XopoM.com-Өсвөр-насны-хүүхэдтэйгээ-харьцахад-гаргадаг-аав-ээж-нарын-13-алдаа-01

Эцэг эхчүүдийн өсвөр насны хүүхэдтэйгээ нуулгүй ярилцах 5 сэдэв

Хэрвээ та 11-18 насны хүүхэдтэй бол дараах 5 зүйлийн талаар хүүхэдтэйгээ ярилцаж байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Бага ангиас дунд ангид дэвшин орж өөр өөр багш нараар хичээл заалгах, бэлгийн болон өсөлтийн даавар ихээр ялгарах, охид хөвгүүд жендэрийн онцлогоо илүү ухамсарлаж эхлэх, охидод сарын тэмдэг ирэх, биеийн гадаад байдал өөрчлөгдөх гэх мэт өсвөр насанд олон өөрчлөлт гардаг. Хүүхдүүд энэ мэт асуудлаас болж их стресстдэг тул хүүхдэдээ цаг гаргаж тэдний асуудлыг сонсож, зөвлөгөө өгөх хэрэгтэй.

  1. Үе тэнгийнхэн, найзуудынх нь талаар ярилцах

Teenage Girl Being Bullied By Text Message On Mobile Phone

Өсвөр насандаа хүүхдүүд үе тэнгийнхний дарамтад орох эрсдэл нэмэгддэг тул сургууль, хамт олон, найзуудынх нь талаар ярилцах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ танай хүүхдэд ийм асуудал тулгарсан бол асуудлыг хурцатгах бус аль болох тайван замаар буюу асуудлыг шийдэх гарцыг зөвлөх, багштай нь уулзах гэх мэт арга замыг эрэлхийлээрэй. Мөн өнөө үед хүүхэд цахим дарамтад орох эрсдэл өндөр болсон тул хүүхдийнхээ онлайн хэрэглээнд хязгаар тавьж, дэглэм тогтоох хэрэгтэй.

2. Сэтгэл санаа нь эмзэг байдаг тул хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгож, хянахад нь туслах

ekis18n-4-web

Хүүхдийнхээ унтах цаг, хооллолтод нь анхаарахаас гадна хүндэтгэлтэй харьцаарай. Мөн энэ насны хүүхдүүдийн сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй байдаг тул өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, шийдвэрийг тайвширсан үедээ гаргахын чухлыг хэлж өгөх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд өөрсдөө сэтгэл хөдлөлөө удирдаж, зохицуулж зөв үлгэр дууриал үзүүлэх нь чухал. Шилжилтийн насны үед охидоос даавар ихээр ялгардаг тул биеийн жин нь нэмэгддэг, улмаар охид энэ насан дээрээ гадаад үзэмждээ их анхаарч, санаа зовниж байдаг. Тиймээс  хажууд нь хэн нэгний тарган туранхайг шүүмжилж ярихгүй байх нь зөв.  Түүнчлэн өсвөр насны хүүхдүүд бэлгийн амьдралтай танилцаж байгаа тул тэдэнд нойтон зүүд зүүдлэх, үс ургах зэрэг нь энгийн зүйл гэдгийг ойлгуулаарай.

  1. Бэлгийн амьдралын талаар ярилцах

Books-The-Awkward-Age

Энэ бол эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ ярилцах хамгийн чухал зүйлийн нэг боловч ярилцаж, зөвлөдөггүйгээс хүүхдүүд алдах нь бий. Хэзээ, ямар үед, хэнтэй бэлгийн харьцаанд орж болох, ямар эрсдэл үүсч болох, жирэмслэлтээс хэрхэн хамгаалах, хэн нэгэн хүслээ тулгах ёсгүй, биеийнх нь хаана хүрч болохгүй вэ гэх зэргийг илэн далангүй ярилцах хэрэгтэй. Хүүхдүүдийн сонирхох зүйл нэмэгдэхийн хэрээр насанд хүрэгчдэд зориулсан кино үзэж бэлгийн амьдралын талаар ташаа мэдээлэл авч болзошгүй тул юу үзэж сонирхож байгааг нь хянах нь зүйтэй.

4. Үнэт зүйлийн талаар ярилцах

young-people-these-days

Өсвөр насныхны хувьд үе тэнгийнхэн дундаа эзлэх байр суурь маш чухалд тооцогддог. Тиймээс хүүхдүүд үе тэнгийнхэндээ таалагдахын тулд хүсээгүй зүйлээ хийх магадлал өндөр. Аль эсвэл бусдыг дууриаж хамгийн сүүлийн үеийн утас авхуулахыг аав ээжээсээ хүсч болох юм. Энэ насан дээр хүүхдүүд өөрийн үнэт зүйлээ хараахан тодорхойлж амжаагүй байдаг тул хэн нэгнийг сохроор даган дуурайхаас илүүтэй өөрийн гэсэн үзэл бодолтой байж, жинхэнэ нөхөрлөл хэн ямар эд зүйл хэрэглэдэг гэдгээс бус шударга, хүнлэг, тууштай байх зэрэг эрхэм чанар дээр тогтох учиртай гэдгийг ойлгуулаарай.

Мөн өөрийнх нь хувьд юу хамгийн чухал вэ гэдгийг нь ярилцаж, хэн нэгнээс болж өөрийн үнэт зүйлээ /боловсрол, эрүүл мэнд, цаг хугацаагаа г.м./ алдахгүй байх нь хамгийн ухаалаг гэдгийг тайлбарлаж өгөөрэй. Мөн өсвөр насны хүүхдүүд цагаа зөв төлөвлөж чадаагүйгээс стресстэх нь их байдаг аж. Тиймээс хүүхдэдээ цаг төлөвлөлтийн ач тусыг ойлгуулж, зорилгоо тодорхойлж, түүнд хүрэх арга замаа төлөвлөхөд нь туслаарай.

5. Юу болохгүй бус, яагаад болохгүй гэдгийг тайлбарлах

b2ap3_large_ecig---37735498

Судалгаагаар архи, тамхи, мансууруулах бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн хүүхдүүдийн 70 орчим хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө анх хэрэглэж үзсэн байдаг гэнэ. Тиймээс хүүхдэдээ хэрэглэж болохгүй шалтгааныг нь тайлбарлахын тулд үүсч болзошгүй эрсдэл, хор уршиг зэргийг нь ухааруулах хэрэгтэй. Тухайлбал, архи тамхи хэрэглэх нь асуудлыг шийдвэрлэх зөв арга зам биш болохыг, мөн архи тамхи хэрэглэх нь эр зоригийн шинж биш гэдгийг хэлж өгч болох юм. Харин стресстсэн үедээ ойр дотны хүнтэйгээ ярилцах, амьсгалын дасгал хийх зэрэг эерэг аргыг зааж өгөх нь зүйтэй.

Зөвлөгөө өгсөн: МУИС-ийн НУС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Магистр Э.Оюундэлгэр

Сэтгэгдэл үлдээх

*