12239287_505510109626215_3266781143267089246_o

Онцлох ТББ: Иргэний Боловсролын Төв

Үйл ажиллагааны чиглэл: Иргэний Боловсрол, Экологийн Боловсрол, Орон Нутгийн иргэдийн оролцоо
Вэб & Сошиал Хаяг: www.cce.mn & Иргэний Боловсролын Төв
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 1-р хороо, Элчингийн гудамж, Шүрэн оффис, 1 давхар, 6А тоот
Байгуулагдсан он: 1992

Монгол улсын ууган Төрийн Бус Байгууллага, иргэний нийгэм, ардчиллын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж буй Иргэний Боловсрол Төвийг энэ удаагийн дугаартаа бид онцлож байна. Иргэний Боловсрол Төв анх Төв Азийн Хөгжлийн Сан нэртэйгээр Ардчилсан Хувьсгалын идэвхтэнгүүд, төр нийгмийн зүтгэлтнүүдийн санаачлагатайгаар 1992 онд байгуулагдсан ба 1995 оноос Иргэний Боловсролын Төв болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байна.

IMG_0210

Сонирхолтой нь 1992 онд ТББ-н хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан ба үүсгэн байгуулагч, санаачлагчдын нэг хатагтай Р. Нарангэрэл (одоогийн захирал) 1995 онд УИХ-н гишүүн байхдаа ТББ-ын хуулийг санаачлан, ажлын хэсгийг ахлан батлуулж тэр цагаас хууль эрх зүйн орчин бүрдсэнээр өдгөө манай улсад 6000 гаруй бүртгэлтэй ТББ-ууд бий болжээ.

Эртний Грек, Ромоос гаралтай Иргэний нийгмийн ойлголт, үзэл санаа, төлөвшил хөгжил, иргэний нийгмийн оролцоо нь “Хүмүүнлэг Иргэний Ардчилсан Нийгмийг” цогцлуулан хөгжүүлэхэд чухал байр суурь эзлэнэ. Энэ ч утгаараа Иргэний Боловсролын Төв 20 гаруй жилийн турш улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа, үйл ажиллагаанд идэвхтэй, чөлөөтэй оролцдог Ардчилсан нийгмийн идэвхтэй иргэдийг төлөвшүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг чадваржуулж хөгжүүлэх үйлсд хүчин зүтгэсээр байна.

IMG_0219

(Санаачлагчид, анхны удирдах зөвлөлийн гишүүд төр нийгмийн нэртэй зүтгэлтэнгүүд, Ардчиллын анхдагчидаас бүрдэж байж)

Иргэний нийгмийн хөгжил, оролцоо нь иргэн таны хөгжил, оролцоог хэлэх ба өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах, төрийн бодлогод нөлөөлөх, нийгмийн баялгаас хүртэх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах гэх мэт чадвар, оролцоо хэр сайн, хэр идэвхтэй байна тэр хэрээр Ардчиллын үнэт зүйлс бэхжиж, нийгэм хөгжиж, тогтолцоо эрүүлждэг ажээ.

Ингээд бид Иргэний Боловсрол Төвийн дараах 3н үйл ажиллагааг онцолж байна.

I. Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөр

НҮБ-ын Хүн Амын Сан, Монгол улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагуудын нэг нь Иргэний Боловсролын Төв юм. Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөр төсөл 2013-2017 оны хооронд хэрэгжих ба хүлээгдэж буй үр дүн нь Монгол улсын Засгийн газраас залуучуудын хөгжилд зориулсан төрийн бодлоготой болоход оршино. Төрөөс залуучуудад зориулсан, залуучуудын хөгжлийн талаарх оновчтой, нэгдсэн бодлоготой болох нь улс орны ирээдүйг тодорхойлогч залуучууд бидний хувьд зайлшгүй шаардлагтай, эн тэргүүний асуудал билээ.

12182629_499025040274722_6886128772646562914_o

(Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Залуу хүн нөөц баялаг, нийгмийг хөдөлгөгч хүч” баримтын хуудсыг Иргэний Боловсролын төвөөс боловсруулан гаргасан байна.)

Энгийнээр хэлбэл, залуучуудын улс төр, нийгмийн амьдралд, тэр дундаа шийдвэр гаргах төвшинд буюу төрийн бодлогод нөлөөлөхөд оролцох боломжийг олгосон төрийн бодлого, тогтолцоог бий болгох нь Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн гол зорилго юм.

Шийдвэр гаргах төвшинд нөлөөлнө гэхээр албан тушаалтай холбож ойлгох буруу хандлага байдаг гэдгийг нуух юун. Гарал үүсэл, ажил мэргэжил, албан тушаал, үзэл бодол, итгэл үнэмшлээс үл хамаараад залуу хүн та (Би, Чи болон Батаа, Дулмаа нар) төрийн бодлогод, тэр дундаа залуучуудын асуудлаар өөрийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж, нөлөөлж чаддаг, оролцдог байх учиртай.

11828751_472123319631561_6961432872219079326_n

(Залуучуудын Хөгжлийн Сар уламжлал болон залуучуудын асуудал, хөгжлийн талаарх олон үйл ажиллагаа санаачлагдсан байна)

Харин энэхүү төлөвшил, чадварыг бэхжүүлэх, идэвхтэй оролцоог хангасан тогтолцоо, төрийн бодлого, бодлогыг хэрэгжүүлэх санхүүжилтыг шийдсэн бодлого боловсруулах, судалгаа шинжилгээ, нөлөөллийн ажлууд хийж буй нэг байгууллага нь яахын аргагүй Иргэний Боловсролын Төв юм.

Одоогоор Залуучуудын Хөгжлийн Бодлого хэлэлцэгдэх шатандаа явж байгаа юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Иргэний Боловсролын Төв болон НҮБХАС, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас авах боломжтой.

II. Иргэн Төсөл

Иргэний Боловсролын Төв 1996 оноос хойш “Иргэн” төслийг хэрэгжүүлсэн ба төслийн хүрээнд хот хөдөөгийн 3000 гаруй багш, сурагч, иргэдэд сургалт хийсэн байна. АНУ-д анх санаачлан хэрэгжүүлсэн түүхтэй энэхүү төсөл одоо Дэлхийн 60 гаруй орны олон мянган сургуульд амжилттай хэрэгжиж байгаа аж. Иргэн төслийн гол зорилго нь сурагчдад өөрсдөд нь болон орчин тойронд нь тулгарч байгаа аливаа асуудлыг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хувь хүмүүс, төрийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор шийдвэрлэх арга барилыг эзэмшүүлэхэд оршино.

892191_225598714284024_1945931135_o

(“Иргэн” төслийн 2011 оны шалгарсан 10 баг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимд олон нийтэд танилцуулгаа хийж Ерөнхийлөгч урилгаар оролцож танилцсан нь 2013 он)

Төсөлд хамрагдсан хүүхдүүд аливаа асуудлыг бие дааж, хуулийн арга замаар шийдвэрлэх мэдлэг, чадвар, арга барил, итгэл үнэмшилтэй болж ардчилсан нийгмийн хариуцлагатай иргэн болж төлөвших юм. Иргэн төслийн оролцогч хүүхдүүд нийгмийн идэвх оролцоо өндөр, хариуцлагтай иргэн болж төлөвшсөний нэг илрэл нь Өөрчлөлтийн Салхи ТББ-н залуучууд юм. Тэд Иргэн төслөөс эхтэй ба өнгөрсөн жил Монголын Залуучуудын Эвсэлийн зохицуулагч байгууллагаар ажилласан нь оюутан залуучуудын хувьд бахархууштай үйл явдал болжээ.

Зөвхөн Иргэн төслийн хүрээнд ч бус, иргэний боловсрол тэр дундаа хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд Иргэний Боловсрол Төв Иргэний Боловсрол хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахад гол үүргийг гүйцэтгэн, 1 – 12 дугаар ангийн сурах бичгийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Үүнээс гадна Иргэний Боловсрол Төв хүүхэд багачуудад зориулан Ардчиллын үнэт зүйлс, хувь хүний эрх чөлөө, үүрэг хариуцлага, шудрага ёсыг тэдэнд энгийн ойлгомжтой хэлбэрээр тайлбарласан цуврал ном гаргаж байсан нь багш, эцэг эх, сурагчдын талархалыг олонтаа хүлээсэн билээ.

1402922_229159193927976_2010983972_o

III. Экологийн Боловсролын Зуслан

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрлах ECO LAND Экологийн Боловсролын зуслан нь Иргэний Боловсролын Төвийн хүүхэд багачуудад зориулсан ашгийн бус, сайн дурын үндсэн дээр хэрэгждэг нэгэн төсөл юм. “Эко Боловсролоор зэвсэглэн эх орноо хамгаалцгаая” уриатай энэхүү зуслан хүүхэд багачуудад дан ганц экологийн боловсрол олгоод зогсохгүй, үе тэнгийн олон улсын хүүхдүүдтэй найзалж нөхөрлөх, Англи хэлний мэдлэгээ сайжруулах боломжийг санал болгодгоороо давуу талтай.

10583034_311136772396884_2644298865687940758_o

(Экологийн Боловсролд суралцаж буй нь)

АНУ-д хэрэглэдэг Экологийн боловсролын К-8 хөтөлбөрийг судлан орчуулж Монголын нөхцөлд тохируулан Экологийн Боловсролын Сургалтын Хөтөлбөр боловсруулсан нь тэдэнд энэхүү зусланг санаачлах урам өгсөн байна.

10403873_301147386729156_2344657407879090646_o

(Сэлэнгэ аймаг Ерөө сум. Баянгол. ECO LAND зуслан)

Ирэх саруудад ямар үйл явдал, боломжууд залуус та бүхнийг хүлээж байна вэ?

Иргэний Боловсрол Төвөөс ирэх саруудад цөөнгүй ажлуудыг залуучуудад зориулан төлөвлөсөн байгаа ба тухайлбал Залуучуудын Байгууллагуудын Солилцооны Хөтөлбөрийг санаачлах болсон нь миний анхаарлыг их татаж байсан юм. Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын иргэний нийгэм, залуучуудын байгууллагын гишүүн, идэвхтэнгүүд солилцооны хөтөлбөрөөр орчноо өөрчлөх, туршлага солилцох, шинэ ур чадварт суралцах боломжтой болох нь.

Түүнчлэн ирэх 6 дугаар сард Social Entrepreneurship буюу нийгэмд тустай төсөл хөтөлбөр, бизнес чиглэлийн санааг дэмжих, бойжуулах зорилготой Startup Weekend/Hackathon/Ideathon-г зохиох юм байна. Хараахан тов нь гараагүй байгаа эдгээр боломжуудын мэдээллийг та тухай бүрд нь iVolunteer.mn-с хүлээн аваарай!

Эдгээр болон Иргэний Боловсролын Төвтэй холбоотой бусад мэдээллийг та тэдний веб, сошиал хуудас болон 11-313619 утсаар авах боломжтой.

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.