DSC00070

ЗӨВЛӨГӨӨ 2 : Үүргэвчтэй аялал хийхийг хүсдэг залууст зориулав

Зугаатай зуны өдрүүд эхэлж залуус бидний хувьд амралтын өдрүүд айсуй. Эдгээр өдрүүдэд үүргэвчээ үүрээд байгалийн сайхантай танилцаж аялан гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан. Үүргэвчээ үүрээд хаашаа ч хамаагүй аялмаар байгаа ч ямар нэг зүйлд уягдаад гэртээ суусаар л байна уу? Тэгвэл чамд урам зориг өгч чадах нэгэнтэй бид ярилцлаа. Ээлжит ярилцлагын зочноороо бид Ирмүүн агентлагийн туслах арт директор, копирайтер П.Бат-Эрдэнэтэй түүний өнгөрсөн жилийн сонирхолтой аяллынх нь талаар халуун яриа өрнүүллээ.

бат-эрдэнэ

Миний хувьд аялахыг их хүсдэг ч тэр бүр ажлын зав чөлөө таардаггүй байсан ба  ажлын шугамаар  гадагшаа  хэд явсныг эс тооцвол  аяллын дурсамж тун цөөн. Харин өнгөрсөн жил наадмын дараахан найзтайгаа санаандгүй ч юм шиг гэнэтийн шийдвэрээр аялалд гарахаар шийдсэн юм . Гэнэтийн гэж буйгийн учир нь өмнөх орой нь л  найзтайгаа сайхан ярьж байгаад тэгээд л маргааш нь  өглөө  8 цагт гарахаар тогтоод аяллын үүргэвчээ бэлдсэндээ. Бидний хувьд аялал гэхээсээ илүү hitchicking (замын унаагаар явах) хийхээр төлөвлөж аялсан.

Image result for найман нуур

Гэнэтийн шийдвэрээрээ хэрхэн аяллын маршрутаа гаргасан бэ? Аль эсвэл аялахаар тогтсон газар байсан уу?

Хамт аялсан найзын  маань хувьд аяллын туршлага нэлээд их ба бидний хувьд өмнө нь ч бас аяллын талаар яриа дэлгэгдэж байсан ч хараахан шийдвэр гаргаж алхам хийгээгүй байсан юм.  Аялах газраа бол бас л гаргасан шийдвэр шигээ гэнэт л гүүглээс сайхан байгальтай газар хайж байгаад л Өвөрхангай аймгийн “Найман нуур”ыг үзэхээр зорьсондоо.

hitchhiking

Аяллаа хэрхэн эхлүүлсэн бэ?

Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хужирт сум руу орон нутгийн автобусаар яваад автобуснаасаа буугаад замын унаанд дайгдах гээд зам дагуу үүргэвчээ үүрээд алхсан. Эхэндээ унаанд дайгдах гээд санаа зовоод шууд асууж чадахгүй замын машинуудаас энэ Улаан цутгалан ордог зам мөн үү гэж асуугаал (бидний очих газар Улаан цутгалангаар дайрч явдаг юм лдаа) хүмүүс ч ордог нь ч ордог л доо та хоёр тэгээд алхах гэж байгаа юм уу? гэсэн гайхсан харцтай асууж байсан. (инээв) Тэгээд бид  2,3 машинд дайгдаж явсаар очих газартаа дөхсөн. Ингэж явахад миний хувьд илүү сайхан санагдсан. Учир нь өмнө нь найзуудаараа нийлээл нэг машинд олуулаа суугаад яг үнэндээ аялал гэхээсээ илүү зугаа цэнгэл талдаа байсан юм шиг санагдсан. Бидний хувьд хоёулахнаа ямар нэгэн цаг хугацаанд баригдалгүй, юманд санаа зовохгүй аялаж чадсан.

морь

Цааш хэрхэн үргэлжлэв?

Улаан цутгалангаас бидний очих газар болох Найман нуур руу машинаар явж болдоггүй мориор явахад илүү дөт зам байдаг гэдгийг сонсоод бид Улаан цутгаланд байдаг айлаас өөрсдийн унах 2 морь, ачааны морь , морьдийн  эзний морь гээд 4 морь  3 хоног түрээсэлж авч явсан. Найман нуур нь хоёр уулын хөндийд 8 нуур байрладаг  маш үзэсгэлэнтэй байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм байна лээ. Бидний очсон талаас Хүйс нуур нь хамгийн том нуур нь харагдсан ба яг бидний байрласан газар бол зөвхөн мориор л очихоор,  хурдан явбал өдөртөө Улаан цутгалангаас очдог газар. Зам нь бартаатай болоод тэрүү ойр хавьд хүмүүс буудаллаагүй зэлүүд сайхан газар байсан.

Capture

Урт удаан аяллын эцэст зорьсон газраа очиход ямар сэтгэгдэл төрж байсан бэ?   Аяллын тань талаар сонсоход монгол ахуй, байгальтай илүү ойр, сонирхолтой аялал болсон  санагдлаа.

Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, морь унаж хол зам туулсан сайхан аялал байсан. Замдаа ядрах гэхээсээ илүүтэй агаарт сайхан амарч, монгол айлаараа зочилж идээ будаагаар дайлуулж явж ирсэн болохоор үнэхээр сайхан мэдрэмж төрж байсан. Мөн хоёулаа явж байсан болохоор нутгийн иргэдтэй илүү ойр танилцаж, тэр сайхан зочломтгой, найрсаг  зангийн мэдэрсэн. Ирмүүн агентлагаас  гадны жуулчдад зориулсан Монголын талаарх танилцуулга, аяллын талаарх гарын авлага, National Geography сэтгүүл гээд маш олон хэвлэлүүдийг гаргаж байсан. Тухайн үед би монголчуудын зочломтгой сайхан зангийн талаар  олон ч нийтлэл орчуулж, бичиж байсан ч  хараахан мэдрээгүй байсан. Яг үнэндээ хэдий сайхан зочломтгой гээд сонсдог ч яг биеэрээ мэдрэхэд үнэхээр монгол ард түмнээрээ бахархсан, омогших сэтгэл төрсөн төдийгүй ногоон талаар морь  унаад салхи татуулан явахад өөрийгөө жинхэнэ монгол хүн шиг мэдэрсэн.

аялал кофе

Ярилцлагын төгсгөлд уншигч залуучууд, аялагчдаа зориулж бяцхан зөвлөгөө өгвөл:

# Аялалд тийм их мөнгө зарна гэж бүү төсөөлөөрэй ! Та сайн судалж чадвал хямд төсвөөр аялах боломжтой! 

# Олуулаа гэхээсээ илүү цөөхүүлээ аялаарай! Ингэснээрээ аяллаасаа илүү их зүйлсийг сурч авч чадна. Хүсвэл ганцаараа аялсан ч болно.

# Хамтрагчаа сонгохдоо гүргэр хүнийг сонгоорой ! Тэр хүн таныг аялалын чинь турш зоригжуулж чадна!

# Заавал төлөвлөх албагүй ! Амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн.

# Мэдрэмждээ найд ! Заримдаа зоос шидэж үзээд замаа сонгох нь аялалыг чинь илүү сонирхолтой болгоно.

Ярилцсан: Н.Марал-Эрдэнэ

Зургыг:Т.Баттөр

iVolunteer Санаачилгын гишүүн.

Сэтгэгдэл үлдээх

*