iVo_image2

#VolunteerStories: Б.Отгонтуяа – Бид Чадна ТББ

“Бид чадна” ТББ-д сайн дурын хөтөлбөр зохицуулагч ажилтан хайж байгаатай холбогдуулан тус төвийн тэргүүн Б.Отгонтуяатай ярилцлаа. 

-Сайн байна уу, та “Бид Чадна” ТББ-ын талаар манай уншигчдад танилцуулаач, сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээс хуваалцвал?

“Бид чадна” ТББ 2013 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах, соёл урлагаар дамжуулан нийгэмд таниулах, татан оролцуулах зорилготойгоор байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл хэд хэдэн байгууллагатай хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих олон ажлыг зохиож, нийгэмд эерэг хандлагыг түгээхээр ажиллаж байна. Хамгийн сүүлд АНУ-д төгсөгчдийн “Хөгжлийн Элч Холбоо” ТББ-тай хамтран “Бидний тэгш хүртээмжтэй хот” хэмээх газрын зураг төслийг 200 орчим сайн дурын оюутан, залуусын тусламжтайгаар жилийн хугацаатай хэрэгжүүлсэн.

Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй барилга, байгууламжуудын мэдээллийг хялбар олж авах боломжтой болсон. Улаанбаатар хотод 2000 орчим барилга, байгууламжуудын талаар мэдээлэл цуглуулж, map.minu.mn вэб сайтад оруулсан. Мэдээллийг шинэлэг, ойлгомжтой байдлаар гаргаж онлайн газрын зураг боловсруулахад хамтран ажилласан байгууллагуудаас гадна сайн дурын ажилтанууддаа талархсанаа илэрхийлмээр байна. Түүнчлэн “Бидний тэгш хүртээмжтэй хот” төслийн хүрээнд Улаанбаатар хотын барилга байгууламжууд тэргэнцэртэй иргэдэд тааламжтай эсэх талаар мэдээлэл оруулах тэмцээн зарлаж нийт 53 хүн оролцсоноос 5 ялагчийг шалгаруулсан бөгөөд тэргүүн байранд орсон оролцогч iPhone 6s-р шагнуулсан.

“Сайн дурын ажилтнууд маань сертификат, тодорхойлолт авна гэхээсээ илүүтэй нийгэмдээ зөв үлгэр дууриалал болж байгаагаараа бахархдаг” – Б.Отгонтуяа

Танай байгууллагад сайн дурын ажилтнуудын дэмжлэг хэр их шаардлагатай байдаг вэ? Өмнө нь iVolunteer санаачилгаар дамжуулж холбогдсон сайн дурын ажилтнууд ямар ажил хийж байгаа вэ?

-Манай оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих туршлага дутмаг байдаг. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн хөтөлбөр боловсруулах, иргэдэд хүргэх, хэрэгжүүлэх тал дээр ажиллах хүч бас л хангалтгүй байна. 70 орчим оюутан, сурагчид бүртгэлтэй байдаг бөгөөд байнгын холбоотой 30-аад сайн дурын ажилтан цахим хуудсанд мэдээлэл оруулж, 14 хоног тутам уулзалт хийн ажиллаж байна. Залуус маань сертификат, тодорхойлолт авна гэж ажиллахаас илүүтэй нийгэмдээ зөв үлгэр дуриалал болох зүйл хийж байгаадаа баяртай байдаг.



-Одоо хайж буй сайн дурын зохицуулагч ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөрт сайн дураараа зохицуулагч хийх 4-5 оюутан залуусыг хайж байна. Хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч нэг хүн байх ба хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийг хэд хэдэн багт хуваан зохион байгуулахаас гадна гадаад, дотоодын олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Бусад зохицуулагчид нь санхүү хариуцах, хуучин гишүүдийг үйл ажиллагаандаа идэвхтэй оролцуулах, шинэ гишүүд урих, сайтын мэдээ бичих зэрэг ажлуудыг хийнэ.

-Дээрх сайн дурын ажилтнуудад ямар шаардлага тавьж байгаа вэ? Мөн хэр урт хугацаанд ажиллах вэ?

-Юун түрүүнд бүртгүүлж буй залуучууд сайн дурын ажил гэдэг зүйлийг ухамсарласан байх хэрэгтэй. Түүнчлэн мэдээж хариуцлагатай байж, цаг заваа зохицуулах шаардлагатай болдог. Хөтөлбөр зохицуулагчид нь сайн дурын ажил хийх сонирхолтой, зохицуулагч хийж байсан туршлагтай эсвэл хийж чадна гэсэн итгэлтэй, бусдад туслах эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Ерөнхий зохицуулагчийн хувьд өмнө нь сайн дурын ажил хийж байсан туршлагатай, англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Учир нь гадаадын зочид, зохицуулагчидтай хамтран ажиллах шаардлага, хэрэгцээ цөөнгүй гардаг. Хугацааны хувьд хөтөлбөр дуустал буюу ерөнхийдөө 1.5 жилийн хугацаатай гэж ойлгож болно. Зохицуулагчид долоо хоногт амралтын нэг өдөр уулзаж, төлөвлөгөөт ажил зохион байгуулж, цахим хуудсын хөгжүүлэлт дээр хамтарч ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье
Ярилцсан Ц.Мөнхжин

iVolunteer Санаачилгын гишүүн.