Gap yearManagement

GAP year буюу Бүтэн жилийн чөлөө авах нь

GAP year буюу жилийн чөлөө гэж юу болох үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болохыг хүсэгчдэд болон бүтэн жил алгасахаар төлөвлөж байгаа сурагчиддаа энэхүү нийтлэлээ зориуллаа.

GAP year буюу жилийн чөлөө гэх ойлголт нь дэлхий нийтийн боловсролын системд  танил болоод удаж байна. Ихэвчлэн ахлах сургуулиа төгсөөд их сургуульд орох гэж буй  сурагчид гурван сараас дээш хугацаанд өөртөө зориулан цаг гарган зорилгоо тодорхойлох, их сургуулийн төвшинд бэлтгэх, өөрийгөө болон дэлхий ертөнцийг илүү ихээр танин мэдэх зорилгоор төлөвлөгөө гарган өөрсдийгөө дайчлан өнгөрөөдөг жил юм.

Жилийн чөлөө авах үзэгдэл нь АНУ, Их Британи, Австрали улсын сурагчид дунд түгээмэл байдаг бөгөөд жилийн чөлөө авч буй сурагчдыг сургууль болон эцэг эхийн зүгээс олон талаар  дэмжлэг үзүүлэх нь улам нэмэгдсээр байна.

Жишээлбэл, Америкийн тэргүүлэх их сургуулиуд болох Princeton, Harvard, Tufts зэрэг сургуульд жилийн чөлөө авсанаараа оюутнууд академик орчинд үзүүлэх амжилт нь нэмэгдсэн талаар дурьдаад элссэн оюутнуудаа ч жилийн чөлөө авахад нь дэмждэг тухайгаа тэмдэглэжээ

Жилийн чөлөө авсан сурагчид “real life experience” буюу “жинхэнэ амьдралын туршлага” хуримтлуулсан  байдаг учир тэд коллежид ороод сурах ур чадвар болон сурлагын амжилт гаргах нь бусад сурагчдаас илүү байдаг байна.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ их сургуульд элсэхийг яаруулсанаар их сургуульд суралцахад бэлэн биш, зорилгоо бүрэн тодорхойлж амжаагүй маш олон хүүхдүүд их сургуульд ороод сэтгэл дундуур үлддэг тохиолдлууд их байна.

Монголын хувьд  жилийн чөлөө авсан монгол хүүхдүүдийн ихэнх нь гэртээ шалгалтад бэлдэж, бүтэн жилийг өнгөрөөдөг. Гэтэл энэ нь их сургуульд элсэхэд хэрэгтэй олон зүйлсийн зөвхөн нэгээхэн хэсэг нь л байдаг юм шүү.

Ийнхүү бид бүтэн жилийн чөлөөг хэрхэн өөртөө үр ашигтай өнгөрөөх талаар цуврал нийтлэл бэлтгэн та бүхэндээ хүргэхээр боллоо.

Сур!

Энэ бол сурч амжаагүй зүйлүүдээ сурч авах хамгийн тохиромжтой цаг. Дэлхийн шилдэг их сургуулиудаас санал болгож байгаа онлайн хичээлүүдийг сонирхоорой.

Онлайнаар сурч болох вэб хуудасуудын жагсаалт

Эсвэл эдгээр Youtube сувгуудаар ч хичээл үзэж болно

CrashCourse

The School of Life

SciShow Space

Хэрэв онлайн хичээлүүд таньд тохирохгүй бол номын сан орж өөрийнхөө сонирхдог боловч өмнө нь цаг гаргаж чаддаггүй байсан сэдвээсээ эхлээд судлаарай. Эсвэл сонгодог зохиолуудыг ч уншиж болно.

Оролц!

Таны эргэн тойронд таны оролцоо, санаа санаачлага, үйл хөдлөл хэрэгтэй байгаа олон асуудал мөн хийх ажлууд байж л байгаа. Гар биеэрээ оролцож болох сайн дурын ажлуудад таны зориулсан цаг, гаргасан сэтгэл бүр үнэ цэнэтэй байна гэдэгт итгэлтэй байна. Хүн болгон ямар нэгэн зүйлийн тухай мэддэг, харин түүнийгээ бусдад дамжуулан нийгэмдээ эерэгээр нөлөөлөх олон арга бий. Жишээлбэл блог бичиж, ном орчуулж болно.

Хүсэл сонирхол руугаа тэмүүл!

reech

Сансар огторгуйн тухай судлах, бага ангийнханд багшлах, итали хоол хийж сурах, өөртөө хувцас хийж өмсөхийг хүсдэг байсан ч цаг гардаггүй үе зөндөө байсан бол одоо л энэ бүхнийгээ бодит болгох тохиромжтой цаг нь мөн.

Танилын хүрээгээ өөрөө бий болго!

Бүтэн жилийн хугацаанд аль болох олон төрлийн хүмүүстэй танилцаж авах хэрэгтэй.

Магадгүй танд өөр өөрийн түүхтэй, өөр өөрийн зан араншинтай хүмүүстэй нөхөрлөсөнөөр та тэднээс ихийг бүтээх урам зориг авч, шинэ зүйл хийж бүтээх сэдэл олж авах боломжтой.

Нэг үгээр хэлбэл өөрийнхөө боломжийг өөрөө бий болго.

Бүгдийг багаас нь эхэл!

Хэрэв танд шинэ төсөл, бизнесийн санаа байгаа бол одоо л түүнийгээ хэрэгжүүлж өөрт байгаа бүтээлч чадвар энергээ зориулаарай. Энэ нь таныг зоригжуулж дараа дараагийн олон зүйлсийг өөртөө итгэлтэйгээр хийхэд туслахаас гадна маш сайн туршлага болон үлдэнэ.

Аялах!

Хүн болгонд дэлхийгээр аялж зугаалаад байх мөнгөний болон цагийн боломж байхгүй ч гэлээ, та эртнээс мөнгөө цуглууж бэлдэн, төлөвлөгөө гаргаад яваад үзвэл аялахаас өөр сайхан зүйл гэж юу байх билээ?

Хамгийн чухал нь төлөвлөгөө

plaan

Энэ бол маш их үнээр танд олдож байгаа цаг учир нэг ч гэлээ хормыг үр дүнтэй өнгөрөөхийг хичээж, аль болох эрт босож, олон ажил амжуулж сурах хэрэгтэй юм. Төлөвлөгөө гаргахдаа өөртөө хамгийн чухал гэсэн зүйлүүдээ эхлэн хийгээрэй.

Жилийн чөлөө авсан сурагчид  өөрсдөөсөө танил бус өөр хүмүүстэй орчинд бие даан хамтран ажилласанаар ямар ч хүнтэй  хамтран ажиллах, олон нийтэд өөрийгөө  илэрхийлэх чадвартай болсон байдаг. Тэд шинийг санаачлах, нөхцөл байдалтайгаа хурдан дасан зохицох зэрэг чадваруудыг эзэмшсэн байдаг.

Жилийн чөлөө бол таны “жирийн” амьдралаас авч байгаа амралт бус харин ч өөрөөсөө өөр ертөнцийг нээж таних, шинэ танилтай болох, дэлхий ертөнцтэй танилцах, хувийн чадвар бололцоогоо нээх боломж гэж ойлгож болно.

Эцэст нь эцэг эхчүүд болон сурагчид жилийн чөлөөг боловсрол эзэмших явцад гарч байгаа хоосон завсар биш, харин сайн боловсролын нэг хэсэг хэмээн үзэх хэрэгтэй юм.

Бид дараагийн дугаартаа жилийн чөлөө авч байсан болон одоо авч байгаа монгол хүүхдүүдтэй ярилцаж энэ хугацаандаа ямар сонирхолтой зүйлүүд хийж байсан, тэдэнд тулгарч байсан бэрхшээлүүд болон ямар өөрчлөлтүүдийг бий болгосон  талаар ярилцахаар төлөвлөж байна.

С.Тэмүүлэн

Ц.Золбоо

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.