12088120_1689463441285892_7078643168144475421_n

Хамгийн үр өгөөжтэй төсөл- Wheelmap гэж юу вэ?

Магадгүй та энэ үгийг сонсоод яг юу болох талаар нь сайн мэддэг эсвэл сонсож байсан боловч сайн мэдэхгүй эсвэл бүр огт дуулаагүй ч байж магадгүй. Wheelmap нь маш үр өгөөжтэй төсөл бөгөөд энэ талаарх мэдээллийг өнөөдөр та бүхэнд хүргэхээр бид “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг”/WCS/ -ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Тогтвортой хөгжлийн төслийн мэргэжилтэн, Америкт Сургууль Төгсөгчдийн Нэгдсэн Холбоо /MASA/-ний Удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Б.Онон-той ярилцаж мэдээлэл авсан юм.

IMG_3880

Wheelmap.org нь Германы “SOZIALHELDEN” /Нийгмийн баатрууд/ нэртэй ашгийн бус байгууллагын санаачилгаар хэрэгжиж эхэлсэн цахим газрын зураг бөгөөд 2010 оноос хойш одоог хүртэл нийт 470,000 барилга байгууламжийн инженерчиллийн мэдээллийг сайтдаа байрлуулсан аж. Уг сайтыг сар бүр ойролцоогоор 35,000 иргэд ашиглаж байна. Энэ нь тэргэнцэртэй иргэдэд олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудын барилгын бүтцийн талаар онлайнаар мэдэх боломжийг олгодог давуу талтай юм. Өөрөөр хэлбэл энэ нь аливаа байгууламжын:

-Босго

-Хаалга

-Цахилгаан шат

-Налуу зам

-Ариун цэврийн өрөө гэсэн 5 үзүүлэлтийг сонгож хэмжилт хийсэн байдаг ба эдгээр нь тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэхэд тохиромжтой эсэх талаар 4 өнгийн тэмдэгтийг ашиглаж илэрхийлдэг. Wheelmap.org-ийг хэрхэн ашиглах талаар та доорх бичлэгээс илүү дэлгэрэнгүйг олж үзэх боломжтой.

Монголд уг төслийг Америкийн Төрийн Департментийн санхүүжилтээр 1 жилийн хугацаатай хэрэгжүүлэх ба энэ нэг жилийн хугацаа нь 2016 оны зун албан ёсоор дуусгавар болох юм. Уг төслийг хэрэгжүүлэхэд Америкт Сургууль Төгсөгчдийн Нэгдсэн Холбооны Зөвлөлийн гишүүд, Бид чадна ТББ, Шинжлэх ухаан, Технологийн Их сургуулийн оюутнууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байна.

Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 1-8-р хороо, Чингэлтэй дүүргийн 1-4-р хорооны хүн амын хөдөлгөөн ихтэй эмнэлэг, сургууль, төрийн байгууллагууд зэргийг хамруулан бүртгэлжүүлэх ажил өрнөж байна. Одоогийн байдлаар 100 гаруй сайн дурын ажилчид энд ажиллаж байгаа ба тэдний дийлэнх нь оюутнууд байгаа аж. Уг төсөл Монголд хэрэгжиж эхэлснээс хойш зохион байгуулагчид 2015 оны 11 сард, 2016 оны 2-р сард тус тус сайн дурын ажилчдад зориулсан нээттэй сургалтыг зохион байгуулсан ба тэд одоогийн байдлаар 500 гаруй барилга байгууламжийг бүртгэн мэдээллийг нь оруулжээ.

Сайн дурын ажилчид 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг болон газруудад хуваагдаж ажилладаг ба байгууламжын дээр дурьдсан 5 үзүүлэлт дээр хэмжилт, судалгаа хийдэг байна. Мөн сайн дурын ажилтнуудын дунд 5 сард уралдаан зарлах бөгөөд хамгийн олон газрын мэдээллийг бүртгэлжүүлсэн оюутныг үнэ бүхий зүйлээр шагнах ажээ. Хэрэв та сайн дурын ажилчидтай нэгдэхийг хүсвэл дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу!

Ярилцсан: МУИС-ОУХНУС Ш.Нандин-Эрдэнэ

Зургийг: СЭЗДС Э.Дэмүүл

Эх Сурвалж: “Хамгийн үр өгөөжтэй төсөл- Wheelmap гэж юу вэ?“, www.bidchadna.mn, 2016 он

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.