2B2A7772

КАРЬЕР ХӨТӨЧ: IT Инженерийн оюутан А.Мөнхбадрал

IVO санаачилга оюутан, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, олон төрлийн сонирхолтой мэргэжлүүдийн халуун “гал тогоо”, бодит байдлыг танилцуулах зорилготой “Карьер Хөтөч” хэмээх цуврал ярилцлагын буланг эрхлэн гаргаж байгаа билээ. Тухайн нэг мэргэжлээр суралцаж буй оюутан, ажил дээр гараад удаагүй залуу мэргэжилтэн, салбартаа манлайлж буй туршлагатай эксперт гэсэн карьерийн хувьд гурван өөр түвшинд яваа хүмүүс та бүхэнтэй өөрийн мэргэжлийн онцлогийг хуваалцах юм.

“Карьер Хөтөч” булан энэ удаагийн дугаартаа IT ИНЖЕНЕР мэргэжлийг онцолж байна.

Эхний зочноор ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан,  WOOVOO технологийн компанид программ хангамж, хөгжүүлэгчээр ажилладаг А.Мөнхбадрал уригдлаа.

 Та өөрийгөө болон мэргэжлийнхээ талаар уншигчдад товч танилцуулаач?

Сайн байна уу, намайг Алтанпүрэвийн Мөнхбадрал гэдэг. ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн сургуульд IT мэргэжлээр 4-р курсд суралцдаг. Мөн хичээлийнхээ хажуугаар WOOVOO технологийн компанид программ хангамж, хөгжүүлэгчээр ажиллаж байна.

2B2A7769

Яагаад энэ мэргэжлийг сонгохоор шийдсэн бэ?

Сонгохоор шийдсэн шалтгаан бол ахлах ангид байхад манай мэдээлэл зүйн багш хичээл дээрээ хялбар программчлалын дасгал хийлгүүлдэг байсан. Тэр үед л анх код бичиж үзсэн, тухайн үедээ маш их таалагдаад  ер нь программ хангамж чиглэлээр суръя гэж шийдсэн. Нэгдүгээр курсдээ би огт ямар салбараар явахаа мэдэхгүй байсан. Сүлжээний инженер эсвэл аюулгүйн чиглэлээр ч юм уу, энэ тэр гэсэн баримжаа байгаагүй. IT мэргэжил маань их олон салбар луу хөрвөх боломжтой. Би хувьдаа үүнийг нэг том давуу тал гэж боддог.

  Мэргэжлийнхээ талаарх анхны төсөөлөл болон одоогийн ойлголт хоёрын хооронд ямар ялгаа байгаа вэ? Анхны ойлголт чинь өөрчлөгдсөн үү?

Анх бол яг ийм тийм гээд хэлчих барьц баримжаа огт байгаагүй. Зүгээр хүнээс захиалга аваад тэр хүнд зориулж код бичээд л боллоо гэж боддог байсан. Одоо бол захиалгаа аваад программаа хөгжүүлэх явцад л энэ мэргэжлийн яг уг үндэс гарч ирдэг гэж хувьдаа боддог. Практик дээр их зүйл сурдаг.

Таны бодлоор энэ салбарт сайн мэргэжилтэн болохын тулд ямар ямар ур чадвар эзэмшсэн байх нь хамгийн чухал вэ?

Техник технологи гэдэг бол зогсонги байдалтай байдаг зүйл биш, цаг минут тутамд шинэчлэгдэж, сайжирч явдаг. Тийм учир цаг үетэйгээ дасан зохицох чадвартай байх хэрэгтэй. Жишээ нь шинэ программчлалын хэл, багаж(tool) гэх мэт. Бас багаар ажиллах чадвартай байх нь чухал. Учир нь ганцаараа ажилладаг хүнд программын ертөнц ер нь л хатуу. Өөр үгээр бол олон салбарт мэргэшсэн мэргэжилтнүүд нийлж ажиллаж байж нэг цогц бүтээгдэхүүн гаргаж ирдэг.

  Суралцаж буй мэргэжлийн чинь юу нь хамгийн хэцүү, юу нь хамгийн сайхан санагддаг вэ?

Хэцүү зүйлийн хувьд бол энэ салбарт өрсөлдөөн тун их, учир нь IT гэдэг мэргэжил  их залуу мэргэжлийн тоонд ордог. Монголд энэ мэргэжлээр чадварлаг залуу боловсон хүчин улам бүр нэмэгдэж  байгаа. Тийм учир  өмнө дурдсан шиг өөрсдийгөө хөгжүүлж, сорьж, шинийг эрмэлзэх нь маш чухал. Гэвч энэ нь хэцүү гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө дайчлах нэг хөшүүрэг болж өгдөг. Миний мэргэжлийн хамгийн сайхан нь хөгжүүлж буй программ минь алдаагүй яг таг бэлэн болоод, хийх ёстой үүргээ гүйцэтгэхийг харах сайхан байдаг. Хамгийн гол нь үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай байх нь намайг маш их эерэг энергиэр цэнэглэдэг.

2B2A7768

 Хүмүүс танай мэргэжлийн талаар ямар нийтлэг буруу ойлголттой байдаг вэ?

Яг IT гэдэг мэргэжлийг хүмүүс зөвхөн компьютер эсвэл принтерийн систем янзалдаг ч юм уу эсвэл интернет кабел сүлжээ холбодог гэсэн ойлголттой байдаг. Энэ зүйлүүд бидний ажлын нэг л хэсэг. би огт үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ ямар нэгэн технологийн систем дэх бүтэц чиг хандлагыг тодорхойлох, засах, сайжруулах гэдэг том үүрэг хариуцлага биднийг манаад байж байдаг гэх үү?(инээв). Бас нийт хүмүүст хандаж хэлэхэд манай мэргэжил их олон салбартай тухайн хүн аль ч салбарыг голлоод явах боломжтой. IT гэхээрээ л хакер хийдэг, вирус код бичдэг хүнийг хэлдэггүй юм шүү.

Таны өдөр тутамдаа байнга авч явдаг ажлын хэрэгсэл?

Зөөврийн компьютер. Мэргэжлийн холбогдолтой ном, сурах бичиг, шинэ техник технологийн танилцуулга, гарын авлагыг дандаа биш ч гэсэн ер нь авч явдаг. Одоо үед чинь зөөврийн хэрэгслүүд илүү хөгжсөн шүү дээ, тийм учир өөртөө амар л хэрэгсэл авч явахыг эрмэлздэг.

   Хэрэв танай мэргэжлийн сургуульд элсэн суралцвал юун дээр хамгийн сайн анхаарах хэрэгтэй вэ? (Life hack for students)

Салбараа тодорхойлох. Учир нь зарим хүмүүс яг мэргэшсэн салбар байхгүй, өнгөц мэдлэгтэй болчихдог.  Яг юуг голчилж баримаар байгаагаа эрт шийдэх хэрэгтэй. ЕБС-ийн сурагчдад өгөх зөвлөгөө(hack) гэвэл хийсвэр оюун ухаанаар цаашаа явах гэж байгаа бол математикийн чадвар өндөр шаарддаг. Харин манай мэргэжил бол англи хэл, мэдээлэл зүй дээр суурилдаг гэж хэлж болно. Гэхдээ хамгийн гол нь шинийг эрэлхийлдэг, сониуч зан чанарыг өөртөө суулгах нь тун чухал.

2B2A7778

Энэ салбараас таны хүндэлж явдаг хүн?

Маш олон хүн бий. Энэ мэргэжлийг сонгоод, уг мэргэжлээрээ ажиллаж, ажиллах явцдаа сурч, сурах явцдаа дурлаж байгаа хүмүүсийг бүгдийг нь хүндэлж явдаг. Цөөн үгээр хэлэхэд сэтгэл зүрхээ зориулдаг бүх хүмүүсийг хүндэлдэг. Зарим хүмүүс цалингаас нь болоод уг салбар луу оръё гэж боддог. Тэр хүмүүс эсвэл бүр бидний залуу үе энэ салбарыг сэтгэл зүрхэндээ мэдэрч, тултал нь ажлаа гүйцэтгэж огт чадахгүй.

Энэ хугацаанд таны суралцсан хамгийн үнэт амьдралын хичээлүүд?

Би төгсөх курсийн оюутан. Туршлага арай хангалттай цуглуулж амжаагүй болохоор хүний амьдрал, бэрхшээл гэх мэт сэдвээр ярилцах нь жоохон бэрхшээлтэй. Энэ мэргэжлээр суралцах явцдаа мөн дадлагаасаа суралцаж авсан зүйл гэвэл хүмүүс мэддэг юмаа ярихдаа асуудалгүй байдаг хирнээ, мэдэхгүй зүйлээ асуухаас айж ичдэг гэж анзаарсан. Магадгүй санаа зовоод асууж чадахгүй тэр зүйлээ ганцаараа нухаад суучихдаг байх. Энэ бол маш буруу зүйл, мэдэхгүй байгаа зүйлээ цаг алдалгүй асуугаад, суралцаад цааш хөдлөх  нь маш чухал.

Юунаас урам зориг авдаг вэ?

Уг мэргэжлийг би сонгосон тиймээс сонголтдоо би л үнэнч явах хэрэгтэй гэж боддог. Энэ нь магадгүй намайг энэ мэргэжилд дурлаж, урам зориг өгсөн шалтгаануудын нэг байж болох юм. Монголд start-up буюу залуу компаниуд олширсон. Ялангуяа IT салбарт энэ нөлөө нь тод мэдрэгдэж байгаа. Тэр компаниудын ажилчид нэг зорилготой, ажлынхаа төлөө хамаг юмаа зориулж цалин, цаг нарыг үл хайхран ажиллаж байгаа нь маш их урам зориг өгдөг. Тэр хүмүүсийг хараад би ч гэсэн ийм хандлагатай байх хэрэгтэй гэж бодож, урам зориг авч идэвхэждэг.

2B2A7772

 Энэ мэргэжлээр суралцаж буй мөн энэ мэргэжлийг эзэмших хүсэлтэй залуу үеийнхэнд хэлэх захиас?

Оюутнууд бол дадлага хийх нь зүйтэй. Заавал хөтөлбөртөө баригдаж дадлага хийх биш юм. Гол нь тэр мэргэжлийн хүмүүсээс сайн зөвлөгөө авч суралцах. Тэгж байж цаашдын салбарын чиг баримжаа, дүр зураг бууж ирдэг. Ахлах ангийнхан IT программист гэхээр комьютерийнхээ ард суучхаад л видео тоглоомын систем зохион байгуулаад л, ямар нэгэн серверийн вирусийг устгадаг гэх мэт хөрсөнд буугаагүй зүйлсийг төсөөлдөг. Энэ мэргэжлийг илүү судалж ухаарах нь зүйтэй байх. Сурдаг хүмүүс, уг мэргэжлээр ажилладаг хүмүүсээс бүтэц, салбаруудыг нь асууж цаашид яаж хөгжиж болох гэх мэт олон зүйлийг судлах нь чухал. Мөн англи хэл маш чухал.

Энэ мэргэжлээр олон улсад ажиллах, гарах боломж байдаг уу?

Тухайн оронд тохируулан хэлийг нь сурах шаардлагатай болно. Би хэдэн жилийн өмнө дэлхийгээр тойрч аялангаа  хажуугаар нь программ хөгжүүлдэг хөгжүүлэгчтэй уулзаж байсан. Тэр хүн бол зайнаас ажилладаг нэгэн. Үүргэвчиндээ зөвхөн laptop мөн хэдэн солионы хувцастайгаа дэлхийг тойрон аялан, нэг оронд очоод хэдэн сар амьдардаг. Тэгэнгээ ажлаа зохицуулаад л явдаг. Тэр хүн: “ингэж ажиллахын тулд заавал дэлхийн топ сургуулиас боловсрол эзэмшиж, хамгийн хэцүү гэсэн кодыг бичихдээ биш юм. Гол нь хэлтэй, өөрийгөө дайчлах хүчтэй, аа бас салбартаа туршлагатай болсон хойноо энэ шат руу орох нь тохиромжтой” гэж зөвлөсөн. Манай мэргэжлээр олон улсад ажилладаг маш олон хүмүүс байдаг. Боломж бол нэлээд их, өөрөө л сураглаж хайхдаа гол нь байх.

Таны мэргэжил 20 жилийн дараа байх болов уу?

Байх болно! Гэхдээ зарим зүйл нь нэлээд өөрчлөгдөх байх гэж таамаглаж байна. Учир нь технологи хөгжихийн хирээр салбар тус бүр хурдацтай өсөн дэвшиж байгаа. Өөрөөр хэлбэр бараг бүх салбарын ажил технологиос шууд хамааралтай болж байгаа. Уг мэргэжил маань нарийвчлагдах тусам хүний туслалцааг илүү шаарддаг. Ийм үүднээс, манай мэргэжил хорин жилийн дараа зайлшгүй оршин тогтнох мэргэжлүүдийн тоонд багтана гэж бодож байна.2B2A7770

Ирэх таван жилд та энэ салбарт өөрийгөө хэрхэн харж байна вэ?

Тэр хүртэл би өөрийгөө тодорхой хэмжээнд хөгжүүлсэн, маш их туршлага хуримтлуулсан байна гэж бодож байна. Урьд дурдсан залуу шиг дэлхийгээр тойрон аялах бодолтой байгаа. Дуртай салбараараа алсын зайнаас ажиллаж үзмээр байна.

Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа

Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

*