Z14

Утга учиртай оролцоогоороо нийгэмдээ үлгэр жишээ болж буй залуус

“I Volunteer, Do You” өдөрлөг энэ жил “Утга учиртай оролцоо” уриан дор зохион байгуулагдсан билээ. Энэ утгаараа залууст  “Утга учиртай оролцоо” гэж юу болох талаар ойлголт өгч, утга учиртай оролцоогоороо нийгэмдээ үлгэр жишээ болж буй залуусыг урьж, түүхээс нь хуваалцсан юм.

Тэд бол арван жилийн сурагчаас эхлээд ажлын талбарт гарсан үе үеийн залуусын төлөөлөл. Тэдний түүх, хуримтуулсан туршлага, хүсэл зорилго харилцан адилгүй ч САЙН ДУРЫН АЖИЛТАН гэдэг нэг нэрэн дор нэгдэж, өдөрлөгийн хүндэт зочдоор уригдсан билээ.

Н.Энхзул: Бэрхшээлийг давж гарснаар том туршлага хуримтуулдаг

Z18

Н.Энхзул байгаль орчны судлаач мэргэжилтэй бөгөөд өнгөрсөн өвөл Engie компани болон iVolunteer Mongolia санаачилгын залуустай хамтран “Mask On” төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцжээ. Ингэхдээ Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой бүсүүдийг сонгож, тусгайлан сургагдсан 17 сайн дурын ажилтнаар дамжуулан тус бүс нутагт амьдардаг жирэмсэн эхчүүдэд сургалт орж, агаарын бохирдлоос өөрсдийгөө болон гэр бүл, хүүхдээ хамгаалах талаар зөвлөгөө өгчээ.

Тэрээр агаарын бохирдол ихтэй бүсүүдийн нэг болох 100 айлд амьдардаг. Гэрийнх нь ойролцоох цэцэрлэгийн хашаанд байрлах агаарын чанарыг хэмжигчийг өдөр бүр харж, бохирдлын эсрэг бодитойгоор хувь нэмрээ оруулахыг хүсдэг байсан нь энэ төсөлд нэгдэхэд хүргэжээ. Мөн тэрээр Зориг Сангийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрт оролцож байхдаа хаягдал цаасыг дахин боловсруулж, нэрийг хуудас хийх жижиг төслийг санаачилсан ба эдүгээ “3R Paper” нэртэй сошиал старт-апп болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Н.Энхзул “Сайн дурын ажил хийж байхад тодорхой хэмжээний бэрхшээл гарах нь ойлгомжтой. Гэхдээ хийж буй зүйлдээ дуртай бол бэрхшээлийг яаж ийгээд даваад л гардаг. Эргээд харахад том туршлага болж үлдсэн байдаг” хэмээн ярьсан юм.

Т.Есүхэй: Сайн дурын ажил миний амьдралд маш том өөрчлөлт, гарцыг нээж өгсөн

Z15

“8-р ангийн сурагч байхдаа Иргэний Боловрол төвөөс зохион байгуулдаг “Иргэн” төсөлд найзуудтайгаа хамтраад оролцож байлаа. Төслийн хүрээнд сурагчид өөрсдөдөө тулгарч буй асуудлыг тодорхойлоод түүнд тохирсон гарц гаргалгааг холбогдох албаны хүмүүст нь санал болгож, нөлөөлөх боломжийг олгодог. Бид хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байгааг харуулсан судалгаа хийж Төрийн ордны Иргэний танхимд хэлэлцүүлсэн юм.

Энэ хэлэлцүүлгийн дараахан дүүрэг бүрт усан спортын төв барих шийдвэр гарсныг сонсоод бидний дуу хоолой тодорхой хэмжээгээр нөлөөлж дээ гэж бодон их урамшсан. Ингээд дөнгөж 18 нас хүрэнгүүтээ “Өөрчлөлтийн салхи” ТББ-аа байгуулж байсан. Арван жилээ төгсөөд улс төр судлаачийн мэргэжлийг сонгоход миний хийж байсан эдгээр сайн дурын ажлууд хамгийн их нөлөөлсөн. Одоо мэргэжлийнхээ чиглэлээр судалгааны байгууллагад ажилладаг” гэв.

Ц.Цэвээнравдан: Сайн дурын ажил бол “ажлын лаборатори”

Z17

“Таны Шинэ Найз” ТББ-ын зохицуулагч, 12-р ангийн сурагч Ц.Цэвээнравдан “Би өмнө нь ичимхий бүрэг, үеийнхэнтэйгээ нийлдэггүй хүүхэд байсан. Эгчийнхээ санал болгосноор Улаан Загалмайн нийгэмлэгээс эхлээд сайн дурын ажил хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд сошиал баг, ложистик, бүртгэлийн баг гэх мэт өөр өөр багт орж ажиллах болгондоо нэг шинэ зүйл сурдаг байсан. Миний бодлоор сайн дурын ажил бол “ажлын лаборатори” юм. Би үүнийг хийж байхдаа алдсан ч болно, алдахгүй байсан ч болно. Хамгийн гол нь би туршилт хийх замаар тэндээс шинэ зүйл сурч авдаг нь сайхан” гэсэн юм.

Г.Батдорж: Сайн дурын ажил бол миний гал халуун дурлал

Z19

Г.Батдорж их сургуулиа төгссөнийхөө дараа гэр хорооллын хүмүүс хэрхэн яаж амьдарч байгааг мэдэх зорилготой сайн дурын ажил хийж эхэлсэн нь гэр хорооллын иргэдийн амьдралын орчинг сайжруулах зорилготой Гэр Коммунити Центр үүсэх эхлэл болсон байна. Тэрээр архитектурын мэргэжилтэй ч сүүлийн 11 жил сайн дурын ажлыг тасралтгүй хийж байгаа аж.

Г.Батдорж “2012 онд хөршүүдтэйгээ хамтраад хог тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр нэг санаачлага гаргасан юм. Энэ нь өргөжиж явсаар одоо Улаанбаатар хотын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа ба давхар одоо хотын захиргаа, олон улсын байгууллагуудтай  хамтарч ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын нээлттэй мэдээллийн баазыг хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.

Ц.Мандхайхатан: Хүмүүсийн амьдрал өөрчлөгдсөнөөр миний амьдрал өөрчлөгдөнө гэдгийг ойлгох хэрэгтэй

Z16

Хэлэлцүүлгийн төгсгөлд Бодлогод залуусын хяналт ТББ-ын тэргүүн Ц.Мандхайхатан: “Утга учиртай оролцоо гэдгийг хамгийн энгийнээр өөрийнхөө юу хийж байна вэ гэдгийг гүн бат ухамсарласан байхыг л хэлээд байгаа юм. Манай аав хэлсэн учраас үүнийг хийж байгаа юм биш, намайг тэтгэлэг авахад хэрэгтэй учраас хийж байгаа юм биш.

Харин би энэ ажлыг санаачилж хийгээд үүний нэг хэсэг болсноор хүмүүст, хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчирч чадна. Хүмүүсийн амьдрал өөрчлөгдсөнөөр миний амьдрал өөрчлөгдөнө гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн энэ өөрчлөлтийг хийхийн тулд олуулаа, багаараа, найз нөхөдтэйгээ цаашлаад төртэй хамтарч ажиллана. Ингээд харахаар сайн дурын ажил гэдэг бол бидний амьдралыг баялаг, сонирхолтой, утга учиртай болгоод зогсохгүй магадгүй ирээдүйд чиний бизнесийн эхлэл ч болж болох юм” гэлээ.

iVolunteer Санаачилгын гишүүн.

Утга учиртай оролцоогоороо нийгэмдээ үлгэр жишээ болж буй залуус” сэдэв дээр нэг сэтгэгдэл байна

  1. Дагвасүрэн on Reply

    Сайн дурын ажил хийдэг мундаг залуустаа амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх

*