img_6682

Онцлох Байгууллага КОНРАД АДЕНАУЭР САН: Улс төрийн сан гэдэг ойлголт нь онцгой бүтэц юм …

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд нийгэмд хүртээмжтэй үйл ажиллагааг залуучуудын оролцоотой явуулдаг, сайн дурын үйл ажиллагааг дэмждэг байгууллагуудыг танилцуулах буланг шинээр нэмж байгаа билээ. Энэ удаагийн ярилцлагадаа Конрад Аденауэр Сан байгууллагыг онцолж байна.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та өөрийнхөө тухай танилцуулна уу?

Сайн байна уу? Намайг Батмөнхийн Дөлгөөн гэдэг. Конрад Аденауэр Сангийн хөтөлбөрийн менежерээр 2014 оноос хойш ажиллаж байна. Олон улсын харилцааны мэргэжилтэй. Сангийн Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд залуучуудын улс төр дэх оролцоог дэмжих,  улс төрийн намуудын менежменттэй холбоотой төслүүдийг явуулах, зохицуулах ажлыг хийж гүйцэтгэдэг.

img_6693

Конрад Аденауэр Сангийн  тухай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?

Конрад Аденауэр Сан нь ХБНГУ-ын улс төрийн сангуудын нэг. ХБНГУ-ын парламентад суудалтай улс төрийн намууд нь өөрийн оролцох улс төрийн сангаас санхүүжилт аваад үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Улс төрийн сангууд нь нийтэд хүртээмжтэй улс төрийн боловролыг олгох, ардчиллыг бэхжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх, шинэ боловсон хүчнийг дэмжих, төлөвшүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. ХБНГУ-ын төрийн санхүүжилттэй сан юм.

Конрад Аденауэр Санг  хэрхэн байгуулсан бэ? Байгуулж бий болгосон түүхийн тухайд ярьж өгнө үү?

Анх ХБНГУ-д 1955 онд байгуулагдаж байсан. Монгол Улсад 1993 онд байгуулагдсан. Дэлхийн II дайны дараа ард түмэн бусдын үзэл сурталд автахдаа амархан, өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байгаа нь улс төрийн боловсрол дутмаг байгаатай холбож үзсэн. Ийнхүү иргэдэд улс төрийн боловсролыг тогтмол олгох мөн улс төрийн намууд ч гэсэн өөрсдийн бодлого, хөтөлбөр, цаашдын зорилгоо ард түмэнд нээлттэй хүргэж байх үүднээс тус санг байгуулсан түүхтэй. Конрад Аденауэр Сан нь ХБНГУ-ын Христосын Ардчилсан Холбоо Намын дэргэдэх улс төрийн сан юм.  Конрад Аденауэр гэдэг хүн бол ХБНГУ-ын анхны консулар байсан. Сүүлд Конрад Аденауэрийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд тухайн хүний байгуулсан сан биш болно.

img_6684

Зохион байгуулсан, үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн тань үр дүн нь ямар байсан бэ?

ХБНГУ-д 16 төвтэй. Түүнээс гадна дэлхийд 100 гаруй суурин төлөөлөгчийн газраар дамжуулаад улс орны хүрээнд мөн бүс нутгийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Боловсролын чиглэлийн болоод суурь судалгаа чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг тул бусад компаниудтай харьцуулахад шууд хэмжихэд хэцүү. Гэхдээ тодорхой хэмжээнд засаглалыг тогтворжуулах, ардчиллыг төлөвшүүлэх, улс төр дэх иргэдийн оролцоог дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болохоор тодорхой хэмжээнд амжилт гаргасан гэж хардаг. Монгол Улсад байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан төрийн, төрийн бус, олон улсын байгууллагууд, улс төрийн намуудтай хамтран олон төрлийн суурь судалгааны ажлууд, чуулган, хэлэлцүүлэг, бодлогын судалгаа шинжилгээний төсөл хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлсэн. 2017-2019 оны хооронд манай сан 6 чиглэлээр үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө гаргасан.

  1. Нутгийн удирдлагыг дэмжих
  2. Улс төрийн намууд дахь залуучуудын үр нөлөөтэй оролцоог дэмжих
  3. Компаний нийгмийн хариуцлагын тухай ойлголтыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах
  4. Хэвлэл мэдээлэл буюу мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих
  5. Гадаад бодлогын хүрээнд бие даасан судлаачдын талбарыг бий болгоход дэмжлэг үзүүлэх
  6. Байгаль орчны хүрээнд сэргээгдэх эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн тухай мэдээллийг түгээх зэрэгт дэмжлэг үзүүлж үйл ажиллагаагаа явуулж байнаimg_6683

Хамгийн том төсөл хөтөлбөрүүдийнхээ тухай танилцуулаач?

Миний хувьд онцлог гэж санагддаг төсөл хөтөлбөрийн тухай танилцуулая. Энэ жил манай сангийн 25 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол-Германы чуулганыг 16 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Улс төрийн боловсролын хүрээнд зохион байгуулах бөгөөд тус чуулганы онцлог нь Монгол Герман хоёр улсын улс төрчид, нийгэмдээ манлайлагч шинжлэх ухаанч профессорууд, иргэний нийгмийн төлөөллүүдийг нэг дор уулзуулж санал бодол солилцуулах, 2 улсад зэрэг тулгамдаж буй асуудлыг сонгож аваад хэлэлцүүлэг өрнүүлдэг. Шийдвэр гаргах түвшинд хүргэдэг.

Танай байгууллага нийгэмд хэрхэн танигдсан бэ?

Мэдээж улс төрийн түвшинд манайх  25 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн учир тодорхой хэмжээнд танигдсан байх гэж боддог. Улс төрийн чиглэлээр явах залуучууд, иргэний нийгмийн байгууллагууд, шийдвэр гаргах түвшинд ажиллах сонирхолтой бүлгүүдийн дунд танигдсан болов уу гэж бодож байна. Гэхдээ хүн хүний үзэл бодол, дүгнэж цэгнэх нь өөр шүү дээ.

Сайн дурын ажилчидтай хамтарч ажилладаг уу?

Шууд утгаараа сайн дурын ажилчидтай хамтарч ажилладаггүй. Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг. Гэхдээ төрийн бус байгууллагууд маань сайн дурын ажилтны оролцоотой үйл ажиллагаа явуулдаг учир шууд бус утгаараа хамтарч ажилладаг гэж ойлгож болно.

Сайн дурын ажилтныг хэрхэн дэмждэг вэ? Тэдэнд олгох боломжийн тухайд?

Манай сангаас зарлаж буй янз бүрийн тэтгэлэг байдаг. ХБНГУ-д болон Монгол Улсад бакалавр болон магистрын түвшинд суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгодог. Салбартаа манлайлж буй оюутнуудыг дэмждэг гол учир нь, тухайн оюутныг хичээлдээ анхаарч ирээдүйд сайн боловсон хүчин болоосой гэж мөн нийгмийн идэвхтэй, нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулдаг байгаасай, сайн дурын ажил хийдэг байгаасай гэсэн үүднээс тэтгэлэг олгодог.

Та яаж энэ салбартай холбогдож байсан бэ? (сайн дурын ажил хийж байсан эсэх)

Сайн дурын ажил хийж байсан. 2013-2016 оны хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороонд ерөнхий нарийн бичгээр ажиллаж байсан. НҮБ-н Монгол дахь салбарт нь зөвлөх үүрэгтэйгээр 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг сайн дурын хороо юм. Өөрийгөө ажил дээр гарахаасаа өмнө бэлтгэх, өөрийн хүсэл сонирхлоор ажиллаж байсан учир маш их туршлага, мэдлэгийг олж авсан. Сургуулиа төгссөнийхөө дараа Конрад Аденауэр Санд орсон.

Тулгамдсан асуудал, тулгарч байсан саад, бэрхшээлийг хэрхэн даван туулж байсан бэ?

Томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үед багийн тоглолт хамгийн чухал байдаг. Тухайн төслийг удирдаж буй үйл ажиллагааны уялдаа холбоог удирдаж байгаа ч гэсэн хэсэг тус бүр дээр нарийвчлан ажиллах боломжгүй. Багтаа зөв хуваарилалтыг хийж, хүн тус бүрийн онцлогт таарсан ажлын хэсэг өгөх, гүйцэтгэлийг нь нягталж үзэж байх нь чухал юм болов уу гэж боддог.

Танай байгууллагын онцлог юу вэ?

Улс төрийн сан гэдэг ойлголт нь онцгой бүтэц юм. Улс төрийн намуудад ойр салбар бий болж байна, улс төрийн намуудаас хэт хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь онцлог, тухайн намын парламент дахь суудлаас хамаарч төрөөс санхүүжих хэмжээ нь тодорхойлогддог учраас энэ бүтцийг онцгой гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, төрийн албан ёсны шугамаар улс төрийн боловсрол олж авах нь чухал ч гэсэн, нөгөө талаар төрийн санхүүжилттэй албан бусаар суурь судалгааны үйл ажиллагаа явуулдаг бүтэцтэй байх нь тухайн орны ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг дэмжихэд чухал нөлөөлдөг болов уу. Улс төрийн сан гэдэг ойлголт нь ХБНГУ-аас үүсэлтэй.

img_6682

Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн улс төрийн сан байдаг юм бэ?

Монголд 3 улс төрийн сан байдаг.

Дадлагажигч оюутнууд яагаад танай байгууллагыг сонгох хэрэгтэй вэ?

Дадлагын оюутнуудыг Герман хэлтэй байхыг шаарддаг. Дадлагын оюутанд олгож буй гол боломж гэвэл үйл ажиллагааны хүрээнд туслах үүрэг гүйцэтгэхээс илүү хамтран зохион байгуулах, хамтран ажиллах, багийн нэг гишүүн болгож ажилладаг. Залуучуудын идэвхгүй биш илүү идэвхтэй оролцоог дэмждэг.

Ирээдүйн төлөвлөгөө, хийхээр төлөвлөж буй ажлаа сонирхуулаач?

Энэ жилийн миний хариуцаж буй төслүүд дундаас онцлог нэгэн төслийг дурьдая. Улс төрийн боловсролын нэгдсэн цахим сайт боловсруулахаар бэлдэж байгаа. Бодит байдал дээр хэрэгжүүлдэг манай төсөл хөтөлбөрүүдэд хүн бүр оролцоод байх боломжгүй тодорхой хязгаар заасан байдаг учир тухайн арга хэмжээнд хэлэлцсэн асуудал, мэдээ мэдээллийг нэгтгэж иргэн бүрт улс төрийн боловсролыг олгох зорилготой. Энэхүү сайтыг ирээдүйд чанартай, найдвартай, чанарын шаардлага хангасан улс  төрийн боловсролын тухай мэдээллийг хүргэдэг эх үүсвэр байлгахыг зорьж байна.

img_6698

Сонирхолтой мэдээллийг хүргэж, бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд амжилт хүсье!

Баярлалаа.

 

Сэтгэгдэл үлдээх

*