хувийн архив

#VolunteerStories: Батжаргалын Номондалай

хувийн зураг

Photo Courtesy of Nomondalai

Сайн дурын үйлс, сайн дурын ажилд багагүй цаг зав, сэтгэл зүрхээ зориулж өөртөө болоод нийгэмдээ тодорхой хэмжээгээр эерэг өөрчлөлтийг авчирч байгаа залуусын төлөөлөл болгож Батжаргалын Номондалай-г #VolunteerStories булангийнхаа анхны зочиноор урилаа. Америкт суралцаж буй тэрбээр 2 жилийн өмнөөс сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, манлайлж иржээ.

Түүний санаачлан, үүсгэн байгуулсан Номт Хүүхдэд Туслах Холбоо (ТББ) бидний уншихыг хүсдэг ч тэр болгон номын дэлгүүр, нийтийн номын сангуудаар түгээмэл байдаггүй чамгүй олон номнуудыг хүүхэд залууст ойртуулж, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, номтой танилцах боломжыг санал болгож байгаараа онцлогтой.Ингээд түүнтэй сайн дурын үйлс, сайн дурын ажлын тухай товч ярилцсанаа хүргэе.

 

Q: Өдрийн мэнд, та өөрийнхөө тухай товчхон танилцуулна уу.

Баярлалаа. Намайг Батжаргалын Номондалай гэдэг. Би одоогоор UCLA-д улс төр, олон улсын харилцааны чиглэлээр сурдаг, бусадтай л адил жирийн нэгэн оюутан.

Q: Таны бодлоор “Volunteerism” гэж юу вэ?

Хэн нэгэнд эсвэл ямар нэгэн үйлсд хариу нэхэлгүйгээр чин сэтгэлээсээ туслах, оролцохыг хэлэх байх.

Q: Та (яагаад, хэзээ, хаанаас) сайн дурын үйлс, ажилд оролцох болсон талаараа дурьдвал?

Багаасаа аль болох хүнд туслахыг хичээдэг, ямар нэгэн баатарлаг үйлс бүтээхийг хүсдэг ч гэмээр тийм хүүхэд байсан /инээв/. Гэр бүлийнхэн маань ч хүнд тустай дэмтэй яваарай, чадаж байгаа зүйлээрээ хүнд тусалж бай гэж хүмүүжүүлсэн.

10 жилээ төгсөөд, илүү биеэ дааж эхэлснээр өмнө нь бодож, хийхийг хүсэж байсан зүйлсээ хийх зориг, боломж олдсон гэхүүдээ. Тэр ч утгаараа сайн дурын үйлсд илүү сонирхолтой болж эхэлсэн. Сайн дурын ажил хийж эхэлснээр зөвхөн бусдад туслахаас гадна өөрийгөө таньж мэдэх, хувь хүнийхээ хувьд бага гэлтгүй өсөж дэвжихэд минь их тусалсан.

2 жилийн өмнөөс Номт Хүүхдэд Туслах Холбоог санаачлаад найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр хүүхэд залууст ном хандивлах, цуглуулах жижиг төсөл, үйл ажиллагааг эхлүүлээд, цаг заваараа найз нартайгаа хамт хийж байна.

Q: Ном хандивлах төслийн талаар? Илүү дэлгэрэнгүй хуваалцаач.

Жил бүр уламжлал болгож авч явахыг хичээж байна. Өнгөрсөн жил 500 гаруй номыг Нацагдоржын номын санд хандивласан. Энэ жил 800 орчим ном очоод байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудын номын санд хандивлах төлөвлөгөөтэй байна.

Photo Courtesy of Nomondalai

Photo Courtesy of Nomondalai

Өнгөрсөн жил Нацагдоржийн номын сан их баярлаж хүлээж авсан. Урьд нь ийм номын хандив авч байгаагүй. Дандаа хуучирч муудсан номнууд ирдэг байсан учираас шинээрээ шахуу номнууд хүлээж авсансандаа их баяртай байсан.

Номоо цуглуулах, ангилах, хайрцаглах тэгээд Монгол руу явуулах нь анхандаа миний бодсон шиг тийм амархан байгаагүй ч найзуудынхаа тусламжтайгаар амжилттай явуулж байгаа.

Q: Яагаад ном хандивлахаар болсон бэ?

Яг миний чадах, боломжтой зүйл нь эндээс ном цуглуулах, хандивлах байсан юм.

10н жилд байхад яг уншихыг хүссэн номнууд маань номын дэлгүүр, номын сангуудаар биет хэлбэрээрээ (цаасан хэвлэл) байхгүй эсвэл хүртээмж муутай, үнэтэй байдаг байсан. Монголд захиж авчирах, интернетээс авахгүй л бол.

Яагаад биет ном хандивлах болсон бас нэг гол шалтгаан нь олон хүн тойруулж уншаад илүү хүртээмжтэй байх юм болов уу гэж бодсоных. Хэрвээ нийтийн эсвэл сургуулийн номын сангуудад маань нийтэд нээлттэй олон ном байдаг бол их сайн байх, хүүхэд залуучуудад ч хэрэгтэй гэж бодоод. Ном унших, сайн ном уншихын ач тус бол зөндөө байгаа.

Q: Хандивлаж байгаа номнуудын тухайд?

Багахан хувь нь найз нөхөд, танилын хүрээнээс ирдэг. Сошиал Медиагаар мөн хүмүүсээс асууна. Харин ихэнх хувь нь номын сангуудаас хандивласан номнуудаас бүрддэг. Албан ёсоор хүсэлт тавиад, зөвшөөрвөл очиж номоо сонгож авдаг.

Мэдээж номын чанараас (шинэ, хуучин, эдэлгээ г.м) гадна аль болох “сайн” ном сонгохыг эрхэмлэдэг. Дийлэнх номнууд маань recommended буюу уншивал зохистой, магадгүй must read ч гэж хэлж болохоор best-seller номнууд байгаа. Яахуу best-seller гэхээрээ л заавал сайн ном байх албагүй л дээ, олонд таашаагдсан гэдэг утгаар нь илүү түлхүү сонгодог. Мөн өөр өөр чиглэлийн номнууд оруулдаг. Зөвхөн уран зохиол эсвэл хүүхдийн гэлтгүй байгаль, нийгмийн шинжлэх ухаан, алдартай хүмүүсийн намтар, академик сурах бичигүүд гэх мэт төрлүүдийг багтаадаг. Ахлах ангийн сурагчдад зориулж ACT, SAT-н номнуудыг бас оруулж өгдөг.

Photo Courtesy of Nomondalai

Photo Courtesy of Nomondalai

Монгол руу карго явуулж байгаа компанитайгаа харьцаад дэмжлэг авахыг хичээнэ. Ашгийн бус, хандивлаж байгаа гэдгээ ойлгуулаад карго компани маань ч дэмжиж тодорхой хувиар тээвэрлэлтийн зардалд хөнгөлөлт үзүүлдэг. Ингээд номнууд маань хэд хэдэн хайрцагуудад ороод Улаанбаатар руу аян замдаа гардаг.

Q: Сайн дурын ажил хийхийн сайхан нь юундаа байдаг вэ?

Ер нь сайн дурын ажил хийхийн сайхан нь их олон, мундахгүй байдаг. Миний хувьд хичээл зүтгэл, сэтгэл маань хэн нэгэнд үнэхээр тусыг хүргээд, магадгүй аж жаргал, баяр хөөр, инээмсэглэл бэлэглэснийг харах, дотроо мэдрэх нь цаанаа нэг л сайхан байдаг.

Q: Сайн дурын ажил, үйлс хийх гэж байгаа хүүхэд залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?

Хүнд чадахаараа тусалж байгаарай. Сайн дурын ажил гэхээр заавал том зорилго, дэлхийг аврах төлөвлөгөө хэрэггүй. Маш энгийн бөгөөд хүмүүс тэр бүр ач холбогдол өгдөггүй зүйлээс ч эхэлж болно. Сайн дурын үйлс нь хэн нэгнээс баярлалаа гэдэг үг сонсохдоо эсвэл би ийм тийм юм хийчихлээ гэж зарлахдаа бус харин хувь хүн өөрөө ухамсарлаад, ямар нэгэн сайн зүйл хийсэн гэдгээ өөрөө мэдэж л байвал тэгээд болоод явчиж байгаа юм.

Q: Том зорилго, дэлхийг аврах төлөвлөгөөгүй байсан ч сайн дурын ажлыг өөрөөсөө эхлүүлж болох юм байна шүү, залуусаа. Бидэнтэй зав гарган ярилцсан таньд баярлалаа.

A: Зүгээр зүгээр, нээх том, чухал зүйл хийсэн юм шиг л баахан юм ярьчихлаа /инээв/.

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.

#VolunteerStories: Батжаргалын Номондалай” сэдэв дээр нэг сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичих боломжгүй.