IMG_6320

КАРЬЕР ХӨТӨЧ: Newspress.mn сайтын Эдийн засгийн сэтгүүлч Ш. Цогзолмаа

-Та өөрийгөө болон мэргэжлийнхээ талаар уншигчдад танилцуулаач

Намайг Ш.Цогзолмаа гэдэг. Одоогоор newspress.mn сайтад эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн.

Хүмүүс сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч гэсэн мэргэжлүүдийг адилхан гэж ойлгодог

-Хүмүүс таны мэргэжлийн талаар ямар нийтлэг буруу ойлголттой байдаг вэ?

-Хүмүүсийн хамгийн нийтлэг буруу ойлголт нь сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч гэсэн мэргэжлүүдийг адилхан мэтээр ойлгодог. Гэвч энэ нь гурвуулаа өөр өөрийн онцлогтой мэргэжил. Сэтгүүлч бол агуулга талаас нь тухайн мэдээг бэлтгэн хүргэдэг. Түүнчлэн камерний өмнө гардаг, гоё сайхан мэргэжил гэж өнгөц харах нь бий. Сэтгүүлч мэргэжил аливаа хүнээс мэдлэг, боловсрол, хүн чанар, мэдрэмж зэргийг шаарддаг.

Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

Ер нь багаасаа л шийдчихсэн байсан гэж хэлж болно. Яг хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй ч ухаан орсон цагаасаа л сэтгүүлч болохыг хүсдэг байлаа. Багадаа ном унших дуртай, өдрийн тэмдэглэл хөтөлж, шүлэг их бичдэг хүүхэд байсан. Үүнийг гэрийнхэн хараад сэтгүүлч болох хүүхэд байна гэж хэлдэг байсан. Өөр нэг шалтгаан нь, би аливаа зүйлээс амархан уйдчих гээд байдаг. Өдөр бүр нэг зүйлээ давтан хийж, урсгалаараа байхыг хүсдэггүй. Аль болох шинэ зүйл сурч, сониуч байхыг хичээдэг л дээ. Тиймээс өдөр бүр шинэ мэдээлэл авч, шинэ хүмүүстэй танилцаж, өөр орчинд ажилладаг адал явдалтай мэргэжил миний сонирхлыг татсан юм. Өнөөдөр би банк, санхүүгийн талаар сурвалжлага хийлээ гэхэд маргааш нь уул уурхай, нөгөөдөр нь хөдөө аж ахуйн талаар бичих жишээтэй.

Үнэнийг мэдээлснээс болж дарамтад орох тохиолдол ч бий. Тэдгээрийг бүрэн тооцоолж, эрсдэлтэй мэргэжил гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

IMG_6315

-Энэ мэргэжлийг маш сайн эзэмшихийн тулд ямар ур чадвар эзэмших ёстой вэ?

-Юуны өмнө тухайн мэргэжилдээ үнэхээр дур сонирхолтой байх хэрэгтэй болов уу. Хүндрэл, бэрхшээл гарна гэдгийг ойлгож, түүндээ аль эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй. Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол улс хэвлэлийн эрх чөлөөг хагас хангадаг орны тоонд ордог. Зарим тохиолдолд төрийн алба болон хувийн байгууллагаас мэдээлэл олж авахад хүндрэлтэй байх нь бий. Мөн үнэнийг мэдээлснээс болж улстөрчид, эрх мэдэлтэй хүмүүсийн дарамтад орох тохиолдол ч байгаа. Тэр бүгдийг тооцоолж, эрсдэлтэй мэргэжил гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Оюутан байхдаа мэргэжлийнхээ талаар ямар ойлголттой вэ, ажил дээр гаргаад төсөөлөл тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Мэдээж асар ялгаатай. Оюутан байхдаа өдөр тутмын сонин, телевиз, радио гээд хэвлэл мэдээллийн бүх салбарт дадлага хийсэн л дээ. Тухайн үед мэргэжлийнхээ зөвхөн сайхан талыг нь харсан учраас болох юм байна гэсэн итгэл дүүрэн байсан. Харин ажил дээр гараад маш их хариуцлага, мэргэжлийн ёс зүйтэй байх ёстой гэдгийг яс махаараа мэдэрч эхэлсэн л дээ. Ажлын гараагаа анх “Өнөөдөр” сониноос эхэлж байхад нэг хуудас мэдээ бичих гэж улаан эрээн болтол нь засуулж, хоёр, гурван удаа дахин бичдэг байсан.

-Таны өдөр тутамдаа байнга авч явдаг ажлын хэрэгсэл?

-Гар утас, нөүтбүүк, үзэг, дуу хураагуур, иргэний болон ажлын үнэмлэх, гар ариутгагч, kindle, салфетка, ном байнга авч явдаг.

Сонинд ажилладаг байхад нэг хуудас мэдээ бичих гэж улаан эрээн болтол нь засуулж, хоёр, гурван удаа дахин бичдэг байсан

IMG_6313

-Энэ салбараас таны хүндэлж явдаг хүмүүс?

-“Өнөөдөр” сонинд ажиллаж байсан, “Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Л.Болормаа агсан, “Монгол Ньюс” группийг үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсан, “Монцамэ” агентлагийн захирал, сэтгүүлч Б.Ганчимэг, МҮОНТ-ийн ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа нарыг их хүндэлж, үлгэр жишээ авдаг. Харин үе тэнгийн залуусаас “Unread”-ийн хамт олон, “Ub.life” сайтын эрхлэгч Ж.Тэгшжаргал, “Ийгл ньюс” телевизийн ерөнхий продьюсероор ажилласан байсан Ж.Хулан нарын бэлтгэсэн контентууд их таалагддаг.

-Өөрийгөө мэргэжил болон хувь хүн талаас хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Юун түрүүнд ном их уншдаг. Мөн интернэтэд их цагийг өнгөрүүлдэг. “Youtube”-ээс янз бүрийн хүмүүсийн мэргэжил, аялал, өдөр тутмын амьдралынх талаарх vlog үзэж, “Goodreads”-ээс номын review байнга уншдаг юм байна. Мэргэжилтэйгээ холбоотойгоор “CNN”, “BBC”, “Economy” зэрэг гадны мэдээллийн сайт, сэтгүүлийг их ухаж, уншина.

Түүнчлэн компьютерийн ард олон цаг суудаг учраас эрүүл мэндэдээ анхаарах нь хамгийн чухал юм гэдгийг сүүлийн үед их ойлгосон. Тиймээс удахгүй усан сэлэлтээр хичээллэхээр төлөвлөж байна. Мөн цаг гарвал бямба гараг бүр ууланд алхаж, цэвэр агаар амьсгалан, хөдөлгөөнтэй байхыг хичээдэг л дээ.

Ямар мэргэжил эзэмшихээс үл хамааран, юу ч мөрөөдсөн бай сониуч бай

IMG_6321

-Таны ажлын сайхан тал мөн бэрхшээлтэй зүйлсүүд болоод түүнийг хэрхэн даван туулдаг тухай?

-Дээр дурдсанчлан өдөр бүр шинэ зүйл суралцдаг. Эдийн засгийн мэргэжлийн үг хэллэгүүд, урьд сонсож байгаагүй нэр томъёонуудаас эхлээд тухайн мэргэжлийн хүмүүстэй уулзаж, ярилцахын хэрээр сурах зүйл их байгааг ойлгож, өөрийгөө чамладаг. Хэцүү зүйл нь заримдаа шаардлагатай мэдээлэл олж авахад бэрхшээлтэй, албан байгууллагууд болон хувь хүмүүс хаалттай байдаг.

-Энэ мэргэжлээр суралцаж буй мөн энэ мэргэжлийг эзэмших хүсэлтэй залуу үеийнхэнд хэлэх захиас?

-Би залуу хүн учраас бусдад захиас хэлэхэд арай эрт байна. Гэхдээ ямар мэргэжил эзэмшихээс үл хамааран, юу ч мөрөөдсөн бай сониуч байх хэрэгтэй болов уу. Дэлхий ертөнц дээр юу болж байгааг яагаад тийм зүйл болов гэж сонирхон, эргэн тойрноо ажиглаад үзэх хэрэгтэй.

Бас ном унших нь ямар ач холбогдолтойг би гэлтгүй хүн бүр залхтал хэлж байгаа даа. Өнөөдөр олон нийтийн сүлжээнд мэдээлэл маш хурдан тархаж, сэтгүүлчээс түрүүнд мэдээг түгээж байгаа учраас сэтгүүлч хүн дан ганц мэдээ бэлтгэх нь хангалтгүй болсон. Олсон мэдээллээ задлан шинжилж, анализ хийхийн зэрэгцээ техник технологийн мэдлэгтэй байх шаардлага тулгарч байна. Тухайлбал, “Вашингтон Пост” сониныхон мэдээлэл цуглуулах программ ашиглан автоматаар мэдээ бичүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн оролцоогүйгээр хиймэл оюун ухаан ашиглан мэдээ бичдэг болж. Тэгэхээр технологийн дэвшлээс үүдэн сэтгүүлчдээс шаардах ур чадвар улам л нарийн болж байна. Миний хувьд эдийн засгийн чиглэлээр мэдээ бэлтгэхэд мэдлэг маань ямар хязгаарлагдмал байгааг ойлгосон. Иймд цаашид эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Технологийн дэвшлээс үүдэн сэтгүүлчдээс шаардах ур чадвар улам л нарийн болж байна

IMG_6318

-20 жилийн дараа энэ мэргэжил байх уу?

-Мэдээж ирээдүйд оршин тогтносоор байна. Сэтгүүл зүй бол тухайн нийгмийнхээ толь, дөрөв дэх засаглал гэгддэг. Харин хэлбэрийн хувьд техник технологийн хурдацтай хөгжлөөс шалтгаалж өөрчлөгдөх болов уу. Дэлхийн дахинд өнөөдөр хэдэн сая мэдээлэл, хэвлэл мэдэллийн хэрэгсэл, олон сүлжээнд түгж байна. Ийм том мэдээллийн эрин зуунд зөв, бодит мэдээллийг шүүж олж авахад бэрхшээлтэй болсон. Тиймээс сэтгүүл зүй энэ чиглэлд нарийн хөгжих болов уу.

-Ирэх таван жилд та энэ салбарт өөрийгөө хэрхэн харж байна вэ?

-Ямартай ч гадаадад магистрын зэргээ хамгаалаад ирчихсэн байна байх. Тэгээд телевизийн салбарт ажиллахаар зорьж байгаа. Ажлын гараагаа өдөр тутмын сониноос эхлүүлсэн шалтгаан нь сууриа сайн тавих гэснийх л дээ. Өдөр тутмын сониноос ажлын гараагаа эхлүүлж, амжилттай яваа олон мундаг сэтгүүлч бий. Цаашид цаг үетэйгээ хөл нийлүүлж, хэвлэл мэдээллийн бусад салбарт өөрийгөө сорьж үзэхийг тулд телевизэд ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Аливаад авах гээхийн ухаанаар хандаж, өөрийнхөө дотоод чадвартаа итгээрэй

-Залуу хүний хувьд, үеийн залуустаа хандаж хэлвэл юу гэж хэлэх вэ?

Сониуч байж, эргэн тойрондоо юу болж байгааг, хорвоо дэлхийн зүйлсийг сонирхож байгаарай гэж хэлье. Нэгэн хэвийн зүйлээ хийгээд байлгүй, зорилготой, мөрөөдөлтэй байгаад түүнийхээ араас тууштай зүтгэх хэрэгтэй. Мэдээж хүмүүсийн зөвлөгөө, үгийг сонсох хэрэгтэй ч, хүн бүрийг сонсолгүй аливаад авах гээхийн ухаанаар хандаж, өөрийнхөө дотоод чадвартаа итгээрэй.

Сэтгэгдэл үлдээх

*