2B2A5890

КАРЬЕР ХӨТӨЧ: Хуульч Ц.Амарсанаа

IVO санаачилга оюутан, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, олон төрлийн сонирхолтой мэргэжлүүдийн халуун “гал тогоо”, бодит байдлыг танилцуулах зорилготой “Карьер Хөтөч” хэмээх цуврал ярилцлагын буланг эхлүүлж байгаа билээ. Тухайн нэг мэргэжлээр суралцаж буй оюутан, ажил дээр гараад удаагүй залуу мэргэжилтэн, салбартаа манлайлж буй туршлагатай эксперт гэсэн карьерийн хувьд гурван өөр түвшинд яваа хүмүүс та бүхэнтэй өөрийн мэргэжлийн онцлогийг хуваалцах юм.

Бид “Карьер Хөтөч” булангийн анхны дугаараа ХУУЛЬЧ мэргэжлээр эхлүүллээ. Энэ удаа та бүхэнд  Шихихутуг их сургуулийн багш, Монголын хуульчдын холбооны гишүүн, докторант Цэнджавын Амарсанаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 

Хуулийн салбарт өрсөлдөөн ихтэй ч хичээж, зорьж чадвал таны орон зай хэзээд байна

Магадгүй хүмүүс танай мэргэжлийн талаар дутуу эсвэл ташаа ойлголттой байж магадгүй юм. Яг бодит байдал дээр ямар байдаг вэ?

Нэгт, эрхзүйч болон хуульч гэдэг хоёр тусдаа ойлголт. Их сургуулиа төгссөн хүн бүр хуульч болдоггүй. Харин эрхзүйч мэргэжлээр төгсөөд 2-3 жил ажилласны дараа сонгон шалгаруулалтад орж,  шалгалтад тэнцсэн эрхзүйчид хуульч болох эрхээ авдаг. Хоёрт, хуульч хүний ажил бүгд хууль ёсны дагуу явагддаг, өөрөөр хэлбэл бид хуулинд захирагддаг. Тэрнээс биш танил тал харж эсвэл хуулийн үйлчилгээ авч буй хүмүүсийн сэтгэл хөдлөлд үндэслэж үйлчилдэггүй. Мэдээж хүн бүр өөр өөр авир, араншинтай. Нэг хуульч нь ёс зүйн алдаа гаргаснаас хуульчид бүгд ийм гэж ойлгох нь буруу. Мөн олон нийт хуульчийн мэргэжил илүүдэлтэй гэж их ярьдаг. Гэвч хөдөө орон нутагт хуульч мэргэжлийн хэрэгцээ шаардлага их байна.

2B2A5897

Тэгвэл яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ, юу нөлөөлөв?

-Аливаа мэргэжлийг сонгоход тухайн хүний суурь чадвар болон хүсэл зорилго чухал үүрэгтэй. Миний хувьд энэ мэргэжлийг сонгоход мэргэжлийн нэр хүнд, гэр бүл, найз нөхдийн дэмжлэг, мөн шударга ёсыг баримтлах чин хүсэл нөлөөлсөн.

-Таны оюутан байхдаа суралцсан зүйлс болон ажил дээр гарч буй зүйлийн ялгаа? Туршлага хуримтлуулаад ирэхээд мэргэжлийнхээ талаарх ойлголт тань хэр өөрчлөгдөж байна?

-Мэдээж бүхий л салбарт ажил дээр гарахад хүндрэл, бэрхшээл тулгарна. Юуны өмнө ажил дээр гарахад шалгуур өндөрсч, хариуцлага нэмэгдэж, мэргэжлийн ёс зүйд суралцах зэргээр шаталбарын хувьд өөр болно. Оюутнууд суралцах явцад онолын талаас тодорхойлолт үзэж байсан бол практикт уг онол яг юуг зохицуулдгийг ойлгох болно. 

-Таны өдөр тутамдаа байнга авч явдаг ажлын хэрэгсэл?

-Лаптоп, үзэг, нэрийн хуудас, бэлтгэсэн өдрийн хоол, тэмдэглэлийн дэвтэр, түрийвч, хэвлэмэл хуулиуд, гар утас зэргийг тогтмол авч явдаг. 

-Салбараасаа таны хүндэлж явдаг хүмүүсийг нэрлэвэл?

2B2A5899

-Олон эрдэмтэд бий. Үүнд, Б.Чимэд агсан, Ж.Амарсанаа, О.Амархүү, Н.Жанцан, Г.Совд агсан, Шихихутуг Их сургуулийг үүсгэн байгуулагч Д.Лүндээжанцан гэх мэт үе үеийн хуульчдыг хүндэлдэг. 

-Өөрийгөө мэргэжил болон хувь хүн талаас хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Мэргэжлийн талаас гэвэл ажилласнаар буюу хууль зүйн зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээ хийж онолын мэдлэгээ, шүүх хуралд оролцох замаар туршлагаа зузаатгаж, мэргэжлээ илүү ойлгож дагаад хөгждөг болов уу. Харин хувь хүний талаас гэвэл хүмүүс эхлээд уншиж, бусадтай харилцаж, аливаа зүйлстэй танилцсанаар өөрийн зорилгыг олох хэрэгтэй. Тэрхүү зорилгодоо мэдээж зүтгэж байж хүрнэ. Уг зорилгодоо хүрэх явцад тэвчээр хатуужил, цаг баримтлах, багаар ажиллах гэх мэт хандлагууд төлөвшдөг.

Өөрийнхөө үйлдлийн зөв бурууг мэддэг болж, хүнийг хүндэлж сурсан нь хамгийн чухал сургамж байлаа

-Таны ажлын бэрхшээлтэй зүйлсүүд болоод түүнийг хэрхэн даван туулдаг тухай?

-Хамгийн түрүүнд мэргэжлийнхээ онцлогийг зөв тодорхойлсон, зөв төсөөлөлтэй байх хэрэгтэй. Гоё, нэр хүндтэй ямар ч ажилд бэрхшээл бий. Алдаа маань давтан шалгалтаар хэмжигдээд явдаг учраас алдаа гаргах эрхгүй болж эхэлнэ. Гэхдээ хүн алдаа гаргаж байж сурдаг учир хувийн туршлага, нэмээд зөвлөгч багш нар, хамт олон маань тэрхүү бэрхшээлийг туулахад тусалдаг.

-Энэ хугацаанд таны суралцсан хамгийн үнэт амьдралын хичээлүүд?

2B2A5882

-Мэргэжлийн онцлогийг дагаад хувь хүн нь бага зэрэг хаалттай болох хандлага бий. Хамгийн чухал сурч ойлгосон зүйл гэвэл өөрийнхөө үйлдлийн зөв бурууг мэддэг болж, хүнийг хүндэтгэж сурахын сацуу цаг хугацаа хурдан өнгөрдөг гэдгийг ойлгосон.

-Энэ мэргэжлээр суралцаж буй мөн хуульч мэргэжлийг эзэмших хүсэлтэй залуу үеийнхэнд хэлэх захиас?

-Эцсийг нь хүртэл үзэх хэрэгтэй. Аливаа зүйлийн сайхныг нь харсан бол бэрхшээлийг нь ч бас хамтад нь тооцох хэрэгтэй. Хүн бүр хуульч болох албагүй гэхдээ хүн бүр хуулийн мэдлэгтэй байх ёстой. Монголдоо ажиллах бол Монголдоо боловсролоо эзэмших нь зүйтэй. Харин эрдмийн зэрэг, цолоо гадаадад хамгаалж болно. Унших, судлах зүйл их учир тухайн хүнээс тэвчээр их шаардана. Өрсөлдөөн ихтэй ч хичээж, зорьж чадвал таны орон зай хэзээд байна.

Монголдоо ажиллах бол Монголдоо боловсролоо эзэмших нь зүйтэй

-Энэ мэргэжлийг маш сайн эзэмшихийн тулд ямар ур чадвар шаардлагатай вэ?

-Хамгийн түрүүнд хүн байх нь чухал. Шударга, энэрэнгүй, голч, зоригтой, нягт нямбай байх ёстой. Хамгийн чухал таван чадварыг нэрлэвэл:

2B2A5876

  1. Өөрийн гэсэн үнэлэмжтэй
  2. Тэвчээртэй
  3. Мэргэжлийн ёс зүйтэй
  4. Хуулийг даган, захирагддаг
  5. Хувь хүний ёс зүйтэй

-Ирээдүйд, магадгүй 20 жилийн дараа таны мэргэжил байх болов уу?

-Би нэг судалгаанаас хуульч мэргэжил 50 жилийн дараа үгүй болно гэж дурдсаныг харсан. Гэхдээ хүн байхад, тэнд нийгэм, хүмүүсийн харилцаа байна. Хэлбэрийн хувьд цахим гэх мэт өөрчлөгдөж болох ч хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа цагт хуульч мэргэжил, хуулийн хэрэгцээ шаардлага байсаар байна.

-Уг мэргэжлээр монголчууд олон улсад ажиллах, гарах боломж хэр их байдаг вэ?

-Олон улсад гарч ажиллах боломж бололцоо бий бөгөөд хамгийн гол нь тухайн ажлын байрны болзол, шаардлагыг судалж, эртнээс бэлдээд ажиллах бүрэн боломжтой. Тулгарч буй бэрхшээлүүдийн нэг нь хэлний бэрхшээл юм. Одоо ч олон улсад амжилттай ажиллаж буй олон эрдэмтэд байна. Тухайлбал, Гаагийн шүүхэд өмгөөлөл хийдэг Н.Орчлон, Азийн шүүгчдийн холбоонд ажиллаж байсан н.Цогт шүүгч, Олон улсын шүүхийн мэтгэлцээнд шүүгчээр ажиллаж байсан н.Батрагчаа гэх мэт хүмүүсийг дурдаж болно. 

-Ирэх таван жилд та энэ салбарт өөрийгөө хэрхэн харж байна вэ?

-Юуны өмнө докторын зэргээ хамгаалсан байна. Мөн өөрийн гэсэн бүтээлүүдийг гаргахыг зорьж байна. Хуульчдын нэгдсэн танилцуулга хийх ажил одоогоор эхэлчихсэн байгаа учир ирэх таван жилд дууссан байх болно.

-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Бусад ярилцлагыг дараах холбоосоор орж уншина уу.

КАРЬЕР ХӨТӨЧ: Хуульч А.Мандуул
КАРЬЕР ХӨТӨЧ: Хуулийн ангийн оюутан Б.Оюунболд

КАРЬЕР ХӨТӨЧ: Хуульч Ц.Амарсанаа” сэдэв дээр нэг сэтгэгдэл байна

  1. Pingback: КАРЬЕР ХӨТӨЧ: Хуулийн ангийн оюутан Б.Оюунболд | iVolunteer

Сэтгэгдэл үлдээх

*