IMG_1124

Онцлох ТББ: Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (EARC)

Үйл ажиллагааны чиглэл: Боловсрол
Вэб & Сошиал Хаяг: www.earcmn.org & EARC
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ 24-р байр, 1-р давхар
Орон нутаг дахь салбар: Өмнөговь, Дорнод, Ховд аймагт болон Эрдэнэт, Дархан Хотод
Байгуулагдсан он: 2003

БМЗТ нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн (хуучнаар Соросын Сан гэх) Монгол улсад нээлттэй нийгэм хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор 1996 онд хэрэгжүүлж эхэлсэн анхны хөтөлбөрүүдийн нэг, 2003 оны 5 сараас бие даасан ТББ болон ажиллаж эхэлжээ.

IMG_1124

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь чанартай боловсрол эзэмших, тэтгэлэгт хөтөлбөр, гадаадад (тэр дундаа АНУ-н их дээд сургуулиудад) суралцах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусын танил болоод 10 гаруй жилийг үдэж буй Боловсролын салбарт амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа ТББ-уудын нэг.

БЗМТ -н гол онцлог нь тэд АНУ-н Төрийн Департаментын Боловсрол Соёлын хэлтсийн EducationUSA боловсролын зөвлөгөө өгөх албан ёсны төвийн нэг бөгөөд EducationUSA төв нь АНУ-ын дээд боловсрол, суралцах боломж, тэтгэлэг болон бусад мэдээллийг АНУ-д суралцах сонирхолтой оюутнуудад хүргэдэг байгууллага юм.

Өөрөөр хэлбэл, БЗМТ нь АНУ-д суралцах тухай үнэн зөв, бодитой мэдээлэл зөвлөгөөг оюутан залуучуудад хүргэх албан ёсны эрхтэй байгууллага болох нь. Энэ ч утгаараа олон үйл ажиллагааг оюутан залуус, нийтэд нээлттэй явуулдаг билээ.

Ингээд бидний хувьд БЗМТ-н дараах голлох 3 үйл ажиллагааг онцолж байна.

  1. EducationUSA Series буюу БЗМТ-н зөвлөгөө

АНУ-н их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй ч хэрхэх учираа олохгүй байна уу? Сургуулиа сонгох, өргөдөл мэдүүлэх, эссе бичих, ярилцлага өгөхөд бэлтгэлтгүй байх гээд мэдэхгүй зүйлс тохиолдох нь олонтаа. Хэрвээ танд эдгээр бэрхшээл, асуултууд байгаа бол БЗМТ-н зөвлөгөө танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Онлайнаар, ганцаарчилсан болон бүлгээр зөвлөгөө өгдөг ба 2 долоо хоног тутамд өөр сэдвээр EducationUSA зөвлөгөө явагддаг тул та өөрийн сонирхсон сэдвийн дагуу зөвлөгөө авах боломжтой. Энэ сарын EducationUSA Series-д шинэчлэгдэж буй SAT шалгалт болон өргөдлийн материалаа хэрхэн бэлдэх, амжилттай явуулах талаар зөвлөгөө өгөх юм байна.

IMG_1130

Харин ганцаарчилсан зөвлөгөө авахдаа асуух асуулт, шаардлагтай материалаа бэлдэх (магадгүй шалгалтын оноо, ядаж хэдэн сургууль сонгочихсон байвал) зөвлөгөө өгч, авч буй 2 талд илүү үр дүнтэй санагдсан. Уулзах цагаа утасдаж юмуу онлайнаар аваад урьдчилж захиалаарай. Эдгээр бүх зөвлөгөө, мэдээ мэдээлэл сонирхсон хэн бүхэнд нээлттэй ба үнэгүй гэхээсээ илүү үнэн зөв, бодитой мэдээлэл гэдгийг нь та илүү чухалчлан үзээрэй.

  1. Номын Сан (суралцах таатай орчин)

IMG_1107

Таны харж буй энэ жижигхэн боловч баялаг номын сангаас олон залуус гадаадад тэр дундаа АНУ-д суралцах хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрсэн гэхэд болно. Одоо ч нилээдгүй залуус энэ орчинд шалгалт, ярилцлагдаа бэлдэх, элсэлтийн материалаа бүрдүүлэх, зөвлөгөө авах гэх зэргээр зорилгынхоо төлөө шамдан суралцах нь олонтаа.

Номын (фонд) сангийн хувьд SAT, IBT, IELTS, GRE болон GMAT-н шалгалтанд бэлтгэх сайн номнууд ихэнх хэсгийг нь эзлэх ч ерөнхий мэдлэгийн (байгаль, нийгмийн шинжлэх ухаан, уран зохиол, түүх, хүмүүнлэгийн гээд) сонирхолтой номнууд мөн байх юм. Олж л чадах юм бол сонирхолтой, сайн номнууд багагүй байна.

IMG_1106

Хэвлэмэл номоос гадна элсэлтийн шалгалтад бэлтгэх материал, АНУ-ын дээд сургууль, коллежийн каталог, Америк судлалын холбогдолтой ном, товхимол, дэлхийн шилдэг уран зохиолууд, бусад мэргэжлийн холбогдолтой ном, гарын авлага бүхий материалууд аудио болон цахим хэлбэрээр мөн байна. Ажлын өдрүүдэд 10–18 цагийн хооронд БЗМТ болон номын сан нь ажиллах ба номын сангийн карт (гишүүнчлэлийн эрх) нээлгүүлээд:

  • Номын санд суух
  • Гэрээр уран зохиолын ном авч явах
  • WiFi интернет, интернет холболттой компьютер үнэ төлбөргүй ашиглах
  •  Даваа, Баасан гарагийн Ярианы клубт оролцох боломжтой.

Бүртгүүлэхдээ 5000 ₮ (нэг жилийн үйлчилгээний хураамж), Иргэний үнэмлэх, 1% инээмсэглэсэн цээж зурагтай (инээмсэглээгүй байсан ч болно) очоод гишүүнчлэлийн картаа аваарай.

  1. Сургалт, Тэтгэлэгт Хөтөлбөрүүд Болон Ярианы Клуб

БЗМТ нь АНУ-д бакалавр болон магистрын түвшинд суралцах сонирхолтой оюутан залуучуудад Ерөнхий Англи хэл, TOEFL IBT , SAT , GRE зэрэг элсэлтийн шалгалтанд бэлтгэх сургалтуудыг санал болгодог ба үнийн хувьд өрсөлдөхүйц, чанарын хувьд шилдэгт тооцогдох сургалтуудыг явуулдаг юм. Сургалтын хувиар болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг та эндээс авна уу!

IMG_1102
Түүнчлэн БЗМТ хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн материал хүлээн авагч, хэрэгжүүлэгч байгууллагаар ажилладаг ба тухайлбал Болгар дахь Америкийн Их Сургууль, Төв Европын Их Сургууль, Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр, АНУ-н их дээд сургуулиудад суралцах тэтгэлэгт хөтөлбөр (USAP) багтана.

Үүний зэрэгцээ Даваа болон Баасан гаригуудын 17 цагт Ярианы Клуб-г англи хэлний мэдлэгээ сайжруулж, ярианы чадвараа дээшлүүлэх хүсэлтэй оюутан залуус, сонирхсон хэн бүхэнд нээлттэй байдлаар санал болгодог байна.

Дээр дурьдсан мэдээлэл, зөвлөгөө болон БЗМТ-н тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах, танилцах хүсэлтэй байвал та БЗМТ-н веб болон сошиал хуудас, 11-319016 гэсэн утсаар холбогдоорой. Танд амжилт хүсье!

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.