КАРЬЕР ХӨТӨЧ: “Tatuka Bakery” бариста БАДРАЛ

IVO санаачилга оюутан, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, олон төрлийн сонирхолтой мэргэжлүүдийн халуун “гал тогоо”, бодит байдлыг танилцуулах зорилготой “Карьер Хөтөч” хэмээх цуврал ярилцлагын буланг эрхлэн гаргаж байгаа билээ. Тухайн мэргэжлээр суралцаж буй оюутан, ажил дээр гараад удаагүй залуу мэргэжилтэн, салбартаа манлайлж буй туршлагатай эксперт гэсэн карьерийн хувьд гурван өөр төвшинд яваа хүмүүс та бүхэнтэй өөрийн мэргэжлийн онцлогийг хуваалцах юм.

“Карьер Хөтөч” булан энэ удаагийн дугаартаа БАРИСТА мэргэжлийг онцолж байна.

Энэ удаагийн 1-р түвшний мэргэжилтний хувиар МУИС-ийн 3-р курсийн оюутан, Татука Бэйкэрид баристагаар ажилладаг Бадрал уригдан оролцлоо.

Та өөрийнхөө талаар уншигчдад товч танилцуулаач?

Сайн байна уу, намайг Бадрал гэдэг. Би Монгол Улсын Их Сургуулийн 3-р дамжаанд суралцдаг. Татукад ажиллаж эхлээд ойролцоогоор сар гаруй хугацаа өнгөрсөн байна. 25-р эмийн сангийн ойролцоо нээгдсэн энэхүү шинэ салбарт ажиллаж эхлэхээсээ өмнө 19-ийн үйлчилгээний төв дэх салбарт 3-4 хоног дадлага хийсэн.

DSC_8644

Яагаад энэ мэргэжлийг сонгохоор шийдсэн бэ?

Үндсэндээ надад маш сонирхолтой санагдсан. Учир нь би өөрөө тухайн үед нэг их кофе уудаггүй байсан юм. Гэхдээ найзаараа дамжуулан ийм ажлын байр болоод баристагаар ажиллах боломж байгааг мэдээд кофены талаар мэдлэгтэй болох мөн давхар ажил хийе гэж бодсоны үндсэн дээр энд баристагаар ажиллах болсон.

Мэргэжлийнхээ талаарх анхны төсөөлөл болон одоогийн ойлголт хоёрын хооронд ямар ялгаа байгаа вэ? Анхны ойлголт чинь өөрчлөгдсөн үү?

Мэдээж ялгаа байгаа. Жишээ нь би энд ажиллаж эхлэхээсээ өмнө кофе найруулах их амархан, нэг төрлийн машин ашиглаад л гаргаад авдаг байх гэж боддог байсан. Гэтэл өөрөө ажиллаад баристагаас бүх юм шалтгаалдаг гэдгийг мэдэж авсан. Усыг нь бага зэрэг ихдүүлчихэд л кофений амт алдагдчих жишээтэй.

Таны бодлоор сайн бариста болохын тулд ямар ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой вэ?

Хамгийн гол нь ажлаа хийгээд байх тусам сайжирдаг гэж би боддог. Жишээ нь кофе арт хийж сурахын тулд өөрөө л практик дээр хийж байж сурна. Давхар өөрөө судалгаагаа сайн хийх хэрэгтэй гэж бодож байна.

Таны ажлын давуу болоод бэрхшээлтэй тал юу вэ?

Хүмүүстэй харилцаж, хүмүүст дуртай зүйлийг нь хийж өгдөг учраас түүнээс маш их аз жаргал мэдрэгддэг. Харин бэрхшээлтэй тал нь гэвэл өөрөө кофе их уудаг болчихдог юм билээ. Дээр хэлсэнчлэн би кофе огт уудаггүй байсан хирнээ одоо бол кофе уухгүй өдөр гэж байхгүй болсон доо.

Таны дуртай кофе юу вэ?

Би Американо уух дуртай. Ямар нэгэн илүү дутуу хольц байхгүй, яг амтаараа байдаг нь таалагддаг. Ер нь хүмүүс ихэвчлэн Американо ууж байгаа нь ажиглагддаг, кофег ямар нэгэн хольцтой уух эсэх нь хүн хүний сонирхлоос шалтгаалаад л янз бүр байдаг байх.

Танд хийх арга барилаараа эсвэл амт, үнэрээрээ өвөрмөц санагддаг кофе байдаг уу?

Надад “Мока” их өвөрмөц санагддаг. Учир нь хийх үедээ 4 үе үүсгэж хийдэг бөгөөд тэр нь гаднаасаа харагдаж байх ёстой байдаг. Шоколад, кофе, хөөс, сүү гэсэн байдлаар хийдэг ба бусдыгаа бодвол бага зэрэг илүү ажиллагаа шаарддаг гэж хэлж болно.

Таны хувьд ажлаа хийхдээ юунаас урам зориг авдаг вэ?

Зөвхөн миний хувьд ч гэлтгүй ямар ч мэргэжлийн хүн байсан БАЯРЛАЛАА гэдэг үгэнд их урамшдаг байх. Хүн үйлчлүүлээд гарахдаа баярлалаа гээд хэлчих юм бол хийж өгсөн кофе таалагдсан байна гэж бодоод их урамшдаг.

20 жилийн дараа энэ мэргэжил байна гэж та боддог уу?

Мэдээж байлгүй яах вэ. Хүмүүс кофег ууж байгаа цагт энэ мэргэжил байх л болно. Дэлхий дээр хүмүүс кофе уухаа больсон цагт л бариста гэдэг мэргэжил үгүй болно байх гэж бодож байна.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Манай салбар 09.00-21.00 хүртэл ажилладаг. Өглөө 09.00 цагаас бялуугаа хажуугийн цехэндээ хийж эхэлдэг юм. Миний хувьд үүнд нь оролцдоггүй учраас 12.00 цагийн үед ажил дээрээ ирдэг. Тэгээд хаах хүртэл нь буюу 21.00 цаг хүртэл ажилладаг даа. Ажлын ачааллын хувьд тухайн өдрөөсөө шалтгаалдаг. Амралтын өдөр ачаалал харьцангуй ихтэй, хөл хөдөлгөөнтэй байдаг бол ажлын өдөр сэлүүхэн байх жишээтэй.

DSC_8630

Бариста болсноосоо хойш хүмүүст кофений талаар зааж, сургалт хийе гэж бодсон уу?

Би өөрөө энэ мэргэжлээр ажиллаж эхлээд удаагүй байгаа, мэдэхгүй зүйлс их олон. Тиймээс одоогийн байдлаар сургалт хийнэ гэж бодохгүй байна. Харин туршлага хуримтлуулж мэдлэгээ тодорхой хэмжээнд сайжруулсныхаа дараа сургалт биш ч гэсэн ойр тойрныхоо хүмүүст мэдсэн, сурснаа зааж өгнө гэж бодож байна.

Таны өдөр тутамдаа ашигладаг ажлын хэрэгсэл юу вэ?

Кофений машин, холигч голдуу ашигладаг. Мөн автомат ажиллагаатай, гар ажиллагаатай хэрэгслүүд бий.

Та баристагаар ажиллахаас гадна сайн дурын байгууллагад гишүүнчлэлтэй байж хамтран ажилладаг уу?

Би “Язгуур уран бүтээлийн нэгдэл ” гэсэн төрийн бус байгууллагад гишүүнчлэлтэй болоод 2 жил болсон байна. Сургалт, зохион байгуулалтын ажил мөн телевизийн нэвтрүүлэг хийдэг.

Бариста хүний хувьд та уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?

Хүмүүс дунд кофег эрүүл мэндэд муу гэж ойлгодог хүмүүс цөөнгүй байдаг. Гэтэл үнэндээ маш гоёмсог үнэр, амттай, түүгээрээ хүнийг сэргээж чаддаг гэх мэтийн олон давуу талтай байдаг. Тиймээс ямарваа нэгэн зүйлийг өрөөсгөл талаас нь битгий харж байгаарай гэж хэлье.

Бидний хүсэлтийг хүлээн авч, ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Баярлалаа.

Бэлтгэсэн: Б.Номлуун

Сэтгэгдэл үлдээх

*