gege egch 2

О.Энхгэрэл: Бүх улирал аялахад хамгийн тохиромжтой улирал!

“Амьдрал бол аялал” гэдэг тэгвэл амьдралаа аялалаар дүүргэж яваа нэгэн бүсгүйтэй бид энэ удаа ярилцлаа. Түүний нүүр номон дээрх зургуудыг харахад л хаашаа  хамаагүй аяламаар санагдсан. Харин уулзаж ярилцахад шуудхан л хаа нэгтээ аяламаар санагдаад доглон суусан. Одоо энэхүү догдлол минь мөн таньд ч гэсэн төрөх биз ээ!

8

-Та яагаад аялалд дурлах болсон бэ?

Анх гэрэл зураг сонирхож эхэлснээсээ хойш аялах болсон. Гэрэл зураг дундаа байгалийн гэрэл зураг илүү сонирхдог байсан нь илүү нөлөөлсөн гэж боддог. Өөрийн аялсан газруудаас мэдэрсэн мэдрэмжээ хүмүүст мэдрүүлж болохоор гэрэл зураг буулгахыг хичээдэг байсан. Тэр нь дараа нь зөвхөн гэрэл зургийн төлөө биш амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон доо.

feat

-Хамгийн дурсамжтай аялалынхаа талаар яриач?

Миний аялсан бүх аялал их дурсамжтай санагддаг. Багадаа аав ээж гэр бүлээрээ аялсан аяллууд хамгийн үнэ цэнэтэй нь. Туршлага муу байсан үеийн бас яаруу сандруу явсан аялалуудаа ч мартдаггүй. 2 жилийн өмнө Завханаас дөнгөж орж ирсэн шөнөө шууд Хагийн хар нуур луу үүрээр нь явсан. Машинтай аялалаас ирсэн үүргэвчээ тэр чигт нь л аваад явчихсан. Морин аялал явах гэж байгаа хүн шүү дээ (инээв).

Талдаа ойролцоогоор 60 км мориор явдаг өдөржин явна гэсэн үг. Очиход өдөржин бороо. Ирэхэд өдөржин бараг 30 хэмийн халуун байсан байхаа. Бэлтгэл муутай байсан болхоор очихдоо 100 хувь норж очсон. Ер нь сэрүүхэндүү газар норж очоод гудасаа мартчихсан бас жижигхээн мишоктой тэр шөнөө маргааш амьд сэрдэг боловуу гэж бодтолоо даарсан (инээв). Тэр хамгийн голд орсон тохиолдол байсан. Тэрнээс хойш яаж ч яарсан гудас бас -30 градусын мишокоо чирээд л явдаг болсон доо.

gege egch 3-Ихэнх залуучууд эхлээд карьераа бий болгочихоод 40, 50 хүрээд дэлхийг тойрч аялна даа гэж төлөвлөдөг. Таны хувьд залуудаа аялахын давуу талыг юу гэж боддог вэ?

Эхлээд карьераа бий болгоод дараа нь аялахыг би үгүйсгэхгүй. Гэхдээ залуу насандаа өндөр уулын орой дээр торолгүй даваад гарахад мэдэрсэн мэдрэмж, нас нэмээд тэр өндөр уулан дээр ер нь гарч чадаа ч уу үгүй ч үү хэхэ. Хүмүүс янз янзаар аялах дуртай байдаг. Зарим нь үнэтэй ресортд бууж, дэлгүүр хэсэх, далайн эрэг дээр хэвтэхийг амралт гэж үздэг байхад зарим нь тэр газрынхаа түүх соёл иргэншилийг судлах буюу музей театр гэх зэргийг илүүд үзнэ. Зарим нь бол үүргэвчээ үүрээд хямд зардалаар олон зүйл үзэх, туулах, алхах, экстрим төрлүүдийг турших гэсэн янз янзын сонирхолтой.

Миний хувьд хамгийн сүүлийнхийг илүүд үздэг. Харин өөрийгөө 50 60 хүрчихээд шүхрээр буугаад явж байгаагаар төсөөлөхгүй л байна. Зарим хүмүүс өөрийн карьерыг хэт их хөөгөөд яг жинхэнэ хүний амьдралаар амьдраагүй байдаг. Зарим нь хэтэрхий эрт амьдрал зохиосондоо юм үзэж туулах насандаа ямар ч онцгой зүйлгүй амьдарсандаа харамсаж явдаг. Тэгэхээр юм бүгд 2 талтай байдгийн адил аль альныг нь амжуулаад явах боломж ч байдаг.

gege egch 1-Аялах үедээ та юуг мэдэрдэг вэ?

Аялал надад урд нь хэзээ ч, хэнээс ч, юунаас ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг өгдөг. Мөн миний стрессээ тайлах арга болдог. Байгаль гэдэг хүний Ээж, Эх гэдэг.Тийм ч болохоор яг ээж дээрээ очиж байгаа мэт байдаг. Хүн бүрт тэгж санагддаг болхоор хүмүүс амрахаар шийдэхээрээ хотоос гардаг байх.

7

-Өмнөх аялалуудаасаа ямар зүйлсийг сурч авсан бэ? Дөнгөж аялалд явахаар төлөвлөж байгаа залуусд туршлагаасаа хуваалцаач?

Надаас их аялсан мундаг хүмүүсийн хажууд би ямар ч туршлагагүй аялагч шдээ (инээв). Явах болгондоо л нэг шинэ зүйлийг мэдэж авдаг. Дөнгөж аялаж эхлэх гэж байгаа бол эхлээд Монгол улсынхаа үзэсгэлэнт сайхан газруудаар аялах хэрэгтэй. Аялалаа эхлэхдээ Монголоосоо эхлэхэд ядаж л хэлний бэрхшээл, зам, аюул осол багатайгаас гадна миний эх орон ийм юм байна гэдэг нэг дүр зураг бууна. Түүний дараа гадагшаа аялахаар явахад гадны соёл, байгаль цаг ууртай танилцаад ирэхээр эх оронтойгоо харьцуулна. Харьцуулж үзээд өөрийн эрхгүй эх орноо хайрлах бахархах мэдрэмж төрдөг, өөрийгөө азтай гэдгийг мэдэрдэг, нэг их зовоод байгаа хүмүүс биш гэдгээ ойлгодог.

Тиймээс эхлээд аялалынхаа зорилгыг зөв тодорхойлоод, олон аялал хийсэн хүмүүсийн тэмдэглэл туршлагаас сайн судлаж уншаад, аялалдаа хэрэгтэй болон хэрэггүй зүйлийг маш сайн ангилж жагсаалтааа гаргаад, бэлтгэлээ базаагаад өөрийгөө олохоор явна даа. Мөн олон төрлийн аялалд өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. Майхантай аялал, хээр гадаа хонох аялал, дүүжин ортой аялал, мотоциклийн аялал, морьтой аялал, соло аялал, үүргэвчтэй аялал, завин аялал, онгоцны аялал гээд олон төрлөөр сорьж болно. Тэр болгонд шинэ мэдрэмж, шинэ туршлага олж авна. Тэгээд нэг мэдэхэд аялалын амтанд орсон байх болно гэж бодож байна.

gege egch 4-Аялалд явахдаа ямар аппликешн хэрэглэдэг вэ?

Монголдоо аялахад надад замын мэдээлэл их чухал байдаг тул Монголд зөвхөн GPS л хэрэглэдэг. Maps me, Geonet үнэгүй, интернет болон сүлжээгүй үед ашиглаж болно. Гадагшаа аялахад maps, hotel booking, pick up, tour booking  гээд олон зүйл хэрэг болдог болхоор Trip advisor, Agoda, Grab, Sidekix, Travel+Leisure, Solo Traveller гэх мэт аппликешн хэрэглэдэг.

6

 

-Цаашдаа өөр хаашаа аялахаар төлөвлөж байна вэ?

Би хамгийн түрүүнд Төвдрүү явж үзэх бодолтой байгаа. Төвд рүү аялах бас тийм амар зүйл биш байна лээ. Дараа нь Эгипт, Aляска, Швейцарь…гээд явж өгнө дөө (инээв).ge-Цаашдынх нь ажил бас аялалд нь өндөр амжилт хүсье! Үүргэвээ үүрээд хаашаа  юм аялалд явах гэтэл ямар нэг зүйлд уягдаад гар чадахгүй байгаа хүмүүст зориулж та ямар зөвлөгөө өгөх вэ?

#Аялал бол өөрийн дотоод ертөнцтэйгөө тулж ажиллах асар том боломж.

#Аялал бол тэр чигээрээ адал явдал, сорилт. Тиймээс юунд ч бэлэн байх хэрэгтэй.

#Хамгийн гол зүйл бол аялалынхаа зорилгыг зөв тодорхойлох. Зорилгоо зөв тодорхойлсон үед төлөвлөгөө, бэлтгэл, бүх жагсаалтуудыг гаргахад хялбар болно.

#Сайн тооцоолж төлөвлөж чадвал маш бага зардлаар аялаж болно.

#Халуун ч бай, хүйтэн ч бай, аль ч улиралд аялаж болно. Улиралдаа тааруулж аялах газраа сонгох нь л чухал.

#Зав гарахаар л аялахаар явна гэж бодож байгаа бол хэзээ ч бүтэхгүй. Завыг ‘гаргах’ хэрэгтэй.

#Аялал бол нэг ёсны өөрийнхөө хэн гэдгийг мэдэж болох, таньж болох хамгийн тохиромжит орон зай.

#Заавал өөрөө явж туршлага хуримтлуулах албагүй ч хэн нэгэн туршлагатай хүнээс суралцах ч боломжтой.

 

 

 

iVolunteer Санаачилгын гишүүн.

Сэтгэгдэл үлдээх

*