23514246788_339818300f_z

Менторшипийн тухай МЭДВЭЛ ЗОХИХ 4 зүйл

Сүүлийн жилүүдэд дэлхий нийт менторшип, менторын тухай  ярьж, менторшипийн хөтөлбөрүүдийг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлэх болсон. Бид энэ удаагийн нийтлэлдээ “менторшип” гэж юу болох, түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 

Залуус та бүхний өөрийгөө хөгжүүлэх, шинэ танилтай болох, мэдлэгээ тэлэх гэх мэт зорилгод тань менторшип чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Менторшип гэдэг нь арвин туршлага болон мэдлэг, чадвартай мэргэжилтэн нь туршлага багатай залууст ажил, карьерийнх нь тал дээр зөвлөгөө өгч, чиглүүлдэг харилцаа юм. Менторшипийн зорилго нь залуу мэргэжилтнүүдийг ажил мэргэжил болон хувь хүнийх нь хувьд өсөж дээшлэхэд нь туслах юм.

Ментортай байж, менторшипийн харилцааг бий болгох нь асар олон боломжуудыг олгодог. Тухайлбал, мэргэжлийн салбар дахь мэдлэг, чадвараа хурдан хугацаанд нэмэх боломжийг олгодог. Түүнчлэн менторшипийн харилцаагаа тогтвортой болгож чадвал мэдлэг, чадвараа дээшлүүлээд зогсохгүй насан туршийн анд найз, ирээдүйн бизнесийн хамтрагч болохыг ч үгүйсгэхгүй. 

Ментортой болоход насны хязгаар гэж үгүй. Дөнгөж их сургуулиа төгссөн, 20 жил ажилласан гээд карьерийнхаа аль ч түвшинд явж байсан ментортой болох боломжтой. 

Ментор гэж хэн бэ? 

12289635_10153195381323053_578757142958847354_n

Толь бичигт ментор гэдэг үгийг “туршлагатай, итгэлт зөвлөх” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, мэдлэг, туршлагаа хуваалцаж буй хүнийг ментор гэнэ. Ментор нь тухайн салбартаа арвин туршлага хуримтлуулсан, мэдлэг боловсрол өндөртэй хүн байх бөгөөд ментеедээ ажил мэргэжлийн тал дээр зөвлөгөө өгч, туршлагаас хуваалцахын зэрэгцээ дэмжлэг үзүүлдэг. Менторууд зорилгоо тодорхойлох, зөв шийдвэр гаргах, бэрхшээлийг даван туулах, шинэ зүйл сурахад тань чиглүүлж өгөх гол багана байх юм. Гэхдээ менторууд заавал насаар ахмад хүн байх албагүй. Чиний ажилладаг салбарт манлайлдаг, тусламж зөвлөгөөг нь авахыг хүсдэг ямар ч хүнийг ментороороо сонгох боломжтой. 

Ментее ямар хариуцлага хүлээх вэ?

Мэдлэг, туршлагыг ментороосоо хүлээн авч буй хүнийг ментее гэдэг.

  • Харилцаагаа эхлүүлэхээс өмнө ментороосоо юу сурахыг хүсч байгаагаа тодорхойлж, ментортойгоо ярилцан тохиролцох эсвэл хамтран ажиллах нөхцлийг бий болгож болно
  • Хариуцлагатай, идэвхи санаачлагатай ментее байх нь чухал. Хэн хэнийхээ цагийг үрэхгүйн тулд асуух зүйл болон асуудал бэрхшээлийнхээ талаар урьдчилан бэлдэх хэрэгтэй. Мөн менторынхоо зөвлөсөн зүйлийг бичиж тэмдэглэж, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

23514246438_75ce473d4b_z

  • “Би юун дээрээ илүү анхаарах хэрэгтэй вэ?”, “Өөрийгөө аль тал дээр хөгжүүлэх вэ?”, “Ямар ном та санал болгох вэ?” гэх мэтээр оролцоотой байж, хэлсэн зөвлөгөө, саналыг нь дагаж хэвших хэрэгтэй. Ингэснээрээ та хурдан хугацаанд хөгжихөөд зогсохгүй таны хөгжих хүсэл, тэмүүллийг ментор чинь олж харна.

Ментороо хэрхэн сонгох вэ?

  • Таны ажлын салбарт эсвэл ирээдүйд ажиллана гэж боддог салбарт чинь амжилттай яваа, чиний хүндэтгэлийг хүлээж, үлгэр жишээ болж явдаг хүнийг сонгоорой
  • Тухайн хүн чинь мэдлэг, туршлагаа хуваалцах дуртай, нээлттэй, сэтгэл гаргаж чадах уу гэдгийг бодолцож үзээрэй
  • Мэргэжлийн талаас нь харахаас гадна хувь хүнийх нь үүднээс харж сонгох нь зөв. Ментортойгоо тодорхой цагийг өнгөрөөх учир чамд урам зориг өгч, эерэг тааламжтай уур амьсгалтай байвал зүгээр
  • Чамтай нээлттэй байж чадах хүн. Өөрөөр хэлбэл чиний дутагдал, хөгжүүлэх хэрэгтэй чадвар, амжилт дэвшлийг чинь шударгаар хэлж өгч чадах хүн байх хэрэгтэй. 

13062441_678877712250382_9218279121874631634_n

Менторшипийн харилцааг хэрхэн эхлүүлэх вэ? 

Менторын харилцааг эхлүүлэх амаргүй. Энэ бол насан туршийн харилцаа холбоо бөгөөд чамайг мэргэжил, хувь хүний тал дээр хөгжүүлэх боломж юм. Зарим тохиолдолд сайн ментор сургуульд заадгаас ч илүү зүйлийг чамд өгч чадна. Иймд менторын харилцааг үүсгэхээс бүү эмээгээрэй. 

“Өөдөө тэмүүл” номын зохиогч Шэрил Сандбэргийн үүсгэн байгуулсан “Өөдөө тэмүүл” төрийн бус байгууллагын ажилтнууд “Миний ментор болооч гэж гуйхаас өмнө тухайн хүнтэйгээ танилцаж, харилцаа үүсгэж, өөрийн юу мэддэг, чаддагаа харуулсны дараа санал тавих нь илүү үр дүнтэй” гэж зөвлөжээ. Учир нь менторууд ментеегээ сонгохдоо тухайн хүний гүйцэтгэл, өсөн дэвших нөөц, хүсэл эрмэлзлэлийг нь хардаг аж. Ингэснээр уг менторшипийн харилцаа итгэлцэл дээр тогтож бат бэх байх боломжтой гэж үздэг. 

Мөн менторшипийн харилцаа ментеегийн идэвхи санаачлага, менторын цаг заваа зарцуулж буй хүчин чармайлт буюу хэн хэнийг нь идэвхи зүтгэл дээр суурилж байж үр дүнд хүрдгийг мартаж болохгүй. Ментее мэргэжил болон хувийн амьдралдаа ухаалаг шийдвэр гаргаад зогсохгүй ментороороо дамжуулж танилын хүрээгээ тэлж, бусдад өөрийгөө таниулах боломж нээгдэнэ. Түүнчлэн манлайллын ур чадваруудыг эзэмшиж, өөрийн гэсэн дүр төрхөө бий болгодог. 

maxresdefault

Эдүгээ Монгол улсад Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулангийн Mongolia Blossom ТББ, Mongolia Needs you ТББ, Global Shapers Community Ulaanbaatar Hub гэх мэт байгууллагууд менторшипийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн Монгол дахь Америкийн худалдааны танхим Нэг өдрийн менторын хөтөлбөрийг өнгөрсөн хавар зохион байгуулсан билээ. 

Эх сурвалж:

Forbes.com

Leanin.org

Сэтгэгдэл үлдээх

*