received_1712007928864404

ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМП дэлхий ертөнцийг бүхлээр нь харах боломж олгосон

Уншигчдад маань хүртээмжтэй мэдээллийг хүргэхээр бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Намайг Нямдэмбэрэл гэдэг. Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийг 2014 онд “Санхүүгийн менежмент” мэргэжлээр сурч төгссөн. Одоо “UCI Group”-д гадаад харилцааны менежерээр ажилладаг. Энэ компани нь Монголд хараахан орж ирээгүй бөгөөд Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа юм. Мөн ажлынхаа хажуугаар төсөл, хөтөлбөр санаачилж, зохион байгуулах сайн дурын ажил хийдэг.

“Пёнчан 2018” өвлийн олимпд сайн дурын ажил хийх тухай мэдээллийг хаанаас авсан бэ?

Залуучууд нийгэмдээ сайн дурын ажлыг ихээр хийдэг болсон байна. Харин миний хувьд дэлхийд өөрийн хувь нэмрээ оруулахын тулд ямар сайн дурын ажил, боломж байж болох вэ гэдэг  талаас нь судалж үзэхэд олимпд оролцох байсан юм. Судлаад үзэхэд олипд ажиллах нь сонирхолтойн дээр  том боломжийг олгож, үр дүнтэй санагдаж байсан. Тухайн үед өмнөх олимпд сайн дурын ажилтнаар явж байсан хүмүүсийн нийтлэлийг уншиж сонирхоод шууд л “Пёнчан 2018” өвлийн олимпийн тухай мэдээллийг албан ёсны хуудаснаас (www.volunteer.pyeongchang.com) нь авч, мэдсэн.

Тус өвлийн олипмийн тэмцээнд сайн дурын ажилтуудаа сонгоход ямар шалгууруудыг голчлон харж байсан бэ?

Олимп болох хугацаанд та цаг завтай байх уу гэсэн асуулт хамгийн түрүүнд  тавьсан. Мөн заавал насанд хүрсэн байх хэрэгтэй, тухайн улсын хэл болон англи хэл мэддэг эсэх, өмнө нь сайн дурын ажилд оролцож байсан туршлага, хувь хүний чадварт чиглэсэн асуулт буюу зохион байгуулах, хурдан шийдвэр гаргах, бусадтай харилцах чадвар зэргийг асууж байсан. Шалгаруулалтын үйл явцаас дурдвал: 5-6 хуудас асуулга бөглөсөн, англи хэл дээр шалгалт өгсөн, онлайнаар ярилцлаганд орсон. Нийт 7 сарын хугацаанд шалгаруулалт нь явагдсан.

Харин ярилцлаганд ирсэн асуултуудаас дурдвал; Өвдөх үедээ тэвчээртэй байж чадах уу?, Яагаад сайн дурын ажил хийх болсон бэ?, Пёнчан 2018 өвлийн олимпд явах болсон шалтгаан?, Сайн дурын ажил хийхээр асуулга бөглөсөн олон залуучууд дундаас бид яагаад таныг сонгох хэрэгтэй вэ? гэх мэт.

Та олимпийн үеэр ажлын ямар хэсэгт ажилласан бэ?

Нийт сайн дурын ажилтнуудыг 17 хэсэгт хувааснаас би VIP хариуцсан хэсэгт ажилласан. Тус хэсэгт цанын гулгалт, цанын чөлөөт төрлийг үзүүлдэг бөгөөд тэдгээрийг нь тусгай зочид төлөөлөгчид ирж үздэг (жишээ нь; Марокко улсын Ерөнхийлөгч, Канад улсын Ерөнхий сайд, Английн Хунтайжийн эхнэр, Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч гэх мэт). Тухайн хүмүүсийг орж гарахад нь туслах, машин дуудаж өгөх үүрэгтэйгээр ажилласан. Ерөнхийдөө сноүборд, цанын чөлөөт төрөл хэсэгт ажилласан.

received_1712007918864405

Нийт хичнээн сайн дурын ажилтан оролцож, ямар орны хүмүүстэй хамтран ажилласан бэ?

Нийт ажиллах хүчний хүмүүс 60000 гаруй байснаас 15000 нь сайн дурыхан байсан ба 1200 нь дэлхийн 62 орноос ирсэн сайн дурын ажилчид байсан. Үлдсэн нь Өмнөд Солонгосын залуучууд байсан. Би өөрийн ажиллаж буй хэсэгтээ 17 Солонгос залуучуудтай хамтарч ажилласан.

Сайн дурын ажилтны хувьд олимпийн уур амьсгал ямар санагдсан бэ?

Хоёрдугаар сарын 15, 16-нд Монголын тамирчид маань оролцсон. Тэдний тоглолтын эхний өдөр би амарч байх үедээ Монголын тамирчдаа дэмжиж Солонгост амьдардаг монголчуудтайгаа уулзсан. Хоёрдугаар  сарын 16-нд гүйлтийн цанын төрлийн хэсэгт оролцох тамирчдыг дэмжихээр ирсэн бусад улс орнуудын хүмүүсийн ихэнх нь Монголчууд байсан.

Та сайн дурын ажил хийхээр явахдаа замын зардлаа хэрхэн бүрдүүлсэн бэ?

Олимпд оролцохоор болвол замын зардлаас бусад зардлыг (байр, хоол, машин, хувцас гэх мэт) олимп зохион байгуулж буй газар хариуцах бөгөөд би өөрийн зардлаар явах хэрэгтэй байсан. Энэ үед би өөрөөсөө болоод Монгол Улсаа төлөөлөөд оролцохоор болсон учир таньдаг хүмүүс, өмнө нь сайн дурын ажлын хүрээнд хамтран ажиллаж байсан байгууллагуудад хандан захидал бичсэн. Тус захидал маань “Пёнчан 2018” олимпд сайн дурын ажил хийх болсон тухайгаа, өмнө нь юу хийж байсан, ямар туршлага, чадвартай хүн гэх мэт өөрийгөө тодорхойлсон утгатай байсан. Намайг Монгол Улсаа төлөөлж том үйл хэрэгт оролцож байгаад баяр хүргэж, дэмжлэг туслалцааг үзүүлж төсөв бүрдүүлэлтэд маань тэдгээр байгууллагууд болон найз нөхөд маань хандив өгсөн байгаа.

received_1712007902197740

Танаас гадна Монгол Улсаас оролцсон сайн дурын ажилтан байсан уу?

Монголоос хоёр хүн энэ өвлийн олимпд сайн дурын ажил хийхээр зорьж оролцсон. Мөн Солонгос улсад сурдаг 2 Монгол оюутан ажиллаж юм билээ. Албан бусаар 4 хүн сайн дурын ажил хийснийг мэдсэн.

Та сайн дурын ажилтнаар ажиллаад ямар туршлага хуримтлуулж, юу сурч мэдэж авсан бэ?

Юун түрүүнд харах өнцөг өөрчлөгдсөн. Энэ нь олон улсыг хамарсан арга хэмжээ гэдэг утгаараа олон орны залуучууд нэг дор цугларч, хамтарч ажиллаж, бие биенээсээ маш их мэдлэг, чадваруудыг сурдаг. Олон улсын залуучуудтай танилцаж, найзууд болсон. Дэлхий ертөнцийг бүхлээр нь харах энэ агшинд аливааг олон талаас нь харж, сэтгэж, сэтгэлгээ маань өргөжин тэлсэн. Олон улсын сайн дурын ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ гэдэгт суралцсан.

received_1712007905531073

Танд тухайн сайн дурын ажлыг хийх тухай мэдээллийг авах тал дээр тулгамдаж буй асуудал байсан уу? Монгол хэл дээр мэдээлэл хэр зэрэг олдож байсан бэ?

Тулгамдсан асуудал байгаагүй, гэхдээ Монгол хэл дээр мэдээлэл байдаггүй. Хүмүүс энэ мэдээллээр их дутмаг, мэдээллээр цангаж байдаг юм билээ. Зөвхөн хүмүүсийн зөвлөмж мэдээллүүд л байдаг. Мэдээж англи хэл дээр хайвал маш олон дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ. Албан ёсны хуудаснаас нь үнэн баттай мэдээллийг уншиж судалж байх нь хэрэгтэй бөгөөд баталгаатай байдаг. Мөн бусад улс орнуудын хүмүүс энэ олимпийн сайн дурын ажилд явж байсан туршлага, зөвлөмж зэргээ бичсэн бүхэл бүтэн тусгай блог, хуудсуудтай байдаг. Үүнийг оюутан, залуус маань уншиж, судлаж байхад илүүдэхгүй.

Та өмнө нь ямар чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж байсан бэ?

Залуучуудын оролцоог нэмэгдүүлж, нийгэмд хэрэгтэй олон үйл ажиллагаанд залуусыг татан оролцуулахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Өөрийн таньдаг найзуудтайгаа нийлж төрийн бус байгууллага байгуулж хүмүүст туслах чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ нь нийгэмдээ ч тус хүргэж буй хэрэг, мөн залуусыг амьдралын арга ухаанд сургах, танин мэдүүлэх явдал юм. Хамгийн анх бид Баянзүрх дүүрэгт амьдардаг орон гэрээ гэнэтийн шалтгаанаар алдсан олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг болон эхчүүдэд гэр худалдан авч өгсөн. Өнгөрсөн жилээс “Номын сан компьютерийн лабораторийн” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслөө бид өөрсдөө санаачилж Швейцари улсаас хөрөнгө оруулагчдаа олдог. Хүлээн авах газар нь асрамжийн болон хүүхдийн төвүүд байсан.

FB_IMG_1524107317864

Сайн дурын ажлын тухай таны бодол?

Өөрийгөө түр хойш нь тавиад өөр хүмүүсийн төлөө ажиллаад ирэхээр хүн өөртэйгөө нүүр тулгарах үе гарна. Би яагаад заавал энэ ажлыг хийх ёстой гэж хэмээн өөрөөсөө асууна. Залхуу хүрэх, цаг зав таарч тохирохгүйгээс эхлээд асуудлууд гарч ирнэ. Энэ үед өөрийгөө ятгаад, өөрийгөө давж гараад, өөртөө зорилго тавиад бусдын төлөө ямар нэг юм хийж эхлэх үед өөрийгөө таньж мэднэ.  Яагаад бусдын төлөө ажиллах нь хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгох болно. Сайн дурын ажил их хийснээр эцэст нь хүн өөрийгөө таньдаг нь хамгийн чухал хэсэг юм.

Яагаад сайн дурын ажил хийх болсон бэ?

Хүн өөрийн мэдээгүй ертөнцтэй танилцсанаар бусдад туслах, нийгмийг өөрчлөх хүсэл зориг ундардаг. Өөрийн мэдээгүй бүхэнтэй нүүр тулгарах бүрт шинийг хийх санаа бодол төрдөг ба түүнийгээ бусадтай аль болох хуваалцахыг хичээдэг. Хүмүүсийг би бусдын төлөө амьдрахыг, бусдад туслахыг эрмэлздэг байгаасай гэж хүсдэг. Олимпд сайн дурын ажил хийхээр явсан маань ч үүнтэй холбоотой. Шинэ зүйлийг сурч мэдчихээд бусадтай хуваалцах нь улс орны хөгжилд ч гэсэн нөлөөлөх болов уу гэж боддог.

Та нэг өдрийн цагийн хуваариа уншигчдад хуваалцаач?

Тогтсон хэвшилтэй болохыг эрмэлзэж байгаа. Өглөө босоод нэг аяга кофе ууж, подкаст сонсчихоод өдрийнхөө ажлыг төлөвлөдөг. Төлөвлөсөн хуваарийн дагуу өдрийн цагаар ихэвчлэн гадуур уулзалт байдаг. Орой юм уу эсвэл өглөө эрт компьютер дээр бичиг баримтын ажлаа хийж гүйцэтгэдэг. Миний ажлын 50% нь онлайнаар явагддаг тул байнгын цахим сүлжээнд идэвхтэй байдаг.

Ирээдүйн зорилго тань юу вэ?

Бодож явдаг зүйлс их бий. Монгол Улсынхаа хүүхэд залуучуудад чиглэсэн тогтвортой, нийгэмд тустай төслийг хэрэгжүүлэхийг хүсдэг. Ялангуяа боловсролын салбарт хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Боловсрол гэдгийг зөвхөн академик түвшинд яригдах ёстой зүйл гэж бодохоос илүүтэй хувь хүний зан төлөв, мэдлэг чадвар, зөв хүн байлгах тал дээр чиглэгдэх нь зүйтэй болов уу гэж боддог. Энэ тал дээр би чадах зүйлээ хэрэгжүүлэхийг эрмэлздэг.

 

received_1712007942197736

Цаашид олон улсын олимпийн наадамд оролцох хүсэлтэй байгаа залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна вэ?

Надаас асуух зүйл байвал хэзээд асууж болно. Англи хэлнээс гадна тухайн олимп байгуулагдах газрын хэлийг сурах нь танд маш том давуу тал болно, Олимпд сайн дурын ажил хийх залуусыг олимп болохоос 2 жилийн өмнө сонгон шалгаруулж авдаг учраас цагаа сайн хуваарилах хэрэгтэй. Удахгүй “Tокио 2020” олимпд оролцох сайн дурын ажилтны шалгаруулалт эхэлнэ. Би чадахгүй байх гэж бодож болохгүй.  Таны чадвар, хэлний мэдлэгийг мэргэжлийн түвшинд байлгахыг шаарддаггүй бөгөөд та тухайн орчин нөхцөлд дасан зохицох чадвартай байх нь л чухал юм. Цаг агаар, өдөр тутмын амьдралд нь дасчих юм бол бусад нь асуудалгүй. Хамгийн гол нь бууж өгөхгүй, хүсэл эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй, тууштай байх хэрэгтэй. Боломжтой л бол олон улсын арга хэмжээнд залуучууд идэвхтэй оролцож, сурч мэдсэн зүйлсээ эргээд Монголдоо хэрэгжүүлээсэй гэж хэлмээр байна.

Бэлтгэсэн: Т.Солонго

Сэтгэгдэл үлдээх

*