IMG-2593

КАРЬЕР ХӨТӨЧ: Caffe Bene Mongolia-н бариста Т.Оюунзаяа

Энэ удаагийн 2-р түвшний мэргэжилтний хувиар Caffe bene-д баристагаар ажилладаг Т.Оюунзаяа уригдан оролцлоо.

Та өөрийнхөө талаар уншигчдад товч танилцуулаач?

Намайг Т.Оюунзаяа гэдэг. Би Naadam Center дэх Caffe Bene-д 4 жил ажиллаж байна. Би бариста хийдэг ч яг үндсэн ажил маань кофе хуурах. Хэрвээ анзаарч байсан бол Naadam Center дэх Caffe Bene салбарт байдаг жижигхэн шилэн өрөөнд кофе хуурах ажил хийдэг гэсэн үг. Тэндээ кофе хуурахаас гадна хүмүүс кофе авахаар орж ирэхэд нь тэдэнтэй сайхан яриа өрнүүлэх, сонирхож асуусан зүйлийг нь тайлбарлах, кофег нь хамт хийх, хааяа өөрсдөө хийх ч боломжийг олгодог. Учир нь би ямар нэгэн хэм хэмжээнд баригдаж робот шиг ажиллахыг хүсдэггүй. Үйлчлүүлэгчтэйгээ аль болох дотно байж, чөлөөтэй ярилцдаг нь миний давуу тал юм болов уу гэж боддог.

Та анх ажиллаж эхлэхдээ л ийм арга барилтай байсан уу? Эсвэл ажиллаж байх үед нь өөрчлөлт орсон уу?

Ер нь бол тийм. Гэхдээ дөрвөн жил гэдэг маш их хугацаа. Эхэндээ мэдээж айна, сандарна, ингээд асуучихвал юу гэх бол гэм мэтчилэн бодох зэргээр санаа зовнидог байсан. Дөрвөн жилийн өмнөх үеийн хүмүүсийн бодол одоогийнхоос их өөр болсон юм шиг санагддаг. Сүүтэй кофений үнэ 5000 төгрөг орчим байхад хүмүүс их гайхаж дургүйцэх үеүд зөндөө байсан. Одоо харьцангуй мэддэг болоод харилцахад илүү амар болсон гэж боддог. Тиймээс одоо бол анх байснаасаа илүү чөлөөтэй байж чаддаг.

Таны хувьд бариста гэж хэн бэ?

Яг БАРИСТА гэсэн үгийг тайлбарласан тайлбар байдаг. Задлаад үзвэл “bar position star” буюу яг тухайн орчныхоо хамгийн гол талбайг хамарсан хэсэгт зогсдог хамгийн чухал хүн нь гэсэн үг юм.

IMG-2593

Та энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ? Үүнтэй хэрхэн холбогдсон бэ?

Би маш олон төрлийн сонирхолтой хүн. Надад хүн анх санал болгоход нь хийж үзмээр санагдаад туршиж байлаа. Ер нь бариста болоход эхний хэдэн хоног мэдээж шууд кофе бэлдээд явахгүй, эхлээд орчиндоо дасна, аяга угаана, шалаа цэвэрлэнэ гэх мэт энгийн ажлуудыг хийж эхэлдэг. Миний бодлоор сүүлийн үеийн залуучууд энэ үеийг давж чадахгүй, шантраад байгаа юм шиг санагддаг. Цэцэг тарихад ганцхан өдрийн дотор сайхан цэцэг ургачихгүйтэй адилхан, бариста болохын тулд энэ үеийг давах л ёстой. Эхний гурван хоног шал угаачихаад хүмүүс энэ чигээрээ мөнх байх юм шиг бодоод больчихдог, гэтэл үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Эхний гурван хоног шал угаалаа гэхэд дараа нь заал руу гарч хүмүүстэй харилцаж эхэлнэ, захиалгыг нь гаргаж өгдөг болно, дараа нь хүйтэн уух зүйлсээ бэлдэж сурна гэх мэтчилэн тодорхой шат дарааллын дараа тэр хүн бариста болно гэсэн үг. Тиймээс одоо дөнгөж бариста болохоор зорьж буй хүмүүс үүнийг уншиж байвал битгий шантраарай гэж хэлье. Мөн хамт олон нь сайн дэмжиж өгдөг байгууллага бол бүр сайхан. Жишээ нь, манай Caffe bene-гийн хамт олон бол надад яг л гэр бүл шиг минь байдаг. Манай удирдлага анхнаасаа хүнээ авахдаа яг нүдээ олсон хүмүүсээ авч чаддаг юм шиг санагдсан.

Бариста болохоос өмнө болон бариста болсны дараах таны бодол хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ялгаа бий юу?

Миний хувьд би өөрийгөө анхнаасаа яг энэ цэгт хүрэхээ мэдэж байсан. Анх бариста болчихоод кофений үрийг хараад энэ хаанаас үүсдэг юм болоо, яаж бидний уудаг кофе болдог юм бол гэх мэтээр маш их гайхсан улмаар судалгаа хийж эхэлсэн. Тухайн үед мэдээлэл бага зэрэг олдохын хувьд олддог ч миний хүссэн шиг дэлгэрэнгүй мэдээлэл их хомс байсан. Cherry буюу интоорноос ногоон үр гаргаад тэр нь бор өнгөтэй болоод улмаар бидний мэдэх кофе үүсдгийг мэдээд надад улам сонин санагдаж энэ чиглэлээр элдэв мэдээлэл цуглуулсаар л байсан.

Таны бодлоор сайн бариста болохын тулд ямар чадваруудыг эзэмшсэн байх ёстой вэ?

Бариста хүн өөрөө сэтгэл зүйч байх шаардлагатай. Учир нь чи өдөрт ганцхан хүнтэй харьцахгүй. Өдөр бүр янз бүрийн ааштай, төрөл бүрийн орчинд өсөж хүмүүжсэн маш олон хүмүүстэй харилцах хэрэгтэй болно. Тэр бүх хүмүүс бүгд чамтай сайхан харьцахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүстэй хэрхэн харилцахаа чи мэддэг байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд чи уурлаж бухимдаж болохгүй. Надад тохиолдож байсан жишээг ярихад нэг удаа гаднаас маш их ууртай эгч орж ирээд намайг маш их загнасан. Би хэзээ ч өөдөөс нь уурлах юм уу, хэрэлдэж болохгүй учраас “Уучлаарай эгч ээ, би танд дахиад кофег нь найруулаад өгөх үү?” гэх мэтчилэн хэлж мөн аягыг нь дахин дахин угаан өгөх гэх мэтээр маш их хичээсэн. Харин тэр эгч яг гарахынхаа өмнө “Миний дүү эгчийгээ уучлаарай, эгч нь арай дэндүүлсэн байна” гэж хэлсэн. Тэр үгийг нь сонсоход надад маш сайхан байсан. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр сайн бариста гэж зөвхөн сайхан амттай кофе хийдэг хүнийг хэлдэггүй, харин хүнтэй зөв харилцах чадвар гэдэг хамгийн чухал нь юм шүү.

Таны ажлын онцлог болоод хэцүү тал нь юу вэ?

Энэ их олон талтай л даа. Яг юу хийж байгаагаасаа шалтгаална. Миний хийдэг ажил буюу кофе хуурах гэдэг бариста хийхээс их өөр. Анх хийж байхад шантармаар санагддаг байсан. Маш халуун агаар дээр эргэлдэж байх бөгөөд энэ үед нь ногоон өнгөтэй үрээ хийнэ. Тэгээд халуун агаарын урсгалаар кофегоо хуурдаг гэсэн үг. Хэрвээ алдаатай хуурчих юм бол тэр кофе ямар үнэтэй билээ, хэдхэн секунд анхаарлаа сарниулахад л тэр хайран кофе онцгүй амттай болохоос эхлээд шатаад юу ч үгүй болох ч боломжтой. Би эхлээд нэг л учраа олохгүй, шатаачих вий гэж айгаад арай дутуу гаргаад байсан. Тэр үед надад их хэцүү байсан л даа, тиймээс би маргааш нь яг чадна гэж өөртөө хэлээд зоригтойгоор хийж үзтэл яг сайхан болоод гараад ирэхэд нь би маш их баярлаж байсан даа.

Та юунаас урам зориг авч ажилладаг вэ?

Би ажил руугаа орохдоо өөрийн эрхгүй инээмсэглэчихсэн байдаг. Бас манай хамт олон үнэхээр сайхан хамт олон , нэг маань маш гоё арт ч юм уу хийчихсэн байвал бүгд магтаж, хийсэн юмных нь зургийг авч, маш гоёор урамшуулдаг. Тэр нь надад маш их урам зориг өгдөг.

Таны дуртай кофе юу вэ?

Сонирхолтой нь би өөрөө кофе нэг их уудаггүй, харин цай тэр дундаа ургамлын гаралтай цайнд их дуртай. Харин хийх дуртай кофе гэвэл яг тэр гэсэн кофе байхгүй ч арт хийх хамгийн гоё санагддаг. Жишээ нь, үйлчлүүлэгчдээ кофег нь бэлдэж өгөхдөө нэрийг нь кофегоороо бичээд өгөхөд тэр хүн маш их баярладаг. Түүнээс бас их урам авдаг. Мөн гар аргаар хийдэг кофегоо найруулж байхдаа үйлчлүүлж байгаа хүнтэйгээ яг одоо хоёулаа ингээд ярилцаад сууж байгаа шиг кофений талаар ч юм уу эсвэл өөр зүйлийн талаар ярилцдаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл ус гэдэг амьтай зүйл. Харин кофег усаар найруулж хийдэг. Тиймээс кофе бол өөрөө амьд бөгөөд түүнийгээ хийж байх үедээ сайхан зүйлийн талаар ярилцахад тэр энерги кофенд шингэнэ гэсэн үг юм. Тэгж сайхан яриа өрнүүлж хийсэн кофе цаанаа сайхан амттай болсон байдаг. Миний нэг онцлог бол би үйлчлүүлэгч ороод ирэхэд чанга дуугаар мэндэлж чаддаггүй, зөөлөн дуугаар мэндлээд тэр хүн рүү хараад нүдээрээ инээмсэглэдэг, учир нь нүд худлаа ярьдаггүй. Тэгэхэд орж ирсэн хүнд энэ хүн намайг таньдаг юм байх даа гэсэн тийм дотно мэдрэмж төрдөг. Хүнд тийм сайхан мэдрэмж өгдөг ажлынхаа яг тэр хэсэгт би маш дуртай.

Танд хийх арга барил эсвэл амт, үнэрээрээ өвөрмөц санагддаг кофе байдаг уу?

Яг кофе гэхээсээ илүү кофе хуурах үед гардаг үнэр их өвөрмөц байдаг. Кофе хуурч байхад тэр хавийн дэлгүүрүүдэд хүртэл тархчихдаг маш гоё тааламжтай үнэр байдаг.

Манай уншигчдад кофений талаар нэг сонирхолтой баримт хэлээч?

Зарим хүмүүс кофе уугаад нойр нь сэргэдэг, зарим нь харин ч нойр хүргээд байдаг гэж хэлж байхыг олон удаа сонсож байсан. Энэ юунаас болдог вэ гэхээр кофе ууснаас хойших 45 минутанд хүн маш их сэргэж, энерги авдаг. Харин түүнээс хойш хүн их тайвширч, бие амардаг. Тиймээс зарим хүмүүст тэр нь илүү тод илэрч нойрыг нь хүргээд байгаа мэт санагддаг юм. Тийм ч учраас кофе шопууд 21.00, 22.00 хүртэл ажилладаг нь үүнтэй холбоотой.

IMG-2594

Таны бодлоор 20 жилийн дараа энэ мэргэжил байх болов уу?

Байна. 20 жилийн дараа гэхэд би баристагаасаа өөр зүйл хийгээд явах ч кофе надтай хамт байсаар байх болно.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Маш хөгжилтэй өнгөрдөг. Дээр хэлсэнчлэн бариста хүн гэдэг сэтгэл зүйч шиг байдаг. Янз бүрийн хүмүүстэй харилцаж, тэднээс янз бүрийн мэдрэмж авдаг. Мөн өдрийн туршид төрөл бүрийн кофе хийж байхад ажлын өдөр харвасан сум шиг дэндүү хурдан өнгөрдөг дөө.

Ярилцлагын төгсгөлд та манай уншигчдад хандаж юу гэж хэлмээр байна вэ?

Кофений талаар эсвэл баристагийн талаар асуумаар, мэдмээр байгаа зүйл байвал миний ажилладаг хэсэгт ирээд чөлөөтэй асууж, ярилцаж болно шүү гэж хэлмээр байна. Би тэгээд ирвэл тусалсныхаа хариуд юу ч нэхэхгүй харин ч ирсэнд нь баяртай байх болно. Тийм учраас чөлөөтэй ирээд асууж болно шүү.

Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье!

Баярлалаа.

Бэлтгэсэн: Э.Номлуун

Сэтгэгдэл үлдээх

*