IMG_7090

КАРЬЕР ХӨТӨЧ: ХХБ-ны Системийн аюулгүй байдлын инженер С.Пүрэвжав

Та өөрийгөө болон мэргэжлийнхээ талаар уншигчдад товч танилцуулаач?

Намайг Пүрэвжав гэдэг. 2016 онд “Хүрээ” Мэдээлэл Холбоо, Технологийн дээд сургуульд Мэдээлэл холбооны инженер буюу IТ мэргэжлийг эзэмшин төгссөн. Одоо “Худалдаа хөгжлийн банк”-ны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэст системийн аюулгүй байдлын инженерээр ажилладаг.

 Хүмүүс таны мэргэжлийн талаар ямар нийтлэг буруу ойлголттой байдаг вэ?

Мэдээллийн үнэ цэнэ өсөхийн хирээр түүний аюулгүй байдал, хамгаалалт, найдвартай байдлын асуудал хурцаар тавигдаж эхэлж байна. Тухайлбал банкны салбарт харилцагчийнхаа мэдээллийг алдвал хэр зэрэг хохирол гарахыг хэмжих аргагүй. Учир нь банкны салбар өөрөө маш эмзэг байдаг. Өнөө цагт бид бүгд интернэт, сүлжээнд холбогдож төлбөр тооцоогоо ч хийхэд хормыг зарцуулдаг болсон. Иймд хүн бүр болон албан байгууллагууд  мэдээллийн аюулгүй байдлын талаар суралцах нь зайлшгүй юм. Дэлхийн гуравдугаар дайн “технологийн дайн” байж болох юм.

   Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

2000 оны эхээр “сига” тоглоомыг  миний үеийн хүүхдүүд шохоорхон тоглох болсон нь цахим тооцуулуурын төхөөрөмж миний сонирхлыг онцгой их татах болсон юм. Компьютер гэдэг миний хувьд зөвхөн тоглоом тоглоод зогсохгүй, түүнийг илүү сонирхон судлан, эзэмших гэсэн хүсэл маань хожим тус мэргэжлийг сонгоход тусалсан. Ерөнхийдөө багаасаа шийдчихсэн байсан гэж хэлж болно. Програм бичдэг хүн болохыг хүсдэг байсан ч, мэргэжлийнхээ талаар илүү судлаад сүлжээний инженер болохоор шийдсэн дээ. Монгол улсын маань ирээдүй байгалийн баялагтай холбоотой гэж ярьдаг ч инженерүүд маань мөн улс орныхоо цаашдын хөгжлийг бүтээнэ гэж би итгэдэг.

  Таны оюутан байхдаа суралцсан зүйлс болон ажил дээр гарч буй зүйлийн ялгаа?

Мэдээж хэрэг их сургуульд оюутан байх цаг хугацаа, ажил дээр гараад гүйцэтгэж буй ажлын хооронд асар их ялгаа бий. Оюутан хүн бол асуух, алдах эрхтэй байдаг. Харин ажил дээр бол чи алдаа гаргах эрхгүй. Их сургуульд голцуу хийсэн даалгавар, бие даалтаараа чи дүнгээ авдаг бол ажил дээр багаараа ажиллаж, багаараа үнэлүүлнэ. Багийн ажиллагаа энд чухал бөгөөд гоцлон тоглолт хийгээд байх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл мэдлэгээ хуваалцах бол энд маш чухал. Хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл олуулаа яв гэсэн үг байдаг шүү дээ.

 Таны өдөр тутамдаа байнга авч явдаг ажлын хэрэгсэл?

Цүнхэн дотор маань тийм их дэвтэр болон бусад ажил хэрэгч зүйлсүүд байдаггүй. Технологийн хүн болоод ч тэр үү, утсаа сайтар ашиглахыг хичээнэ. Утасныхаа “Reminder” програм дээрээ бүх ажлаа төлөвлөна. Ажил дээрээ шар стикрүүд дээр бичиж тэмдэглээд компьютерийнхээ дэлгэцээ тойруулаад наачихдаг. Ер нь бичиж тэмдэглэх их дуртай шүү. Хийсэн ажлуудаа “check” хийгээд шалгах урамтай байдаг.

IMG_6381

Энэ салбараас таны хүндэлж явдаг хүмүүс?

Энэ салбарт ажиллаж байгаа манай банкны мундаг хүмүүс бий. Тэднээс олон зүйл асуухыг хичээдэг. Байнга асуун, шаналгадаг болохоор тэдний дургүйг хүргэдэг ч байж магадгүй. Их сургуулийнхаа багш Ю.Отгонбаатар болоод хэлтсийнхээ хамт олныг хүндэлж, талархаж явдаг. Түүнчлэн “SpaceX”-ыг үүсгэн байгуулагч Элон Маскаас үлгэр дуурилал авдаг.

Өөрийгөө мэргэжил болон хувь хүн талаас хэрхэн хөгжүүлдэг вэ?

Дэлхий хавтгай, нээлттэй болоод багагүй хугацаа өнгөрчээ. Боломжоор дүүрэн одоо цагт залуус бидэнд сурч мэдэх зүйлс асар их байна. Гагцхүү хичээх цаг гаргах нь л чухал. Цаг ямагт шинэ зүйлсийг сурах нь амьдралын нэгэн амт юм уу. Би ихэвчлэн нийгмийн сүлжээнд өөрийн дагаж буй мэргэжил нэгт олны танил хүмүүсээс үлгэр дууриалал авахыг хичээдэг. Мөн олон төрлийн мэдээлэл авах үүднээс “Hacktech” зэрэг сайтуудыг байнга харна. Түүнчлэн подкастын хувьд номны тухай хэрэгтэй мэдээлэл өгдөг монгол подкаст болох “Unlock”-ыг сонсох дуртай.

 Таны ажлын бэрхшээлтэй зүйлсүүд болоод түүнийг хэрхэн даван туулдаг тухай?

Би ХХБ-д ажиллаж эхлээд нэг жил орчим болж байна. Их сургуулиа төгсөөд л би шууд ХХБ-нд ажилд орно гэсэн зорилготой байсан. Тиймдээ ч өөр ажлын ярилцлаганд орж мөн анкет бөглөөгүй. Нэг талаар нэг зүйлдээ тууштай байдаг маань миний давуу тал юм. Аливаа ажлыг хийхдээ хамгийн түрүүнд үүнийг хийснээрээ юу сурч болох вэ гэдгийг нь хардаг буюу “том зураг”-ыг нь би олж харахыг хичээдэг. Өөрийгөө сайжруулж, өөрийнхөө түвшинг дээшлэхүйц чухал ажлыг хийхийг үргэлж эрмэлздэг.

Энэ хугацаанд таны суралцсан хамгийн үнэт амьдралын хичээлүүд?

Ямар ч зүйлийг, ямар ч үед чин сэтгэлээсээ, өөриймсөг хийж байхыг юун түрүүн ойлгосон гэж хэлж болно.

Сэтгэлээсээ хандан хийхгүй л бол юуг ч эхлүүлээд хэрэггүй. Мөн цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй буюу цаг ямар үнэтэйг мэдэрсэн. Мөн зөв хандлагатай байж, ёс зүйтэй байх нь чухал. Тууштай байж гэмээн зорьсондоо хүрнэ. Учир нь ажил дээр гарахад чиний хир их мундаг, боловсролтой байхаас илүү аливаад хандах хандлага илүү нөлөөтэй байдаг.

Мөн ус ууж, агаар амьсгалж байна гэдэг хамгийн сайхан буюу амьдралын үнэ цэнийг ойлгосон. Энгийн зүйлээс баярлах хайрлах сэтгэлийг олж сурах нь намайг удаан амьдруулна гэж итгэдэг дээ.

IMG_6393

 Энэ мэргэжлээр суралцаж буй мөн энэ мэргэжлийг эзэмших хүсэлтэй залуу үеийнхэнд хэлэх захиас?

Мэдээллээс хол байх, бага мэдээлэлтэй байх нь алдаа. Өнөө үед хамгийн чухал зүйл бол сайн мэдээлэл олж авах, мэдээллээс хоцрохгүй байх. Хангалттай мэдээлэл олж авчихаад, түүнийгээ ашиглахад өөртөө хэрхэн давуу тал үүсгэх, тэгэхийн тулд юу хийхээ тодорхойлдог байх хэрэгтэй. Тэгээд тууштай зүтгэж чадвал урагшилна. Үг дааж сурах, хүнээс үг сонсох бол залуу хүнд байх ёстой чухал чанаруудын нэг. Урсгал дагаж биш, сөрж явах хэрэгтэй. Тэгж байж чи хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжтой. Их сургууль зөвхөн онолын талаас чамд мэдээллийг өгөх учир хандлага, чадваруудыг өөрөө эзэмших нь чухал. Цаг хугацаа өнгөрөх тусам мэдээллийн хүрэх хэлбэр, түүний аюулгүй байдал хурдан хувьсан өөрчлөгдөх тул түүнийг урьдчилан харж, судалж, судалгаа хийж байх хэрэгтэй.

Энэ мэргэжлийг маш сайн эзэмшихийн тулд ямар ур чадвар эзэмших ёстой вэ?

Юу юунаас илүү чамд сэтгэл бас түүнийг хийх дур хүсэл байх хэрэгтэй. Хүн нэг зүйлд сэтгэл татагдаад дурлаад ирвэл юуг ч сурч чадна. Дуртай юмаа хийж байхдаа хүн цаг хугацааг ч анзааралгүй хийж буй ажилдаа тун шимтэн ордог. Дуртай зүйлээ, цаг гарган хөдөлмөрлөж байгаа л бол ямар ч мэргэжлийг эзэмшихэд тийм төвөгтэй биш байх.

Таны бодлоор 20 жилийн дараа энэ мэргэжил байх уу?

Мэдээллийн технологийн гурав дахь эрин үеийг тодорхойлж буй дөрвөн том хүчин зүйл бий. Үүнд Cloud буюу үүлэн тооцоолол, Big Data буюу геометр прогрессоор өсөн нэмэгдэж буй үлэмж хэмжээний тоон мэдээлэл, Social буюу нийгмийн сүлжээ, Mobility буюу хөдөлгөөнт төхөөрөмж мөн ухаалаг гар утасны өргөн хэрэглээ зэрэг нь бидэнд олон боломж олгож байна. Ирээдүйд бидэнд цаас ч хэрэггүй болж болох юм. Мэдээж 20 жил байтугай жилийн дараа IT инженер гэдэг мэргэжил байсааар байх болно. Түүнчлэн боломжоо дагаад шинэ сорилтууд тулгарч байгаа. Тэдгээр сорилтуудын нэг нь мэдээллийн аюулгүй байдлын асуудал. Иймд манай улс уул уурхай гэх мэт салбараа хөхүүлэн дэмжихээс гадна мэдээллийн салбараа мөн хөгжүүлэх хэрэгтэй.

Уг мэргэжлээр Монголчуудын хувьд олон улсад ажиллах, гарах боломж хир их вэ?

Монгол инженерүүд аль хэдийн дэлхийн алдартай Microsoft, Yahoo, Google, Apple гэх мэт компаниудад ажиллаж байна. Мэдээж боломж хэзээд бий. Шинэ цаг үеийн англи хэл болон бусад гадаад орны хэлний өндөр мэдлэгтэй нэгэн шинэ үе гарч ирж байна. Дотоодын мэргэжилтний өрсөлдөөн их байх нь эргээд биенээ дэлхийд гаргах боломж болох юм болов уу гэж бодож байна.

IMG_7091

 Ирэх таван жилд та энэ салбарт өөрийгөө хэрхэн харж байна вэ?

Миний мэргэжил өөрөө хурд, мэдлэг, авхаалж шаарддаг юм. Өөрөөр хэлбэл нэг л зүйлдээ тогтон ажилладаггүй. Миний хувьд мэргэжлээ дээшлүүлэхээр гадаад улсад магистрийн зэрэг авахаар сурадцана. Эх орондоо эргэж ирээд, Худалдаа хөгжлийн банкинд илүү том өөрчлөлт, шинэчлэлт хийнэ гэж зорьж байна. Ганц таван жилийн дараа гэлтгүй цаг үргэлж л өөрийгөө шахан, урагш зүтгэхийг хичээн ажиллана.

Танд бидний асууж амжаагүй эсвэл уншигчдад хэлэхийг хүсч буй зүйл байвал хуваалцана уу?

“Карьер хөтөч” буландаа урин оролцуулсанд баярлалаа. Хэлэхийг хүсч буй зүйл гэвэл залуу үеийнхэн маань бусдаас сонсож сурах хэрэгтэй. Түүнчлэн шаргуу дайчин байж өөрийгөө сайн хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөө л хичээл зүтгэл гаргаж байж аливаад хүрнэ. Мөн цаг зав гарвал спорторр хичээллээрэй гэж зөвлөе. Учир нь спорт хүнийг хүмүүжүүлж, тэсвэр хатуужилтай болгож өгдөг шүү дээ.

 

Сэтгэгдэл үлдээх

*