Screen Shot 2018-03-26 at 7.14.47 PM

Gogo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг

IVO санаачилга оюутан, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, олон төрлийн сонирхолтой мэргэжлүүдийн халуун “гал тогоо”, бодит байдлыг танилцуулах зорилготой “Карьер Хөтөч” хэмээх цуврал ярилцлагын буланг эрхлэн гаргаж байгаа билээ. Тухайн нэг мэргэжлээр суралцаж буй оюутан, ажил дээр гараад удаагүй залуу мэргэжилтэн, салбартаа манлайлж буй туршлагатай эксперт гэсэн карьерийн хувьд гурван өөр түвшинд яваа хүмүүс та бүхэнтэй өөрийн мэргэжлийн онцлогийг хуваалцах юм.

“Карьер Хөтөч” булан энэ удаагийн дугаартаа СЭТГҮҮЛЧ мэргэжлийг онцолж байна.

Энэ удаагийн зочноор Монголын анхдагч мэдээллийн вэб сайтын нэг Gogo.mn-ий Ерөнхий Редактор О.Ариунбилэг уригдлаа.

Үнэн үү, худлаа юу гэдгийг нягтлах нь мэдээллийг түрүүлж олохоос илүү чухалд тооцогдож байна

-Ярилцах саналыг минь хүлээж авсан баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач?

-Би ажлын гараагаа “Ханлиг” студиэр эхлүүлсэн. Улмаар “Легион” телевизийн студийг байгуулан ажиллаж байсан. “Ханлиг” студид телевизийн хөтлөгч, сэтгүүлчийн ажлыг хийдэг байсан бол “Легион” студид голдуу төсөл дээр ажилладаг байлаа. Энэ хугацаанд НҮБ-ийн залуус руу чиглэсэн нөхөн үржихүйн боловсрол, ХДХВ, ДОХ болон бэлгийн замаар дамжих өвчлөлийн тухай мэдээлэл олгох зорилготой “Залуус” теле сэтгүүлийг бэлтгэн хүргэсэн. 2007 онд GoGo мэдээллийн сайтад ороод 2016 оноос тус сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

-Ерөнхий редакторын ажлын онцлог юу вэ, өдөр тутамд хийдэг ажлаасаа танилцуулбал?

-Бид Австрали, Турк, АНУ, БНХАУ, Сингапур гэх мэт олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай очиж танилцаж байсан. Тэнд Ерөнхий редакторын ажил өглөөний шуурхай хурлаар эхэлдэг. Мөн өдөрт багагүй цагийг уулзалт хийх, оффисоос гарч ажиллах ажилд зарцуулдаг гэж ярьж байсан.

18700597_10211813103816351_6224530241357542102_o

Бидний хувьд мэдээллийн вэб сайт учраас өглөөний ээлжийн сэтгүүлчид 8 цагаас ажлаа эхэлдэг. Бусад нь 9 цагт цуглаад өглөөний хурлаа хийж хэн юуг хийх вэ гэдгийг тодорхойлж ажлаа хуваарилж аваад өдрийн ажилдаа ордог. Үүнээс гадна манайх олон төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг учир уулзалт, хурлууд олон хийдэг. Мөн би GoGo сайтад “Хурц Өнцөг” ярилцлагын буланг хөтөлж явуулдаг. Үүний хажуугаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн сонин, сайтыг хариуцсан салбарынх нь гишүүн учраас зөвлөлийн хуралд оролцох шаардлага гарна. Хүмүүс хуралд жаахан дурамжхан байдаг. Гэхдээ хуралд олон салбарын мэргэжилтнүүд оролцдог учраас тэндээс мэдээлэл цуглуулах, нэтворкинг хийх боломж бүрддэг. Өдөр тутамд амжуулдаг ажлуудаа товч дурдахад ийм байна.

-Бид энэ удаа эфирт гарахаасаа илүү нийтлэл, ярилцлага, сурвалжлага бичиж нийтэлдэг сэтгүүлчийг онцлохыг зорьж байна. Учир нь манай улсад сүүлийн 10 жилд мэдээллийн вэб гэдэг ойлголт бий болж, маш хурдтай хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгвэл вэб сайт бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс юугаараа онцлог юм бэ, гол ойлголтыг нь та манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Өмнө нь хөгжил 50,10 жилээр хэмжигддэг байсан. Харин өнөөдөр минут, секундээр өөрчлөлт хэмжигдэхээр болжээ. Анх намайг GoGo сайтад ороход хурд тийм ч чухал байгаагүй. Гол контентоо бид өдөр тутмын сонингуудаас авч тавьдаг, үлдсэн 20-30 хувийн контентоо өөрсдөө бэлддэг байлаа. Гэтэл дунд үеэс олон сайт бий болж, сэтгүүлчид цагтай уралдан ажиллаж эхэлсэн. Ямар нэгэн мэдээллийг бусдаас минут, секундээр түрүүлж оруулна гэдэг маш чухал. Энэ хоёр том өөрчлөлт дөнгөж сүүлийн 10 жилийнх. Өнөөдөр сайтуудын хувьд шуурхай байдал чухалд тооцогдсоор байна. Гэхдээ түрүүлж олсон мэдээллээ үнэн үү, худлаа юу гэдгийг шалгах нь тэрнээс илүү чухалд тооцогдож байна. Чи мэдээллийг бусдаас түрүүлж олоод маш шуурхай гаргаад тавьчихаж болно. Гэтэл тэр мэдээлэл худал байвал сошиал гэдэг хурдтай ертөнцөд нэгэнт тархсан мэдээллийг буцааж татах ямар ч боломжгүй. Тиймээс өмнөх үеүдээс хэд дахин илүү өндөр хариуцлагыг сэтгүүлчдээс шаардаж байна. Аливаа мэдээллийг гаргаж тавихдаа дор хаяж гурван эх сурвалжаас тодруулж, баталгаажуулах хэрэгтэй.

Аливаа мэдээллийг гаргаж тавихдаа дор хаяж гурван эх сурвалжаас тодруулж, баталгаажуулах хэрэгтэй

-Та яагаад энэ мэргэжлийг сонгохоор шийдсэн бэ?

-Би ямар ч эргэлзээгүйгээр сэтгүүлч болно гэж боддог байсан. Дунд сургуульд байхдаа монгол хэлний хичээл дээр 30 минутанд олон хүүхдийн зохион бичлэгийг бичээд өгчихдөг байлаа. Багаасаа ном унших дуртай, сэтгүүлч болно гэж бат шийдчихсэн байсан.

-Та мэргэжлээ сонгохоос өмнө сэтгүүлч мэргэжлийн талаар ямар ойлголттой байв. Сэтгүүлч болсныхоо дараа тэр ойлголт тань хэрхэн өөрчлөгдөв?

-Зарим хүн “Би зохиол, яруу найраг сайн бичдэг юм чинь сэтгүүлч болно” гэж боддог. Гэтэл сэтгүүлч аливааг хийсвэрлэн бичдэг хүн биш шүү дээ. Болсон үйл явдлыг болсноор нь дамжуулдаг хүнийг сэтгүүлч гэдэг. Цаашлаад эрх баригчид, хэн нэгэн хүний гаргахыг хүсэхгүй байгаа тэр зүйлийг эрэн сурвалжилж гаргаж буй хүнийг эрэн сурвалжлах сэтгүүлч гэнэ. Яруу найраг, уран зохиол гэдэг тусдаа маш том салбарууд. Ямар нэгэн үйл явдлыг уран зохиолын хэллэг ашиглан, хэтрүүлээд биччихвэл буруудна. Энд хар өнгөтэй хогийн хувин байсан бол “Энд хар өнгөтэй хогийн хувин байна” гэж мэдээлэх үүрэгтэй болохоос “Тэр хар хувин жигтэйхэн гоё гялалзаж байлаа” гэдэг мэдээлэл хаанаас ч уншаагүй биз дээ. Харин сурвалжлагын тухайд тухайн үйл явдлыг газар дээрээс нь мэдээлж байгаа учир сурвалжлагч тухайн орчныг уншигчдад мэдрүүлж, харуулахын тулд дүрсэлж бичиж болдог. Гэхдээ хэтрүүлэггүйгээр. Бусдаар бол сэтгүүлч хүн болсон үйл явдлыг мэдээлэх л үүрэгтэй.

Сэтгүүлчийн үзэгний үзүүрээр хүний амьдралд шийдэгддэг

-Өмнө нь би хуульчаас ярилцлага авахдаа хуульч хүнд байх ёстой хамгийн чухал чадвар юу вэ гэж асуухад “Логик сэтгэлгээ” гэж хариулж байсан. Тэгвэл таны бодлоор сайн сэтгүүлчид байх ёстой чухал чадвар юу вэ?

-Нэн түрүүнд сэтгүүлч хүн хүнлэг байх ёстой. Яагаад гэвэл сэтгүүлчийн үзэгний үзүүрээр хүний амьдралд шийдэгддэг. Интэрнэтэд хэн нэг хүний талаар алуурчин, хулгайч, дээрэмчин гэдэг мэдээлэл орчих л юм бол насан туршид нь тэр нэр дагана. Тэгэхээр сэтгүүлч хүн бичихээсээ өмнө цаана нь ямар агуулга байгаа билээ гэдгээ сайн эргэцүүлж боддог, хүнлэг хүн байх хэрэгтэй.

-Сэтгүүлчийн ажлыг цаг наргүй гэдэг. Ер нь сэтгүүлчид хэр ачаалалтай ажилладаг вэ?

-Цаг наргүй л ажилладаг. Сэтгүүлчид бүх зүйлийг сэтгүүлчийн нүдээр хардаг болчихдог. Тэгэхээр бидэнд амралт гэж бараг байдаггүй.

-Таны ажлын бэрхшээлтэй тал нь юу вэ?

-Одоогоос 20-иод жилийн өмнө сэтгүүлчид нийгэмд өндрөөр үнэлэгдэж, хүндлэгддэг байлаа. Бидний мэргэжлийн нэр хүнд унаж байгаа нь зарим талаар хүндрэлтэй. Гэхдээ энэ зөвхөн сэтгүүлчдээс шалтгаалж байгаа юм биш л дээ. Олон хүчин зүйлээс хамааралтайгаар үүссэн нөхцөл байдал. Сэтгүүлч гэхээр л “Аа муу худалдагдсан сэтгүүлчид” гээд холбоо үг шиг яригддаг болчихсон энэ байдлыг яаж үгүй хийх вэ гэдэг нь манай салбарын өмнө тулгамдаж буй нэг асуудал. Гэсэн ч би энэ тал дээр их өөдрөг бодолтой байдаг. Залуу сэтгүүлчид маань өөр үзэл бодолтой, салбараа цэвэр байлгах юмсан гэж мэрийдэг болчихсон учраас ирээдүйд сэтгүүлзүйн салбар нийгэмд үнэлэгдэнэ гэдэгт би бүрэн итгэдэг. Залхмаар тал нь бид хэтэрхий их мэдээлэл дунд байдаг.

-Та өдөр тутамдаа өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Ер нь хүн хүмүүстэй уулзах тусмаа амьдралдаа өнгө нэмж байдаг. Ямар ч өнгө байж болно. Бас ямар өнгө байхаас үл шалтгаалаад, өөр хэлбэл сайн муу байхаас үл хамаараад сэтгүүлч хүн бусдаас суралцаж байдаг. Түүнчлэн би жижиг, том гэж гололгүйгээр сургалт, семинарт тогтмол хамрагдахыг хичээдэг. Сургалтанд тодорхой хэмжээгээр мэргэшсэн, судалгаа хийчихсэн багш нар очиж хичээл заадаг учраас тэдний амнаас үг сонсоно гэдэг өдөр тутамд мэдээ, мэдээллээр нүдэгддэг бидэнд маш хэрэгтэй. Саяхан GIZ байгууллагаас зохион байгуулсан Австралийн Queensland-ийн их сургуультай хамтарсан сургалтанд хамрагдаж жил тойрсон сургалт, семинарт хамрагдсан. Одоо “Улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрт хамрагдаад явж байна. Энэ мэтчилэн сургалт хөтөлбөрүүдэд оролцох дуртай, тэр болгоноос суралцдаг.

20 жилийн дараа ч сэтгүүлч мэргэжлийн үнэ цэнэ буурахгүй

28576983_1583013915068149_2841342959062876160_o

-Та ямар төрлийн ном унших дуртай вэ?

-Одоогоор улс төр, харилцаа, менежментийн төрлийн номнуудыг түлхүү уншиж байна. “Эрх мэдлийн парадокс”, “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” гээд хоёр номыг уншиж байгаа.

-Ирэх 5 жилд мэдээллийн вэб сайтууд хэрхэн өөрчлөгдөх бол?

-Төсөөлж харахад улам хэцүү болж байна. Учир нь хэвлэл мэдээллийн хөгжил технологиос улам бүр хамааралтай болж байна шүү дээ. Өмнө нь хүмүүс телевиз үздэг байсан бол одоо хүмүүсийн 90 гаруй хувь нь утсаар мэдээллээ авдаг болсон. Тиймээс цаашдаа хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг би хэлж чадахгүй нь.

-Яг үүнтэй холбогдуулаад нэг сонирхолтой асуулт асуумаар байна. 20 жилийн дараа сэтгүүлч мэргэжил байх болов уу эсвэл роботууд хийдэг болох болов уу? Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Gogo.mn сайтын хамтарч ажилладаг Asian News Network гээд байгууллагын хурал саяхан Лаост болсон юм. Энэ хурлаас хоёр хоногийн өмнө Сингапурт бас Азийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын чуулга уулзалт болсон. Эдгээр хурлууд дээр чиний асуусан асуудлыг бас л хөндсөн. Олон улсын хандлагыг харахад ирээдүйд сэтгүүлчийн мэргэжил байна. Байх байхдаа хамгийн чухал мэргэжилд тооцогдоно. Яагаад гэвэл хэн нэгэн мэргэжлийн бус хүний хийсэн үнэн худал нь мэдэгдэхгүй дүгнэлтийг дагаж байснаас мэргэжлийн байгууллагаас гаргасан контентыг үзэх нь илүү найдвартай. Өөрөөр хэлбэл, олон талын эх сурвалжийн мэдээллийг авч, баталгаатай агуулгыг хүмүүст хүргэдэг. Үүнээс нь үзэгч, уншигчид өөрийнхөө дүгнэлтийг гаргана. Тэгэхээр 20 жилийн дараа ч энэ мэргэжлийн үнэ цэнэ буурахгүй гэж бодож байна.

Сэтгүүлчид бусдаас давуу эрх байхгүй, байх ч ёсгүй

-Энэ мэргэжлээр ажиллахаар зорьж буй залууст хандаж хэлэх зүйл байна уу?

-Би сэтгүүлч мэргэжлийг дөнгөж эзэмшчихээд сэтгүүлч хүн хаашаа ч орж, хэнээс ч ярилцлага авах эрхтэй гэж боддог байсан. Гэвч энэ маш том эндүүрэл байсан. Сэтгүүлчид бусдаас давуу эрх байхгүй, байх ч ёсгүй. Сэтгүүлч хүн ажлаа хийгээд явж байгаа даргатай, гудамж цэвэрлээд явж буй хүнтэй яг адилхан. Би гудамж цэвэрлэж байгаа хүнээс яриа авахдаа ч зөвшөөрөл авах ёстой. Ямар зорилгоор, яах гэж яриа авч байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч хүн бусдад хүндэтгэлтэй л хандах ёстой.

Хоёрдугаарт, би сэтгүүлч болсноор санхүүгийн хувьд баталгаатай болно гэж бодож байгаа бол буруу. Сэтгүүлчид өндөр цалин авдаггүй, дундаж ч цалингүй. Бараг бага цалинтай гэж хэлж болно. Энэ бол мөнгө хийдэг ажил биш. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нэг ном байдаг юм. Тэр номон дээр “Хэрэв чи гоё хүлээн авалтад оролцоод дарс шимээд зогсох дуртай, тэр нь чамд таалагддаг бол, хэрэв чи өндөр цалин авахыг хүсдэг бол, хэрэв чи өөрийнхөө хийж байгаа ажлыг албан тушаалаа ахиулах мэст гэж хардаг бол чи эрэн сурвалжлах сэтгүүлч биш. Наад санаагаа орхи” гэж бичсэн байдаг. Хэрэв чи эрэн сурвалжлах сэтгүүлч бол нэг мэдээлэл олохын төлөө бүтэн сар үхэн хатан явна. Магадгүй байгууллага чинь нэг сар юу ч өгсөнгүй алга боллоо гээд цалин өгөхгүй, бүр ажлаас чинь халж ч мэднэ. Гэсэн ч чи энэ бүхнийг даваад, хаа нэгэн газар, хэн нэг хүний гаргаж ирэхийг хүсэхгүй байгаа баримт, материалыг олон нийтэд дэлгэхийг хүсч байвал чи эрэн сурвалжлах сэтгүүлч мөн. Тиймээс сайхан амьдарна даа гэж бодож сэтгүүлчийн мэргэжил сонгосон бол эртхэн больсон нь дээр. Нээрээ шүү. Хүмүүс баярлаж байхад чи ажиллана. Хүмүүс амарч байхад чи ажиллана. Тиймээс хэцүү ажил гэдгийг эртнээс сайн ухамсарлаж байх хэрэгтэй.

Хүмүүс баярлаж байхад чи ажиллана. Хүмүүс амарч байхад чи ажиллана. Тиймээс хэцүү ажил гэдгийг эртнээс сайн ухамсарлаж байх хэрэгтэй

Мөн сэтгүүлчээр ажиллая гэж бодож байвал хувийн амьдралаа олон нийтийн сүлжээнд дэлгээд хэрэггүй. Хэзээ нэгэн цагт чи ноцтой материал бэлдлээ гэж бодоход чиний хүүхэд хэн нэгэн хүний барьцаанд орох эрсдэлтэй.

Сэтгүүлч өөрийгөө эрсдлээс хамгаалах бас нэг арга нь ёс зүйн код. Хэвлэл мэдээллийн зөвлөл ёс зүйн кодтой. Манай Gogo.mn сайт хэвлэл мэдээллийн сайтуудаас хамгийн түрүүнд ёс зүйн код боловсруулж сэтгүүлч, олон нийтэд танилцуулж байсан. Ёс зүйн код, дүрэм гэдэг бамбай л гэсэн үг. Тухайлбал, мэдээллийг нягтлахгүйгээр гаргаж тавьбал алдаанд тооцно гэсэн дүрэм байдаг. Тэгэхээр яаж алдаа гаргахгүйгээр ажиллах вэ гэдгээ мэдэхийн тулд тэр кодыг уншиж танилц. Тэгээд кодын дагуу л ажил үүргээ гүйцэтгэ.

Медиа салбарт чи алдаа гаргахад редакци гэхээсээ үзэгч, уншигчид чинь чамтай “тооцоо хийдэг” юм шүү дээ.

iVolunteer Санаачилгын гишүүн.

Сэтгэгдэл үлдээх

*