large (1)

Шинэ жилээр тавьсан зорилгодоо хэрхэн хүрэх вэ?

Бид олонхи нь шинэ оны босгон дээр хүслээ бодож, том зорилго тавьж, он гармагц өөрийгөө цоо шинэ хүн болох юм шиг зарлан тунхагладаг. Гэвч оны төгсгөлд ихэнх нь биелээгүй байх нь элбэг. Тиймээс хэдхэн хоногийн дараа гарах шинэ ондоо ямар зорилгууд тавьж, хэрхэн тууштай байж, зорилгодоо хүрэх талаар бяцхан мэдээлэл хүргэе.

Судалгаагаас үзэхэд хүмүүсийн шинэ жилээр өөртөө тавьдаг зорилгуудын талаас илүү нь биелдэггүй гэнэ. Зорилго утга учиртай, хүрч болохуйц байх тусам биелэх магадлал илүү байдаг аж.

large (15)

Бидний тавьсан зорилго дараах гурван шалтгааны улмаас ихэвчлэн биелдэггүй. Үүнд: 

  • Өөрөө хүсээгүй ч хэн нэгэн эсвэл нийгмийн зүгээс чамайг хийж, биелүүлэхийг шаардсан зорилтууд
  • Хэт тодорхой бус
  • Зорилгодоо хүрэх бодит төлөвлөгөө, зорилт дутмаг улмаас

Зорилгодоо хүрэх нэг чухал алхам нь жижиг үйлдэлд анхаарах юм. Зорилгоо жижиг жижиг алхамд хуваан, түүндээ төвлөрвөл чамайг илүү зоригжуулна. Тухайлбал, хэрвээ чи гүйж эхэлж байгаа бол өнөөдөр би 2 км гүйна, долоо хоногийн дараа 3 км гүйдэг болно гэх мэт бага багаар ахиулах нь чухал. Амжилт хэзээ ч гэнэт ирдэггүй шүү дээ. 

Нью Йоркийн Их Сургуулийн сэтгэл зүйн багш доктор Габрьеле Оеттингений зөвлөснөөр зорилгоо тодорхойлохдоо эерэг байхаас гадна бодит байдалтай сайтар нийцүүлэх хэрэгтэй гэжээ. Заримдаа хэчнээн эерэг байлаа ч саад бэрхшээл тулгарах нь ойлгомжтой, үргэлж урам зоригтой, өөдрөг байх хэцүү. Тиймээс тэрээр W.O.O.P гэсэн аргыг санал болгосон байна.

  • Wish: Чи юу биелүүлэхийг хүсч байна вэ?
  • Outcome: Чиний хүсч буй үр дүн юу вэ? Уг зорилгодоо хүрмэгц амьдралд чинь ямар өөрчлөлт бий болох вэ?
  • Obstacle: Чамайг зорилгодоо хүрэхэд чинь ямар саад, бэрхшээл тохиолдож болох вэ?
  • Plan: Хэрхэн зорилгодоо хүрэх вэ?

Дашрамд дурдахад, бидний тавьсан зорилго заавал шинэ жилд зориулагдсан байх албагүй юм. Тухайн зорилгодоо хүч чадаагүй бол дахиж шинээр эхлэхэд оройтно гэж айх шаардлагагүй бөгөөд дараагийн шинэ жилийг хүлээж цаг алдах хэрэггүй.

2018 гарах дөхсөнтэй холбогдуулан дэлхийн томоохон сайтууд, хэвлэл мэдээллийнхэн ирэх онд өөртөө тавьж болох зорилгуудын жагсаалт гаргажээ. Мөн GQ сэтгүүл ч зарим нэг сонирхолтой санааг дэвшүүлсэн байна.

Дээр дурдсанчлан бидний олонхи нь шинэ жилээр тавьсан зорилгодоо жилийн эцэс хүртэл тууштай байж чаддаггүй. Тэгвэл хэрхэн зорилгоо “амьд” байлгаж, өөрийгөө зоригжуулж, амжилттай байх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  1. Зорилгуудаа бич

Өдрийн тэмдэглэл дээрээ эсвэл ил харагдах хана, самбар дээр ч байна уу бичиж тэмдэглэх нь тухайн зүйлийг өөртөө татаж байдаг

  1. Зорилгодоо хүрч болох алхмуудаа тодорхойлох

Өөрөөр хэлбэл тавьсан зорилгодоо хүрэх жижиг алхам, зорилтуудыг дэвшүүлнэ гэсэн үг юм. Жишээ нь чи ирэх онд Япон хэлний түвшингээ N3 болгох зорилго тавьсан бол долоо хоногт доод тал нь 10 цагийг зарцуулна гэх мэт зорилгодоо хүрэх бодит алхамуудыг тавьж, цаг гаргаарай. 

  1. Бусадтай хуваалцах

Мэдээж чамтай ижил зорилготой хүмүүс бий. Тэдгээр хүмүүстэй нэгдэж, хамтдаа хичээхийн зэрэгцээ олон хүмүүст зарлах тусам үүнийг хийхгүй бол болохгүй гэсэн бодол төрж, өөрийгөө дайчилдаг сайн талтай.

  1. Өөрийгөө зорилгодоо хүрч буйгаар төсөөл

Чи л өөртөө итгэхгүй бол бусад хүмүүс чамд итгэхгүй. Иймд өөрийгөө зорилгодоо хүрч байна, авч байна, амжилттай байна гэх мэтээр төсөөлж, эерэг байх нь чухал.

  1. Хэт бүү хүчил

Мэдээж чиний зорилго хэр том, жижиг вэ гэдгээс хамаарч биелүүлэхэд цаг хугацаа шаардана. Иймд заавал төгс байлгах гэж хичээлгүй зорилгынхоо явц, алхамдаа л анхаараарай.

  1. Өөрийгөө шагна

New-years-Resolutions

Явц дундаа гаргасан жижиг гэлтгүй амжилтууддаа баярлаж, өөрийгөө шагнаж, бахархах хэрэгтэй.

Үүнээс гадна зорилгуудаа тодорхойлохдоо ангилвал ойлгомжтой, тодорхой болдог. Тухайлбал:

  • Бие, физиологийн эрүүл мэндийн хувьд би фитнесээр, иогаар, усан сэлэлтээр, баллетаар хичээллэнэ… гэх мэт.
  • Оюун санааны эрүүл мэндийн хувьд өдөрт заавал 6 цагийн нойр авах, аливааг хүндээр хүлээж авахаа болих, өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүлэх… гэх мэт.
  • Хичээл/Ажлын хувьд сургуулиа амжилттай төгсөх, тэтгэлэг авах, оны шилдэг ажилтан болох гэх мэт
  • Найз нөхөд, гэр бүл, үерхэл нөхөрлөлийн хувьд хамтдаа аялана, зохиомжит зураг даруулна… гэх мэт
  • Бусад

Ингээд дээрх зөвлөгөө, мэдээлэлд үндэслэн шинэ жилийнхээ зорилгуудыг бодитой, хүрч болохуйцаар гаргаж, замын дунд бууж өгөлгүй бага багаар ахиулаарай.

Чамд амжилт хүсье. Шинэ оны мэнд хүргэе.

Holiday-season

Сэтгэгдэл үлдээх

*