1

iVo-гийн залуус “Карьер хөтөч” цуврал ярилцлагын буланг эхлүүлж байна

Ivolunteer Mongolia буюу IVO санаачилга нь ажил, хичээлийнхээ хажуугаар бусдад тусалж, нийгэмд хувь нэмрээ оруулж давхар өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг залуусыг ТББ-уудтай холбох, мэдээллээр хангах, сайн дурын үйл болон нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих үндсэн зорилготой билээ. Бид хоёр жил тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа “I volunteer, do you?” сайн дурынхны өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд “Mask On” төслийг хамтран хэрэгжүүлж,  “Hackathon”, “Global startup weekend Ulaanbaatar – Sexhack edition” зэрэгт багаараа оролцож бүтээлч сэтгэлгээгээ сорилоо.

Түүнчлэн Ivolunteer.mn сайтаар дамжуулан сайн дурын ажлын боломжуудыг нийтэлж, залуусын боловсролд зориулсан мэдээллийг блогийн хэсэгт тогтмол нийтэлж байна. Бид цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж зөвхөн сайн дурын ажил бус цагийн ажил, дадлага гэх мэт олон төрлийн боломжийг оюутан, сурагчдад нээлттэй болгохоор ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, олон төрлийн сонирхолтой мэргэжлүүдийн халуун “гал тогоо”, бодит байдлыг танилцуулах зорилготой “Карьер Хөтөч” цуврал ярилцлагын буланг эхлүүлж байна.

IVO санаачилгатай тогтмол харилцаатай байдаг, бидний үйл ажиллагааг дэмждэг хүмүүсийн дийлэнхийг оюутан, сурагчид болоод ажил дээр гараад удаагүй байгаа эрч хүчтэй залуу мэргэжилтнүүд бүрдүүлдэг билээ. Иймд IVO-гийн залуус хоёр жилийн ойн босгон дээр нэгэн шинэ контентийг та бүхэнд хүргэх гэж байна. Энэ бол залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, олон төрлийн сонирхолтой мэргэжлүүдийн халуун “гал тогоо”, бодит байдлыг танилцуулах зорилготой “Карьер Хөтөч” хэмээх цуврал ярилцлагын булан юм. Тухайн нэг мэргэжлээр суралцаж буй оюутан, ажил дээр гараад удаагүй залуу мэргэжилтэн, салбартаа манлайлж буй туршлагатай эксперт гэсэн карьерийн хувьд гурван өөр түвшинд яваа хүмүүс та бүхэнтэй өөрийн мэргэжлийн онцлогийг хуваалцах юм. Өөрөөр хэлбэл, залууст нэг мэргэжлийг гурван өөр хүний нүдээр харж, бодит ойлголтыг олж авах боломжийг бүрдүүлж буйгаараа анхдагч бөгөөд онцлог билээ.

Бид “Карьер Хөтөч” булангийн анхны дугаараа ХУУЛЬЧ мэргэжлээр эхлүүлж байна. Энэ удаа та бүхэнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Солонгосын эрх зүйн 5-р курсийн оюутан Б.Оюунболд, Шихихутуг их сургуулийн багш, хуульч Ц.Амарсанаа, Өмгөөллийн “ИЭлСи” ХХН-ийн хуульч А.Мандуул нарын ярилцлага хүрэх болно.

Таван жил суралцаж эрхзүйчээр төгсөөд хоёр жил ажиллаж, шалгалт өгсний дараа сая “Хуульч” хэмээн дуудуулах эрхтэй болдог энэ мэргэжил олон улсад хамгийн нэр хүнтэй, үнэлгээ өндөртэй байдаг ба үүнийг дагаад хүлээх хариуцлага маш өндөр, нягт нямбай, өчүүхэн төдий алдаа гаргахгүй байхыг шаарддаг аж.

Кинон дээр гардаг шиг шүүгчдийг хэлэх үггүй болтол сайн мэтгэлцдэг уран цэцэн үгтэй, тогтоох чадвараараа гойд сайн, хуулийг зүйл, заалтаар нь цээжээр мэддэг гэх тогтсон ойлголт хуульч мэргэжлийг тодорхойлох зохистой хэмжүүр биш юм. Харин ч эсрэгээрээ сайн хуульч болохын тулд хүн чанартай байх нь хамгийн чухал гэж ажлын туршлагатай хоёр хуульч маань ярилцлагадаа дурдсан юм. Мөн логик сэтгэлгээг зэвсгээ болгож хуулийн орчинд ямар боломж, гарц гаргалгаа байгааг гаргаж ирдэг мэргэжил гэвэл бодит байдалд дөхөж магад.

За ингээд өмнөтгөл маань өндөрлөж байна. Тун удахгүй гурван өөр хуульчийн ертөнц уншигчдын өмнө дэлгэгдэх болно.

Та бүхэнд ажил мэргэжлийнх нь онцлогийг мэдэхийг хүсч буй мэргэжил байгаа бол бидэнд саналаа ирүүлээрэй.

Хүндэтгэсэн:

Team Awesome

iVolunteer Санаачилгын гишүүн.

Сэтгэгдэл үлдээх

*