11143391_425040467673180_5194510303824902319_n

М.Шижиртуяа: ИРГЭНИЙ НИЙГМИЙН ИДЭВХТЭН БАЙХ НЬ

Та бүхэнд энэ оны хамгийн эхний өдрийн мэндийг хүргэхийн ялдамд Иргэний Боловсролын Төвөөс зарласан “Залуучууд нийгэмд эерэг өөрчлөлт авч ирж байна” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрын шагналт эсээг толилуулж байна.

Монголчууд бид амин хувиа хичээсэн, муу үйлийг идэвхтэйгээр үйлддэг нэгнийгээ “хүн болох болоогүй л байна даа” эсвэл бүр “яаж хүн болж ялаа үргээнэ дээ?” хэмээдэг.

Харин эсрэгээрээ найрсаг загнан (үнэн сэтгэлээсээ эсэх нь үл хамааран), гуйсан зүйлд нь туслаж, ухамсартайгаар сайн үйл хийж байгаа нэгнээ “хэдийн ХҮН болсон” хэмээн үздэг.

Тэгвэл хүн болсоны дараагийн шат юу байх вэ?

Бусдаас дутахааргүй (нийтээр боломжийн хэмээн үзэх түвшин)-гээр амьдарч, ойр зуур хөрш, садандаа туслан, амин хэрэгцээгээ хангах үйлүүдийг ухамсартайгаар хийдэг болсны дараах түвшин нь юу байх вэ? Хариултыг олохын өмнө энэхүү түвшинийг “эгоизм” буюу би-гээ бодох үзэл гэж нэрлэхийг зөвшөөрнө үү. Мөн эгоизм бол огтоос муу зүйл биш бөгөөд хүн төрөлхтөний түүхэнд үйлдэгдсэн хамгийн сайн, бусдын төлөө үйлд ч гэсэн өөрийгөө бодох үзэл тэргүүнд байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Өөртөө болон ойр тойрны тусламж хэрэгтэй нэгэндээ гар сунгах ухамсарт үйлийн дараагийн шат нь илүү өргөн хүрээнд харсан, үр шимийг нь өөртөө болон нийгэмд хүсч үйлддэг сайн дурын, иргэний нийгмийн ажил байдаг. Яагаад иргэний нийгэм, сайн дурын ажлыг илүү өргөн хүрээтэй хэмээн дараагийн шат болгон авч үзэж байна вэ?

Иргэний нийгэм, сайн дурын ажил бол үр тарьж, намар нь түүнийгээ хураахтай адил юм. Энэ нь үр дүнг нь шууд маргааш нь хэмжих боломжгүй байдаг ч, олон хүний урт хугацааны хөдөлмөрийн үр дүнд нийгэм ашиг шимийг нь хүртдэг үйл явц юм. Мөн үргэлж хүний эрх дээр дөрөөлөн босдог. Энэ түвшинг эгоизмын дараах шат гэж хэлж болох ба нөгөөтэйгүүр коллективизм- хамт олонч үзэл ч гэж болох талтай.

Иргэний нийгэм, сайн дурын ажил хийх нь өдөр бүр сонгууль өгөхтэй адил хэмээдэг. Учир нь ихэнх хүмүүс дөрвөн жилд нэг удаа өөрийн амьдарч буй нийгмийг бүтээхэд саналаа өгдөг бол иргэний нийгмийн идэвхтэн, сайн дурын ажилтан нь өдөр бүр тэрхүү нийгмийг бүтээхэд гар бие оролцож байдаг гэсэн үг юм.

Эерэг өөрчлөлт авчрахыг хүсч зорьдог, ардчилсан нийгмийг бүтээхэд өөрийн хувь нэмрийг оруулах сэтгэлтэй дөнгөж 18 нас шүргэж буй хэсэг залуучууд “Ардчиллын замаар” нэртэй аялалыг хийж эхэлсэн юм. Асар олон хүний хүсэл, сэтгэл, зүтгэлээр авчирсан ардчилсан нийгмийн үнэ цэнэ, ардчиллыг төлөвшүүлэн төгөлдөржүүлж цааш уламжлуулан үнэт зүйлс, үзэл санааг нь шинэ үеийнхэнд ойлгон таниулах, өвлүүлэх, хадгалан хамгаалж явах үүрэг хүлээснээ бид ухамсарлаж, тус ажлыг хийдэг юм.

Аяллын санаачлагч нь бидэнд тэртээ 90-ээд онд болсон түүх мэт санагдах ардчилсан хувьсгалын нэг хэсэг болсон нэгэн эмэгтэй бий. Түүний зааж сургаснаар “Өөрчлөлтийн салхи” төрийн бус байгууллагын хэсэг залуучууд нэгдэн өөрсдийн нас чацуутан оюутнууд, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн оюутнууд, Монголтой танилцах, Монголыг судлах гэж “Study Abroad”  хөтөлбөрийн шугамаар ирсэн америк оюутнууд, зочид төлөөлөгч нарыг дагуулан “Ардчиллын замаар” аяллыг хийдэг юм.

1989 оны 12-р сарын 10-нд Хүний Эрхийн өдрөөр болсон анхны цуглаан болсон газраас эхлээд МоАХ, МУИС-ийн 1, 2-р байр, Сүхбаатарын талбай, С.Зоригийн хөшөө, дарангуйлагч Сталины хөшөөний оронд босгосон эх оронч, эрх чөлөөний төлөө тэмцэгч их эрдэмтэн Б.Ринчин гуайн хөшөөн дээр очиж тухайн үед болсон үйл явдлын талаар ярьж зураг үзүүлэн тэр үеийн түүхийг хамтаараа судалж мэддэг юм. Аялал Монголын Үндэсний Түүхийн музейн Ардчиллын танхимд үргэлжилж Хонхны дуу, ардчиллын анхдагчдын үгийг сонсож өндөрлөдөг.

Ямар нэгэн мөнгө, хөрөнгө шаардлагагүйгээр хийж болдог энэ ажилд нэг талаас залууст ардчилал, түүний үзэл санаа, хүний эрхийг таниулах гэсэн хүсэл, нөгөө талаас түүнийг мэдэх гэсэн залуучууд байхад л хангалттай байдаг билээ. Одоогоор бид хүйтэн, халуун гэлтгүй сүүлийн гурван жилийн турш нийгэмд өөрчлөлт авч ирж байгаа хэмээн найдан хийсээр л байна.

Ажлынхаа үр дүнг аяллын турш тэмдэглэл хөтлөж, асууж лавлан, өнгөрсөн үеэрээ бахархан, “цаашид улам хичээж, нийгмийг илүү сайхан болгох болно” хэмээн хэлж буй сонсогчдынхоо урам зоригоор бид хэмждэг юм.

Зөвхөн бичиж буй миний хувьд гэлтгүй иргэний нийгмийн идэвхтэн бүрийн сэтгэлд илүү олон хүнийг татан оролцуулж, илүү олон хүнийг өөрөөсөө давж хардаг болгох гэсэн хүсэл байдаг болов уу.

Эцэст нь хэлэхэд бидэнд өдөр бүр өөрийн хүссэн нийгмийг бүтээх боломж байдаг юм шүү.

М.Шижиртуяа, Өөрчлөлтийн салхи ТББ-ын гишүүн

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.