narangaraw1

Э.Нарангарав: #БиЧадна гэдэг түлхүүрийг толгойдоо байнга санаж яваарай!

Манай энэ удаагийн “VolunteerStories” булангийн зочноор дэлхийн шилдэг их дээд сургуулиуд болох Swarthmore College, Harvard University, Yale-NUS гэх сургуулиудад амжилттай тэнцсэн, Нийслэлийн 45-р сургуулийн төгсөгч Э.Нарангарав-тай өөрийнх нь туршлага, сайн дурын ажил хэрхэн амьдралд нь эерэг өөрчлөлтийг авчирсан тухай ярилцлаа. Бидний урилгыг хүлээж аван, халуун дотно яриа өрнүүлсэн Э.Нарангарав танд баярлалаа.

-Таны туршлагаас авч үзвэл сайн дурын ажил гэж юу вэ?

Сайн дурын ажил бол өөрийгөө өөр өнцгөөс нээх боломж. Тиймдээ ч би сайн дурын ажлыг соёл гэж боддог. Би 4-H хүүхэд залуучуудын байгууллагад, мөн АСЕМ-ийн хурал гэх мэт олон зүйлд сайн дураараа ажиллаж үзсэн.  Үүнийгээ дагаад шинэ хүмүүстэй танилцаж, шинэ содон чадваруудыг эзэмшиж авч өөрийгөө өөр өнцгөөс нээсэн. Надад өөр Нарангаравыг танилцуулсан.

natrangaraw2

-Тэгвэл энэ томоохон соёлд шаардлага гэж байдаг уу? Ер нь сайн дурын ажилтан байхад ямар зан чанарыг эрхэмлэх ёстой вэ?

Harvard Business Review-н гаргасан судалгаанд улс орон, засгийн газраас хэрэгжүүлэх бодлого нь сайжрах тусам сайн дурын ажил, ажиллах хүчин нь багасдаг гэсэн байдаг. Шууд хамааралтай бус өөрсдөө хийе, бүтээе гэх сэтгэлгээ мэдээж чухал. Мөн хийж байгаа зүйлдээ дурлах нь бас чухал гэж боддог. Учир нь сайн дурын ажил хийгээд чамд ямар ч материаллаг наалдах зүйл байхгүй. Зарим хүмүүст өөртөө итгэлтэй байх тал нь дутмаг байдаг “би чадахгүй” гэсэн хандлага их анзаарагддаг. Сайн дурын ажил бүгдэд нээлттэй байдаг гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй.

-Тэр тусмаа өсвөр үеийн хүүхэд залуучуудад өөртөө итгэх итгэл буюу “би чадахгүй” гэсэн хандлага ихээхэн ажиглагддаг. Энэ нь мэдээж том сул тал. Энэ хандлагыг яаж засах вэ?

Мэдээж. Зөвхөн сайн дурын ажил гэлтгүй цаашлаад тэр хүний хувийн карьерт нь ч халдаж болзошгүй. Юм бүхэн өөрөөс улбаатай гэдэг шүү дээ. Өөрийгөө сонсох, ирээдүйн чиг зүгээ олох ёстой юм болов уу. Гэхдээ яг энэ талаар уншагчдад зөвлөх чуулган байна(инээв). TOMUJIN IS TALKING 2018 #БиЧадна гээд боловсролын чуулган. Яриа, хичээл, үйл ажиллагаа гээд л олон зугаатай зүйлс энэ чуулган дээр болно. Мөн би энэ чуулганд уригдан оролцох панелистүүдийн нэг.

 

-Сайн дурын ажлыг хийгээд сурч авсан мэдлэг, туршлагууд тань таны ирээдүйд маш олон эерэг үр дүнг авчирсан байх.

Тийм шүү.

-Жишээлбэл?

Ирээдүйн зорилгоо олсон. 4H-д байхдаа сайн дураараа туслах багш хийдэг байсан. Тэр үед улсын, хувийн сургуулиудын ялгаа надад мэдрэгдэж эхэлсэн. Монголын хүүхдүүд маш их потенциалтай, үүнийг нь манай боловсролын систем хангаж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Энэ асуудал намайг эмзэглүүлж, улам сайжруулах шинэчлэх гэсэн хүсэл эрмэлзлийг төрүүлсэн. Мөн ачаалал даах чадвар, туршлага гээд л маш олон чадваруудыг эзэмшиж авсан.

-4-H ашгийн бус байгууллагад хэдий хугацаанд, яг юуг сайн дураараа хийдэг байсан бэ?

Таван жилийн турш хийсэн. Туслах багшаар, дунд болон гүнзгий төвшинд багшилсан. Дандаа өөрийнхөө насны хүүхдүүдтэй ажиллаж байгаад анхан шатанд яг үндсэн багшаар ажилласан. Хичээлээ заана, материалыг нь бэлдэнэ, хичээл дуусах үед нэгдсэн тайлангаа гаргана. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулна. Жишээ нь: “Сэтгэгч” цуврал лекц, номын клуб гээд л их зүйлс зохин байгуулна. Багш хүний хийх бүх зүйлсийг хийнэ, хажуугаар нь суралцана.

narangaraw5

-Аль нэг сайн сайн дурын ажил хийх явцад, ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан уу? Түүнийгээ яаж даван туулав?

Сайн дурын ажлынхаа хажуугаар хичээлээ авч явна гэдэг нь хүндрэлтэй байсан. Энэ нь намайг хичээлдээ улам хичээхэд тус нэмэр болсон. Хэрэв би хичээлийн цагаар хичээлээ сайн ойлговол, чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийж болно гэдэг нь түлхэц болсон.

-Сүүлийн үед манай улсад volunteering culture буюу сайн дурын ажил гэх ойлголт маш их дэлгэрч байна. Үүнд та хэр сэтгэл хангалуун байна вэ?

Маш сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ би хувьдаа “сайн дурын ажилтан” гэх тодорхойлолтыг бүрэн ойлголтгүй байна. Сайн дурын ажил гэдэг бол сэтгэл дээр тогтдог том соёл гэж хэлж болно. Гэвч манай улсын зарим хүмүүс үүнийг ухаараагүй явж байгаа гэдэг нь эмзэглүүштэй.

narangaraw4-Манай уншигчдад сайн дурын ажил хийхэд нь санал болгох ашгийн, төрийн бус байгууллагууд байна уу?

Миний бодлоор залуу хүмүүсээр хүрээлүүлсэн орчноос хүн их зүйлс суралцдаг гэдэгт би итгэдэг. Томүжин, iVolunteer гэх мэт. Миний хувьд старт-ап компаниудад илүү сайн дурын ажилтнууд хэрэгтэй, хэрэгцээтэй байдаг юм шиг санагддаг. Гэхдээ гол нь чи юу хүсэж байна, чи юуг эрхэмлэж байна гэдгээс чинь л шалтгаална.

-Сайн дурын ажилтан гэх ойлголтыг хараахан ойлгож амжаагүй байгаа хүмүүст та юу гэж тайлбарлах вэ?

Хөдөө орон нутгаас надтай их холбогддог. Миний эргэн тойронд сайн дурын ажил хийх нөхцөл юу ч бүрдээгүй байна одоо яах вэ? Гэх мэтчилэн. Энэ нь чиний хамгийн том давуу тал гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. Яагаад чи өөрөө тэр орчныг бүрдүүлээд өөрөө зохион байгуулж болохгүй гэж? Байгууллага бараадах биш өөрөөсөө сайн дурын ажлыг хайх нь энэ том соёлын үнэ цэнэ юм шүү.

narangaraw3-Үнэхээр сайхан яриа болж өрнөлөө, манай уншигчдад нэмж хэлэх, захих зүйлс байна уу?

Би сайн дурын ажилтан гэх том далайн дөнгөж захад нь л сэлж байна. Тийм болохоор захиж хэлэх хэмжээний том хүн биш ээ(инээв). Сайн дурын ажлын орчноос л надад маш том үнэ цэнэтэй хүмүүс, эрхэм зан чанаруудаа олж нээсэн. Та нар ч гэсэн олж нээнэ гэдэгт би үнэхээр итгэлтэй байна. Оролдоод л үзээрэй. Хэрэв би анхнаасаа Harvard, Swarthmore сургуулиуд руу өргөдлөө явуулаагүй байсан бол тэдгээр сургуульд тэнцэх эсэхээ мэдэхгүй байсан байх. #БиЧадна гэдэг түлхүүрийг толгойдоо байнга санаж яваарай!

Сэтгэгдэл үлдээх

*