Тойм

8 MARCH / ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “WOMEN’S MARCH / ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛХАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах багт 2018 оны 2 дугаар сарын 5-г хүртэл сайн дурын график дизайнэр бүртгэж байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд бидэнтэй хамт хувь нэмрээ оруулахыг урьж байна.

НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ олон улсын кампанит ажил Монголд

Сайн дурын ажлын тодорхойлолт

Онлайнд ажиллах боломжтой. 2 сарын 1-ээс 3 сарын 7 хүртэл /3-5 бүтээл гаргах боломжтой/

Сайн дурын ажилтанд тавигдах шаардлага

Цахим сүлжээнд оло нийтэд зориулан "охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох" утга бүхий зурагт хуудас /постер/, cut out бичлэг хийдэг хүмүүсийг урьж байна.

Сайн дурын ажилтанд олгох боломж

Дэлхийн нийтийн хөдөлгөөнд Монгол улсдаа зохион байгуулж буй томоохон үйл ажиллагаанд оролцосон гэсэн тодорхойлолт, батламж олгоно.

НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ МОНГОЛД-н тухай

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг хамтдаа таслан зогсооё!

НЭГ ТЭМБУМААРАА ТЭМЦЬЕ 2018 – “WOMEN’S MARCH” АЛХАЛТ

ХЭЗЭЭ: 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр / ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 12:30 цагт

ХААНА: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай (21 аймаг, алслагдсан 3 дүүрэг)

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД: Хүний эрхийн Иргэний нийгмийн байгууллагууд

ЗОРИЛГО: Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч нарт нөлөөлөх.
• Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн даван туулагчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх, нөлөөлөх
• Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч/даван туулагчийг буруутгах хандлагыг халах
• Ирээдүйн хохирогч/даван туулагчдад үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүдийн хүний эрхийн ойлголт, мэдлэгийг сайжруулах
• Хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд залуусын оролцоог нэмэгдүүлж олон нийтийн хандлагыг өөрчлөх
• Орон нутагт иргэдийн утга учиртай оролцоог нэмэгдүүлэх, улмаар хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх иргэдийн оролцоог бэхжүүлэх

* * * * * * *

“ONE BILLION RISING” буюу НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ эсэргүүцлийн арга хэмжээ нь V-day хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн олон улсын хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2013 ОНООС ЭХЛЭН ЖИЛ БҮР өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн юм. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан НЭГ ТЭРБУМ охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ЭСЭРГҮҮЦЛЭЭ УРЛАГААР ДАМЖУУЛАН ТЭМЦЭХ, ШААРДАХЫГ уриалдгаараа онцлогтой юм. Одоогоор дэлхийн өнцөг булан бүрд сая сая охид, эмэгтэйчүүд, сайн дурын идэвхтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ илэрхийлээд байна.
Жил бүр Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээг урлагаар дамжуулан илэрхийлдэг бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 8-нд 6 дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийлэл/гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч/даван туулагчдыг буруутгах хандлагыг зогсоохыг уриалан “Women’s March” бүх нийтийн алхалтыг зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн 5 жилд нийт 30,000 гаруй салбар бүрийн оюутан залуус, олон нийт болон хүний эрхийн тэмцэгчдийг уриалан хамтдаа:
• 2013 онд “ГИНЖИЙГ ТАСАЛ” - Хууль Сахиулахын Их Сургууль дээр 150 гаруй оюутан, сонсогчдод жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээллийг олгож, флашмоб хийсэн.
• 2014 онд “ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ” - Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн оюутнуудын дунд “Гинжийг Тасал” флашмоб хийж, “Бидний дуу хоолой” гэр бүлийн хүчирхийллийн даван туулагчдын зураг бүхий явуулын үзэсгэлэнг Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвтэй хамтран зохион байгуулж хүчирхийллийн талаар мэдээлэл олгосон.
• 2015 онд “ХУВЬСГАЛЫН ТӨЛӨӨ ХӨДӨЛГӨӨН” сэдвээр эцгийн эрхт ёсны соёлыг агуулсан нийгмийн хандлага, тогтолцоонд халах зорилгоор Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбайд 1,500 гаруй нийгмийн ажилтан мэргэжлээр сурч буй 18 их, дээд сургуулийн оюутнууд бөмбөрийн дуугаар охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоохыг уриалан шаардсан юм. Мөн энэхүү хувьсгалыг 8 аймагт амжилттай зохион байгуулсан.
• 2016 онд хүчирхийлэлгүй бүс болохын төлөө зургийн урлагаар дамжуулан охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох олон нийтийн дуу хоолойг 2016.03.07-нд Эрх чөлөөний талбайд 200 гаруй иргэний нийгмийн залуус, сэтгэл судлалын чиглэлээр сурч оюутнууд, олон нийттэй хамтран илэрхийлсэн. Тус сэдэв, удирдамжийн дагуу 10 аймаг хамтдаа дуу хоолойгоо нэгтгэсэн.
• 2017 онд “ДАВАН ТУУЛАГЧДЫН ДУУ ХООЛОЙ” сэдвийн хүрээнд баримтат зургийн үзэсгэлэн, даван туулагчдын дуу хоолой амьдралын түүх, оюутнуудын хэлэлцүүлэг, “Хохирогчдыг буруутгахаа зогсоо!” сэдэвт хэлэлцүүлэг зэргээр дамжуулан гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн даван туулагчдын дуу хоолойг олон нийт болон бодлого боловсруулагч нарт ойлгуулахыг ТАСЛАН ЗОГСООХОД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ УРИАЛсан юм. Энэхүү арга хэмжээ нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан бөгөөд бодлогод нөлөөлөх, олон нийтийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зогсоход хүчтэй нөлөөллийн хэрэгсэл болсон.
70159688
obrmongolia@gmail.com
huurhunzurh@gmail.com