11143391_425040467673180_5194510303824902319_n

О.Гэрэлээ: ЗАЛУУЧУУД ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ АВЧ ИРЖ БАЙНА

Иргэний Боловсролын Төвөөс зохион байгуулсан “Залуучууд нийгэмд эерэг өөрчлөлт авч ирж байна” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны II байрын шагналт эсээг та бүхэнд хүргэж байна.

“Хүсч буй өөрчлөлт нь чи өөрөө бай.” Махатма Ганди

Сүүлийн өдрүүдэд эхнэрээ хөнөөсөн, өөрөөсөө албан тушаал доогуур эмэгтэйг хүчиндсэн гэх аймшигт мэдээнүүд ар, араасаа дуулдах боллоо.

Нийгэм даяараа цочирдож, гашуудацгааж байна. Гэтэл дурдаж боломгүй үгсээр хохирогч эмэгтэйчүүдийг хараасан, буруутгасан өнгө аяс бас харагдаж, сонсогдох боллоо. Хүний эрх, эрхэм чанар, эмэгтэйчүүдийн эрхийн талаар мэддэг эсэхээс үл хамааран,  эрүүл мэнд, сэтгэл санаа бүр алтан амиа алдсан байхад хохирогчийг давхар хохироож, буруутгах энэ хандлага нөгөө тал шигээ уудам сайхан сэтгэлтэй Монголчуудаас гарлаа гэхэд гайхмаар.

Бид нэгнийхээ орон зай, оюун санаа, сэтгэл зүрхэнд нь энэ мэтээр бодит ба бодит бус үйлдлээр халдсаар л байдаг. Гэтэл ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг улсын хувьд манай орон иргэнийхээ бүхий л эрх, эрх чөлөөг нь бүрэн хангах ёстой, хэн ч ялгаварлан гадуурхагдаж, хүчирхийлэлд өртөх ёсгүй. Үндсэн хуулинд бидний эрх, эрх чөлөө бичигдсэн боловч бодит амьдрал дээр өөр байна, болохгүй байна гэж ярьцгаасаар, бичицгээсээр.

Бидэнд юу хэрэгтэй вэ?

Бид өөрсдөө буюу нийгэм өөрчлөгдөх хэрэгтэй байх нь. Хүндхэн жишээгээр эхэлсэн болохоор энэ бүхэн боломжгүй юм шиг, эсвэл “нийгэм”, “хүмүүс” ба “өөрчлөлт” гэдэг үгнүүд хоорондоо нэг л наалдахгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ тэр өөрчлөлт нь бодитойгоор барахгүй, би энд тантай өөрийн мэдэх өөрчлөлтийн түүхээс хуваалцах гэж байна.

Нийгмийн өөрчлөлт гэдэг онолын хувьд улс төр, эдийн засаг, соёлын хүрээг үндсээр нь хамарсан өргөн хэмжээний нийгэм соёлын өөрчлөлтийн процессийг хэлдэг байна. Миний бичих жишээ тэр том зүйлийг авчрах давалгааны дуслууд, зарим нь тэрнээс ч том эсвэл жижиг байх. Тэр нь гагцхүү хүмүүс айх аюул, ялгаварлан гадуурхалтгүй, нэгнийхээ эрхэнд халддаггүй, ямар нэг хэрэг гарахад, эсвэл эрсдэлд орлоо гээд хандахад хамгаалах төрийн байгууллага нь чадварлаг, үр дүнтэй ажилладаг, иргэн бүр нь аз жаргалтайгаар аж төрж, өөртөө итгэлтэйгээр зэрэгцэн амьдардаг тийм нийгмийг төсөөлөн, зорьж, бүтээж яваа залуусын түүх юм.

Яагаад залуучууд гэж?

Шинэ, өөр нийгмийг шинэ хандлага үзэл бодлоор бүтээнэ. Түүнийг хамгийн хурдан хүлээж авах, өөртөө шингээх, хамгийн урт хугацаанд хэрэгжүүлэх, түгээх хүн бол залуу хүн. Тиймээс тэдэнтэй ажиллах, дэмжих хэрэгтэй. Нөгөө талаас улсынхаа боловсролын системд сэтгэл хангалуун бус явдаг нэгний хувьд тэд бол амьдралд нь шаардлагатай, чанартай, орчин үеийн мэдлэг, мэдээлэл эзэмшсэн эсэх нь эргэлзээтэй, тиймдээ ч өөрийгөө зохистойгоор илэрхийлэх, хамгаалах тал дээр хамгийн эмзэг хэсэг юм. Тиймээс залуус эрхээ мэддэг, шаарддаг байх, тэдэнд эрх мэдлээ хэрэгжүүлэх боломж, итгэл олгогдсон байх хэрэгтэй гэж боддог.

Хэрвээ залуус эрхээ мэдвэл, өөрийгөө цор ганц гэдгээ мэдэрч, өөрийнх нь дотор амьдралаа, цаашлаад нийгмээ өөрөө шинээр босгох, аваад явах хүч байгаа гэдгээ мэдэрвэл бусдад нь ч бас халдварлаж, хүсч байгаа эерэг нийгмийнхээ дуслаас үүссэн нь давалгаа болно.

Монголын нийгэм дэх үүний жишээ бол Crazy About Democracy буюу Ардчилалд ухаанТАЙ хайртай залуусын төв ДемоКрэйзичүүд юм.

Жилийн хамгийн том арга хэмжээ нь хүн бүрийн идэвхтэй оролцоо, бүтээлч сэтгэлгээгээр нийгмийг эерэгээр өөрчлөх зорилготой хүний эрхийн баяр ДемоКрэйзи КАРНАВАЛ. Уг зорилгын дор хүний эрхийн, бэлгийн цөөнхийн, оюутны, хүүхдийн, харааны, сонсголын, хэл ярианы гэх мэт үйлдлийн хязгаарлалттай залуусын байгууллага бүр бүжгийн, дууны сонирхлоороо нэгдсэн нэгдэл, хувь хүмүүсийн олон янзат төлөөлөл цуглана.

Карнавалдаа бэлдэж гол үнэт зүйл болох хүний эрх, эрхэм чанар, жендэрийн тэгш эрх, ардчиллын үнэт зүйлсийн талаар ойлголтоо нэгтгэх сургалтаа, уулзалтуудаа хийнэ. Карнавалын өдөр болоход өөр, өөрийн өнгөөрөө гэрэлтсэн, өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлсэн залуус цуглаж, зорьж тэмүүлж байгаа тэр сайхан нийгмийнхээ бичил загварыг бүтээж, эрх чөлөөгөө, эрхэм чанараа хамтдаа мэдэрч, баярлацгаана.

Бичигдэж байгаа шигээ богинохон, хялбар түүх биш ээ!

Ойлголцол, ойлголт мэдлэг, хүсэл сонирхлын гээд олон янзын зөрүүгээ эвлүүлж, нэг зүгт чиглүүдэг их амаргүй бас маш бүтээлч процесс юм.

Энд л залуус нийгмийг өөрчлөх гэдэг алга урвуулахтай адилгүй удаан хугацаа шаарддаг гэдгийг, өөрчлөлтийг хүсэж байгаа бол өөрөө үлгэрлэх хэрэгтэй гэдгийг сурдаг. Юуг буруу хийчих бол гэсэн айдасгүй тэр орон зайд залуус өөрөө хөгжиж бас өөрчлөлтийг бүтээж байдаг.
Энэ сэдвийг хөндөгч миний бие харин одоо энэ процессийн оролцогч нь биш дэмжигч нь болоод, хүүхдээ харангаа, гэрээсээ нийгмийг өөрчилж байна гэчихвэл гайхах хүн олон гарах байх.

Хүүгээ өөртөө итгэлтэй, өөрийгөө болон бусдыг ялангуяа эмэгтэйчүүдийг хүндэлдэг, өөрийн үйлдлийн хариуцлагыг хүлээх чадвартай хүн болгож өсгөхөөр хичээхдээ өөрөө хамт хүмүүжиж, гэр бүлийнхнийхээ уламжлалт хандлагыг өөрчилж, ойролцоо төрсөн ээжүүдийн нүүр номын бүлэгтээ энэ тухайгаа хуваалцаж, СӨХ-ийн хуралдаа сууж, шийдвэр гаргалтанд оролцож, үүндээ байрныхныгаа уриалж амьдарч байна. Энэ бүхэн миний нийгэмд бас өөртөө, хүүдээ оруулж байгаа хувь нэмэр минь юм.

Ганц хүн өөрчлөлт хийхэд цөөднө гэж бодож байгаа бол та нэг шумуултай өрөөнд унтах гээд оролдоод үздээ.” гэдэг үг байдаг.

Унтаж байгаа нийгмийг сэрээх маш олон шумуулнууд тус, тусдаа бас хамтдаа тэмцсээр байна.

О.Гэрэлээ, Эрх зүйч, Хүний эрхийн активист

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.