйн зарчмаа баримтлаад асуудлыг шийдэх талаар мэргэжлийн хуульчид нийгэмд нэгдсэн ойлголт, практиктай байдаггүй.

Дараагийн асуудал нь, хуулинд тов тодорхой байсан ч практикт огт өөр байх нь бий. Бид үйлчлүүлэгчиддээ “Хэдийгээр хуулинд ийм байгаа ч гэсэн улсын бүртгэл дээр, татвар дээр, эсвэл шүүх дээр яг ингэж үзэхгүй байх магадлал бий. Зөрөх магадлал, эрсдэл бий” гээд тайлбарлахаар гадны үйлчлүүлэгчид хуульчдаа эргэлзэж, мэргэжилдээ сайн биш юм байна гэж бодох гээд байдаг. Энэ нь монгол шинж чанар гэхээсээ илүү эрхзүйн, нийгмийн хөгжил, онцлогтой холбоотой юм даа.

Түүнчлэн манай төрийн байгууллага, хуулийн салбар, үйлчилгээ үзүүлэгч хуульчид, монгол үйлчлүүлэгчид бүгд маш цөөн үг, бага, товч илэрхийллээр харилцдаг. Ерөнхий баримжаагаар ойлголцдог монгол онцлог түгээмэл. Ойлгомжтой зүйлийг нурших хэрэггүй гээд дэлгэрүүлж, задалж тайлбарлахгүй, асуухгүй, тодруулахгүй орхичихдог гэж хэлж болно. Жишээлбэл, гадны хүмүүс тодорхой асуудлаар өөрсдийнхөө ойлгосныг хуульчдын тайлбартай байнга тулгаж, ойлголтоо баталгаажуулж урт мэйл бичдэг ч юм уу, ‘call conference’ хийхэд монгол талын үйлчлүүлэгчид эсвэл хуульчид нь түүнийг нь сонсож сонсож ганцхан ‘YES’ гэсэн хариу өгдөг. Нөгөө талд байгаа гадаадын түнш, үйлчүүлэгч нь “Миний бичсэн хоёр хуудас материал бүгд зөв гэсэн үг үү, ямар ч нэмж хэлэх зүйл байхгүй юм уу эсвэл энэ хүн миний хэлснийг огт ойлгосонгүй юу” гээд гайхаш тасрах жишээтэй. Энэ бол цэвэр соёлын онцлог шүү, тэрнээс монголчууд нь бүдүүлэг, мэдлэггүй, чадваргүй явдал огт биш. Харин тэгж ойлгогдох аюултай, мөн ажил урагшлахад энэ ялгааг харилцан ойлголцох гэж цаг алддаг гэж байгаа юм.

Жаахан прагматик бэрхшээл гэвэл, мэдээллийн бааз, системүүд хоцрогдсон. Бусад орнуудад хотын, дүүргийн архиваасаа шүүгээд амархан олоод авчих боломжтой мэдээллийг манайд нэлээд их хөөцөлдөж байж олж авдаг зэрэг зүйлс байна. Энэ цагийн эрхээр сайжирч байна. Гэхдээ хүрэх жишиг өндөр байна даа.

Мэргэжлийн ур чадвараа хувийн амьдалдаа ашиглах боломжтой учраас хувь хүний хувьд хүчирхэг болдог

-Тэгвэл таны мэргэжлийн хамгийн сайхан нь?

– Мэргэжлийнхээ ур чадварыг эзэмшсэн бол хуульчид маш цэгцтэй, хурдан сэтгэдэг. Яагаад гэвэл хуульчид цээжлэхээсээ илүү логик утгаар нь агуулгаар нь цэгцэлж ангилж ойлгодог болчихдог юм шиг байгаа юм.

Үүнээс гадна хувийн амьдралд хэрэгцээтэй мэргэжил. Зээл авах, эд хөрөнгө түрээслэх, түрээслэлүүлэх, ажилд орох гэх мэт амьдралын янз бүрийн харилцаанд гэрээгээ харчихна, эрх ашгаа хамгаалчихна. Хохирлоо гэхэд эрх ашгаа хамгаалах ямар нэгэн арга, сэжүүрээ хуульч хүн мэддэг. Мэргэжлийн ур чадвараа хувийн амьдалдаа ашиглах боломжтой учраас хувь хүний хувьд хүчирхэг болчихдог санагддаг. Хэр баргийн юмнаас айхгүй, өөртөө итгэлтэй байж чаддаг. Харж байхад эргэн тойрон дахь хуульч найз нөхөд маань мэргэжлийнхээ ачаар өөрийнхөө төлөө үнэхээр сайн тэмцэж чаддаг.

Ер нь тэгээд асуудлын учрыг олж, хужрыг тунгаахад чиглэсэн ажил хийнэ гэдэг өөрөө сайхан биз дээ?

-Ирээдүйд, магадгүй 20 жилийн дараа энэ мэргэжил байх болов уу?

– Миний одоогийн харанхуй ойлголтоор /инээв/ бол хуульчийн мэргэжил нь хиймэл оюун ухаан, робот гэх мэт технологиор хамгийн сүүлд орлуулах боломжтой мэргэжлүүдийн нэг байх. Хуульч хүн нэгдүгээрт логик гаргалгаа хийдэг учраас, хоёрдугаарт манай өвгөн профессорууд, “томчуудын” хэлдгээр хүн чанар их шаарддаг мэргэжил. Анализ хийх чадвар, шүүмжит сэтгэлгээ, уян хатан чанар гэх мэт манай мэргэжилд дагалдах олон шинж бий.Эдгээрийг би хувьдаа хиймэл оюун ухаанаар амархан орлох зүйл биш гэж итгэдэг. Нөгөө талаас хиймэл оюун ухаанаар хуульчдын болон хуульчийн туслахуудын хийдэг судалгаа, лавлагаа, мэдээлэл цуглуулах ажлыг их хөнгөвчилж эхэлж байгаа юм байна лээ.

Хуулийг хэрэглээ талаас нь үргэлж гайхаж, бодож бай. Тэгэхгүйгээр ном, хуульд байгаа юмыг нь тоть шиг цээжлээд, ажил дээр гарахаараа ойлгоно доо гэж бодвол их цаг алдана

-Хуулийн салбарт ажилласнаар таны ойлгож ухаарсан чухал сургамж юу байв? Ялангуяа залууст хандаж хэлэхээр зөвлөмж?

-Хуулийн ангийн оюутан байхад хуулийг хэрэглээ талаас нь ерөөсөө бодож байгаагүй юм шиг санагддаг. Орчин байхгүй учраас оюутнуудыг буруутгах аргагүй л дээ. Би оюутнуудыгаа хэрэглээ талаас нь үргэлж гайхаж, бодож бай хэлдэг. Хариултыг тэр дор нь олох албагүй, эргэцүүлээд л, судлаад байх хэрэгтэй. Тухайлбал, сонсдог, шүтдэг хамтлаг гээч нэгдлийн ахлагч нь хууль зүйн хувьд төлөөлөх эрхтэй байдаг болов уу, төлөөлөөд элдэв гэрээнд нь гарын үсэг зурсан гэж бодоход дараа нь асуудал үүсвэл тухайн хүн харицлага хүлээх үү, нөгөө гишүүд нь ямар үүрэг хүлээх вэ гэх мэтчилэн өдөр тутмын энгийн амьдралдаа болж байгаа зүйлд сониучаар хандаад судлаад байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр ном, хуульд байгаа юмыг нь тоть шиг цээжлээд, ажил дээр гарахаараа ойлгоно доо гэж бодвол их цаг алдана.

Мөн боломж олдвол дадлага хий. Кофе зөөгөөд ч хамаагүй орчинд нь ороод хуульч хүн нэг өдрийн дотор юу хийдгийг харах хэрэгтэй. Чиний хүсч байгаа мэргэжил гаднаасаа, дотроосоо мөн үү гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Магадгүй бодит байдал дээр чиний хийхийг хүссэн ажил биш ч байж болно шүү дээ.

-Энэ мэргэжлээр олон улсад гарах бололцоо хэр их байдаг вэ?

-Санхүү, эдийн засаг шиг хаана ч сурсан ялгаагүй гэсэн ойлголт манай салбарт зохидоггүй. Яагаад гэвэл нутаг дэвсгэрийн зарчмаар мэргэжлийнхээ үйл ажиллагаа явуулах эрх, тусгай зөвшөөрлийг өгдөг зарчим манай мэргэжилд үйлчилдэг. Хуульчдын Холбооноос зохион байгуулдаг хуульч сонгон шалгаруулах шалгалтаа өгч байж Монгол Улсад ажиллах эрхээ авна. Тэгэхээр цэвэр гадаадад төгссөн хүмүүс дотооддоо хуульчийн шалгалтаа өгөөд тэнцэхгүй байх эсвэл өгөөд тэнцсэн ч эрхзүйн тогтолцоогоо нарийн мэдэхгүй учраас практикт ажиллахад дасан зохицох, мэдэхгүйгээ олж мэдэх хүндрэлтэй тулгарна. Тийм болохоор би оюутнууддаа хэрэв ирээдүйд Монголдоо ажиллаж, амьдарна гэж төлөвлөж байгаа бол эхлээд эх орондоо сурч төгссөн нь дээр. Дараа нь гадаад хуулийн сургуульд сурч болно гэж хэлдэг. Монголдоо сураад шалгалтаа өгчихсөн, мөн  гадаадад сураад шалгалтаа өгчихсөн давхар лицензтэй монгол хуульчид цөөнгүй байдаг. Үүнийг тооцоолохгүйгээр гадаадад баклаврын түвшний эрдмийн зэргээ хамгаалчихаар Монголд хуульчаар ажиллах боломж хумигдчихаад байгаа юм. Ер нь гадаадад магистраа хамгаалсан ч гэсэн энэ нь эрдмийн л зэрэг гэдгийг санах хэрэгтэй. Практикийн хувьд сайн хуульч болгоно гэсэн баталгаа биш.

Миний хувьд, би Монголдоо хуулчийн шалгалтаа өгөөд эрхээ авсан. 2011 онд надад Allens Arthur Robinson гээд 200-гаад жилийн түүхтэй Австралийн хуулийн фирмээс ажиллах санал ирсэн юм. Ингээд би Австралийн Мейлбурн, Брисбон хот дахь оффисуудад нь жил хагас ажиллаад дараа нь Хонконг дахь салбар руу шилжсэн. Нийтдээ 5 жил гадаадын хуулийн фирмд ажилласан. Тухайн үед Монголын гадаадын хөрөнгө оруулалт оргил үедээ хүрч, эдийн засаг сайн байсан учраас Монгол Улсын, монгол хуульчийн хэрэгцээ шаардлага, нэр хүнд дагаад өндөр байсан л даа. Тэр үед нь миний ажлын энэ замнал таарсан.

Ирээдүйгээ хаана, ямар газар ажиллаж, карьер хөөхөөр төсөөлж байгаагаас хамаараад эх орондоо сурч төгсөх үү, гадаадад сурах уу гэдгээ шийдээрэй

Нөгөөтэйгүүр ганц Монголдоо хуульчийн шалгалтыг өгөөд Монголын хууль эрх зүйгээр зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх эрх авсан байхад биднийг гадаадад ажиллуулах хэрэгцээ шаардлага бага л даа, дээрхи эдийн засгийн оргил үеэс бусад үед. Жишээлбэл, биднээс зөвлөгөө авах эрэлт хэрэгцээ Америк, Австралид хэр олон байх вэ? Тэгэхээр гадны улс оронд ажиллая гэж төлөвлөсөн бол түрүүн хэлсэн зөвлөгөөнөөс эсрэгээрээ: тухайн гадаад улсынхаа хуульчийн шалгалтыг өгсөн нь тэндээ ажиллах боломжийг нээж өгнө. Миний хувьд Монголтой холбоотой чиг үүрэг гүйцэтгэж байсан учраас нөхцөл байдал арай өөр байсан.

Тийм учраас ирээдүйгээ хаана, ямар газар ажиллаж, карьер хөөхөөр төсөөлж байгаагаас хамаарна гэж хэлэх гээд байгаа юм. Ер нь гадаадад ажиллаж үзэх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй байлгүй яахав. Ялангуяа хуулийн фирмд эсвэл компанийн хуульчаар ажиллах боломж олдвол ажиллаад үзэхэд их юм сурна. Дор хаяж бусад орны жишиг, ажлын дэг, материал бааз, хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн мэдлэг зэргээр туршлага хуримтлуулна. Цаашлаад амьдралын нөхцөл, чанар, карьер дээшлэх боломжтой гээд олон давуу талтай.

-Мэргэжил бүрт чухал багаж хэрэгсэл байдаг. Мэдээж нүдэнд ил харагдах болон харагдахгүй байдаг биз. Хуульчийн хувьд ажлаа хийхэд амин чухал хэрэгсэл нь юу вэ?

-Өмнө нь хэд хэдэн удаа дурдсан логик сэтгэлгээг хамгийн түрүүнд нэрлэмээр байна. Төрөлхийн логик сэтгэлгээ сайтай биш бол үүнийг хүчин чармайлтаараа хөгжүүлж болдог.  Цаашлаад ярих, бичих чадвар чухалд тооцогдоно. Угаасаа хуульчийн мэргэжлийн анхны хэлбэр нь эртний Грек, Ромын “оратор” буюу уран илтгэгчид байсан шүү дээ. Маш сайн бичдэг хэрнээ ярьж чаддаггүй байж болохгүй. Тэгэхээр дутуу чадвараа заавал хөгжүүлэх шаардлагатай. Хэдийгээр би байнга шүүх, арбитрт очиж кэйс презентаци тавьдаггүй ч гэсэн ажил дээр миний яриа, бичиг миний гол зэвсэг болох учиртай. Зөвлөгөөг бичгээр өгдөг том соёл бий. Дараа нь хүлээх хариуцлагаа бодсон ч бичгээр байхаас зайлшгүй. Бичгийн чадвар гэдэгт би ерөнхий утгаар нь хэлээгүй нарийн чадварыг хэлж байгаа юм. Зөвхөн хэл, найруулга сайтай, логик сэтгэлгээтэй байлаа гээд бүтчихгүй. Таван жилийн өмнөх бичгийн ажлаа эргээд харахаар хэлний, дүрмийн, цэг таслалын алдаагүй бичээд байсан хэрнээ аргумент дэвшүүлэх, итгүүлэх, няцаах, ятгах, нотлох урлагийн хувьд, мөн өгүүлэмжийн урт богино, тун, формат нь хүртэл дутагдалтай байснаа анзаардаг. Тийм болохоор миний хувьд одоо ч байнга суралцаж байгаа, сайжирч байгаа байх гэж найдаж байна.

Мэдээж бодитой хэрэгслийн хувьд хууль, дүрэм, журам өөрөө хамгийн том зэвсэг. Хуулийг цээжээр хэлвэл сүртэй байх л даа кинон дээр гардаг шиг. Тэр хуульд тийм байдаг гээд хэлэхээр харин багш нар ч, шүүгчид ч хуулиа эшлээч, хараач гэдэг. Би ч оюутнууддаа ийм шаардлага тавьдаг. Эх сурвалж дээр байнга тулгуурладаг байх хэрэгтэй. Тэрнээс биш цээжний бядаар хийдэг мэргэжил биш. Баримттай, ул суурьтай байхыг шаардана.

Оюутан байхдаа багш, сургуулиасаа гадна Жон Гришамын зохиолуудаас уншаад хуульч хүн ийм байх ёстой юм байна гэдэг төсөөллөө авч байсан

jgrishambooks

-Хуульчийн мэргэжлийг хамгийн үнэнд дөхүү, бодит байдлаар илэрхийлсэн ямар ном байна вэ, та залууст ямар ном санал болгох вэ?

-Хуулийн талын роман бичдэг Жон Гришам гээд алдартай зохиолч бий. Оюутан байхдаа багш, сургуулиасаа гадна Жон Гришамын зохиолуудаас уншаад хуульч хүн ийм байх ёстой юм байна гэдэг төсөөллөө авч байсан. Ялангуяа бидний төдийлөн анзаардаггүй хуулийн фирмийн соёл, нөгөө түрүүний ярьсан шөнө 4,5 цаг унтдаг, өөрийгөө үхэн хатан дайчилдаг чанарууд түүний зохиолуудад гарч ирдэг. Ямар өндөр шаардлагыг өөртөө болон бусдадаа тавьдаг юм бэ, гэсэн хэрнээ үүнийгээ ердийн зүйлд тооцож явдаг гэдгийг эндээс харж болох байх. Заавал ажил дээр гарах, том фирм, байгууллагад орохыг хүлээхгүйгээр Гришамын зохиолуудыг шинэ хуучин гэж гололгүйгээр уншвал бодит дүр зургууд гарна, мөн тийм соёлын нэвтрүүлэх, нутагшуулахад ч хэрэгтэй байх. Зохиолуудаар нь хэдийнэ хэд хэдэн дэлгэцийн бүтээл ч хийгдсэн байгаа. Мөн англи номнууд нь Монголд харьцангуй түгээмэл байдаг байх шүү. Эхний ээлжинд төсөөлөл авахад эдгээр номнууд зүгээр болов уу гэж бодож байна.

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Бусад ярилцлагыг дараах холбоосоор орж уншина уу.

КАРЬЕР ХӨТӨЧ: Хуульч Ц.Амарсанаа
КАРЬЕР ХӨТӨЧ: Хуулийн ангийн оюутан Б.Оюунболд

iVolunteer Санаачилгын гишүүн.

КАРЬЕР ХӨТӨЧ: Хуульч А.Мандуул” сэдэв дээр нэг сэтгэгдэл байна

  1. Pingback: КАРЬЕР ХӨТӨЧ: Хуульч Ц.Амарсанаа | iVolunteer

Сэтгэгдэл үлдээх

*