DSC_8500

КАРЬЕР ХӨТӨЧ: Ubean Coffee House and Roasterie-н бариста Э.Батмөнх

38541394_450376185461299_4847567709677813760_n

Энэ удаагийн туршлагатай экспертийн хувиар Юбийн Кофе Хаус Энд Роастэрид 5  жил ажиллаж буй Э.Батмөнх уригдан оролцлоо.

Та өөрийгөө болон мэргэжлийнхээ талаар уншигчдад товч танилцуулаач?

Сайнбайна уу? Намайг Эрдэнэчимэгийн Батмөнх (Мөнхүүш) гэдэг. Ubean Coffee House and Roasterie-п 2013 оноос хойш ажиллаж байна. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

Бариста гэж хэн бэ?

Шууд утгаар хэлбэл, кофе бэлтгэдэг хүнийг бариста гэнэ. Кофег дээд зэрэглэлийн сайн чанартай бэлтгэснээр үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжийг өгнө.

Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

Би амьд хөгжим сонирхдог. Дуу сонсонгоо гадуур алхахдаа Ubean Coffee House-г олж мэдээд байнга энэ газраар үйлчлүүлдэг болсон. Өдрийн ихэнх цаг энэ газарт өнгөрдөг байсан. Байнга орж ирдэг байсан болохоор олон хүмүүстэй танилцаж, найзалсан. Яваандаа цагийн ажил хийж эхлээд, бариста болсон.

Бариста болохоос өмнө болон бариста болсны дараах таны бодол хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ялгаа бий юу?

Анх баристаг кофе бэлтгэдэг хүн гэж боддог байсан. Монголд энэ чиглэлийн бизнес орж ирээд удаагүй байгаа ч өдөр бүр, цаг тутам хурдацтай өсөж байгаа. 2010, 2011 оны үед энгийн хар кофег бэлдээд уучихдаг байсан бол одоо кофены маш олон төрөл зүйл шинээр нэмэгдэж байна. Олон жилийн түүхтэй кофе гэдэг зүйл дэлхий даяар тархаж, том бизнесийн нэгэн хэсэг болсон. Одоо бол кофе уух нь жаргал юм гэдгийг мэдэрч байгаа. Яагаад гэвэл хүн кофеноос авах ёстой хэмжээний кафейн, сэргээш зэргийг авах ёстой цагт нь аваад аз жаргалтай болдог. Мөн кофе бэлтгэж уухаас гадна хүн өөрөө хөгжих хэрэгтэй. Янз бүрийн кофег таньж мэдэхээс эхлээд сурах, хийх, мэдэх зүйлс олон байдаг.

DSC_8438

Салбартаа сайн бариста байхын тулд ямар ур чадварыг эзэмшсэн байх ёстой вэ?

Өдөр бүр, цаг ямагт сурах, өөрийгөө хөгжүүлэхийн тулд янз бүрийн зүйлс унших, мөн хүнтэй зөв харьцах тал дээр суралцах, өөрийн мэдрэмжээ хэрхэн сайжруулах зэрэгт суралцах юм болов уу гэж бодож байна. Чанартай кофег сайн таньж мэддэг байх нь хамгийн чухал. Бүх төрлийн мэдээллийг хүссэн цагтаа, хаанаас ч авч болдог болсон учраас хувь хүний мэдлэгээ хөгжүүлэхэд юу хэрэгтэй тэр бүгдийг цаг алдалгүй мэдэж байхад болно.

Таны ажлын онцлог болон хэцүү тал нь юу вэ?

Онцлог нь гэвэл чин сэтгэлээсээ бэлдэж өгсөн кофег үйлчлүүлэгч маань амтархан ууж, таашааж байгааг харах, сүүлд нь “Баярлалаа” гэж хэлэхийг нь сонсоход сайхан байдаг. Хэцүү зүйл нь гэвэл хүмүүстэй харьцах. Ямар ч хүнтэй, ямар ч орчинд тайван харилцана гэдэг тийм ч амар зүйл биш байх. Гэхдээ үйлчлүүлэгч болон үйлчлэгч хоёр адилхан тайван, эелдэг харьцвал энэ нь асуудал биш болно.

Та юунаас урам зориг авч ажилладаг вэ?

Өөртөө зориулж хийсэн өглөөний кофегоо уухдаа тухайн өдрийнхөө ажлыг бодож уухад урам, зориг ордог. Заримдаа сэтгэл санаа тавгүй үед хийсэн кофе тийм ч сайн болдоггүй. Товчхондоо, кофе чанах бол хоол хийхтэй адил. 😀

DSC_8447

Таны бодлоор 20 жилийн дараа энэ мэргэжил байх уу?

Байна. Гэхдээ миний бодлоор 20 жилийн дараа хэтэрхий автоматжчихсан байх болов уу гэж бодож байна. Уламжлалаа хадгалаад, гар аргаар кофе хийх нөхцөл нь үргэлж байна байх гэдэгт итгэлтэй байна. Юмс яаж, хэрхэн хувьсан өөрчлөгдөхийг мэдэхгүй л дээ гэхдээ 20 жилийн дараа кофе бол байх ч гэсэн нэг товчлуур дараад л эспрессо гараад ирдэг болчих вий гэж хүсэхгүй байна.

Сайн дураараа кофе бэлтгэж сурах хүсэлтэй хүмүүст зориулж сургалт явуулдаг уу?

Одоохондоо явуулж эхлээгүй байна. Хэрвээ хүмүүс хүсэлт тавих юм бол дуртайяа зааж өгөх болно оо. Бариста мэргэжил нь ямар ч үед бусдад үнэлэгдэж чаддаг сайн мэргэжил тул сайн эзэмших ёстой юм шиг санагддаг. Надтай холбогдвол би зааж өгөхөд бэлэн байгаа.

Таны хамгийн дуртай кофе юу вэ?

Бариста хүн бүх төрлийн кофег ууж үздэг. Бүх гар аргаар хийдэг кофег хийж үздэг. Миний хамгийн их хийх дуртай кофе бол Hariopourover V60. Гар аргаар гэртээ хийж уудаг. Мөн бага хуралттай кофе уух дуртай. Кофег гэртээ хийж уух нь илүү таалагддаг.

DSC_8500

Танд бидний асууж амжаагүй эсвэл уншигчдад хэлэхийг хүсч буй зүйл байвал хуваалцана уу?

Соёлтой байцгаая. Гудамжинд явж байхдаа хогоо хаяхгүй, бие биенийгээ хүндэлж, олон нийтийн газар явж байхдаа орчноо мэдэрч эелдэг байя, бие биедээ туслая гэж хэлмээр байна. 😀

Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. танд ажлын амжилт хүсье!

Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

*