1 L3mHJIVT_3eUcdM2KgNmdw

#VolunteerStories: Сайн Дурын Үйлс – Нэр Төрийн Хэрэг

9 гаруй жил НҮБ-н Сайн Дурын Ажилтнаар ажиллаад буй Доктор Ч.Дарьсүрэнгийн сайн дурын ажилтнаар ажилласан түүхийг та бүхэнд хүргэж байна.

Намайг Ч.Дарьсүрэн гэдэг. Би Монголоос ирсэн, эмч мэргэжилтэй. Есөн жил НҮБ-ын сайн дурын ажилтнаар ажиллаад буцаж ирээд байна. НҮБ-ын сайн дурын ажилтан болж амьдралынхаа нэгээхэн хэсгийг өвчтэй, ядуу хүмүүст туслахад зориулах боломжтой болсон минь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Ажиллах хугацаандаа дэлхийн 3 өөр улсад ажиллаж амьдарсан ба сонирхолтой нь эдгээр 3 улс маань бүгд арлын орнууд байсан юм.

НҮБ-ын сайн дурын ажилтнаар ажилласан хамгийн анхны ажил маань Номхон далайн дунд хэсэгт орших, алслагдсан 16 жижиг арлаас бүрдэх Бүгд найрамдах Кирибати улс байсан. Тэр үед буюу 1993 онд би хамгийн анхны Монголоос ирсэн НҮБ-ын сайн дурын ажилтан болж очиж байлаа.

1 EaBoWZXh-byMfvvMIsZn0A

Illustrative Photos: 1. Creative Commons License

Кирибати руу явахаас өмнө НҮБ-ын Монгол дахь төлөөлөгч асан Жан.В.Свэйтеринг намайг алслагдсан арлын оронд ажиллах болсныг сонсоод, намайг явна гэдэгтээ итгэлтэй байгаа эсэх талаар нилээдгүй асууж, эргэлзэж байлаа.

Харин би түүнд “Тиймээ, би тийшээ явна гэдэгтэй итгэлтэй байна. Учир нь би хүмүүст тусламаар байна” гэж хариулаад аялалдаа гарч байсан юм.

Бонкири олон улсын нисэх онгоцны буудалд буусан үеэ одоог хүртэл тод санаж байна. Намайг Энэтхэг улсаас Кирибатид ирсэн хамгийн анхны НҮБ-ын сайн дурын ажилтан болох Доктор Ашок Кумар Синг угтан авч байлаа. Газардахаас өмнө онгоцны цонхоор эргэн тойрноо харахад ямар ч байшин олж харсангүй, зөвхөн наргил моднууд, арлыг хүрээлэх өргөн уудам далай л байсан.

Гайхшрахдаа “Би яаж энд хоёр жил амьдарна аа?” гэж өөрөөсөө асууж билээ. Гүнзгий амьсгаа аваад өөрийгөө тайвшруулан: “Би энд хэн нэгний өмнөөс ирээгүй, зөвхөн өөрийн хүсэл сонирхлоор сайн дураараа хүмүүст туслах гэж ирсэн, НҮБ-ын сайн дурын ажилтан шүү дээ” гэж дотроо хэлээд үүрэгт ажилдаа орсон юм.

Хоёр сарын дараа манай гэр бүл надтай нэгдсэнээр илүү тайван амар боллоо. Манай нөхөр нутгийн удирдлагатай гэрээ хийн, уушгины эмчээр миний томилогдсон эмнэлэгт ажиллах болсон.

Би хүүхдийн эмчээр Кирибатийн нийслэл Өмнөд Таравагийн Тунгару төв эмнэлэгт томилогдон ажиллаж байлаа. Би хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ, мэдээлэл зөвлөгөөг залуучуудад болон эцэг эх, сувилагч нарт хүргэж байсан ба оройн цагаар дуудлагын эмч хийж амаржсан эх, шинэ төрсөн нярай гэх мэт олон төрлийн хүмүүс, өвчтөнтэй ажиллах боломж олдсон юм.

Би аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эмчилгээнээс илүү үр дүнтэй гэж итгэдэг тул хүүхдийн өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгож, өвчнийг эхэн үед нь илрүүлж цаг алдалгүй эмчилгээ хийх нь миний гол зорилго байв. Зарим хүмүүс манай орны талаар эхэндээ юу ч мэдэхгүй байсан учраас биднийг Хятад хүмүүс гэж боддог байсан. Харин нөхөр бид 2 өмнөд Таравагийн бүх тосгодоор явж урьдчилан сэргийлэх үзлэг хийн, өвчтэй хүмүүсийг эмнэлэгт очиж эмчлүүлэхийг зөвлөж, тэдэнтэй илүү ойр ажилласнаар биднийг аяндаа сайн мэддэг болсон.

Кирибатид ажиллах хоёр жилийн хугацаа минь маш хурдан өнгөрч манай гэр бүл ч буцах шаардлагатай болсон. Биднийг буцахад бидний хамтран зүтгэгсэд болон өвчтөнүүд сэтгэл дундуур, биднийг явуулмааргүй л байсан санагдаж байна. Харин бид буцах шаардлагатай байсан юм. Арлын орны амьдралд дасан зохицож, аялаж ажилласан минь надад маш өвөрмөц, сайхан туршлага болсон. Миний Кирибатид өнгөрүүлсэн 2 жилийн хугацаанд данц ганц нутгийн хүмүүст төдийгүй манай гэр бүлд ч сайхан туршлага болон үлдсэн. Гурван хүүхэд маань тэнд байх хугацаандаа Англи хэл сурсан нь тэдний ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт болсон гэж бодож байна.

Харин дараачийн үүрэгт ажил маань Энэтхэгийн далайд орших арлын орон Бүгд найрамдах Мальдив улс байлаа. Би Мальдивын нийслэл Малийн эрүүл мэндийн яамны олон нийтийн эрүүл мэндийн хэлтэст томилогдсон ба үндсэн ажил маань нөхөн үржихүйн эрүүл мэнд (RH) болон мэдээлэл, боловсрол, харилцааны (IEC) талаарх төсөл төлөвлөгөөг зохицуулах байсан юм.

Illustrative Photos: Creative Commons License.

Illustrative Photos: Creative Commons License.

Мальдивт би өөрийнхөө мэдлэг, ур чадвараа бусад эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан нартай хуваалцаж, туршлага солилцож байсан юм. Олон ч удаа жижиг арлууд руу очиж эмч, сувилагч нарт нөхөн үржихүйн болон ХДХВ-ын талаар сургалт зохион байгуулж, нөхөн үржихүйн төслийн хэрэгжилтийг дүгнэдэг байсан. Алслагдсан жижиг арлууд руу очих нь хэцүү байх ч үнэхээр сонирхолтой байдаг байлаа.

Нэг удаа бид алслагдсан арлын нэг рүү сургалт хийхээр явахдаа далайд төөрч тэндээ шөнийг өнгөрөөж билээ. Харин маргааш нь бид сургалтаа цагт нь эхлүүлэхийн тулд үүрээр арлын зүг хөдлөж байсан түүх тодхон санагдана.

Dr. Darisuren Chanrav (left), a UNV volunteer from Mongolia, discusses health issues with a staff nurse and community member in Trinidad. (UNV)

Зүүн гар талаас НҮБ-ын сайн дурын ажилтан Ч.Дарьсүрэн Тринидад дахь нийгмийн бүлгийн гишүүн болон сувилагчтай эрүүл мэндийн асуудлаар ярилцаж байна.

Миний гурав дахь буюу сүүлийн сайн дурын ажил маань өмнөх хоёртойгоо харьцуулбал хамаагүй том арлын улс Бүгд найрамдах Тринидад Тобаго байлаа. Тринидад Тобаго нь Карибын тэнгист орших ба тухайн үед дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 100 гаруй НҮБ-ын сайн дурын эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэ оронд томилогдон ажиллаж байсан.

Эхэндээ Тринидадад ажиллах нь тийм ч амаргүй байв. Нутгийн эрүүл мэндийн салбарынхан, эмч нар нь НҮБ-ын сайн дурын эмч нарыг хүлээн авахад бэлэн бус байсан гэж хэлж болно. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл эерэгээр эргэж НҮБ-ын сайн дурын эмч нар нутгийн эрүүл мэндийн багийн нэг хэсэг болж хамтран ажиллаж эхэлсэн. Нутгийн хүмүүс ч НҮБ-ын сайн дурынхан эерэг өөрчлөлт авчирч, нийгэмд нь хувь нэмэр оруулж байгаад үнэхээр их талархаж байсан.

Сайн дураараа ажилласан 9 жилээ эргэж харахад, дэлхийн 3 өөр арлын улсад ажиллан, хүмүүст туслаж байснаараа маш их бахархадаг. НҮБ-ын Сайн Дурынхны нэг байж Мянганы Хөгжлийн Зорилтод өөрийн хувь нэмрээ оруулсандаа их сэтгэл хангалуун байдаг.

Сайн дурын үйлс нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирдаг гэдэгт би гүнээ итгэдэг. Би сайн дурын үйлс ямар их зүйлийг өөрчилж чадахыг биеэрээ мэдэрсэн, хамт зүтгэсэн. НҮБ-ын сайн дурын ажилтнаар ажилласан он жилүүд маань надад маш сайхан дурсамжийг үлдээснээс гадна амьдралын их туршлага болон үлдсэн юм.

Би НҮБ-ын Сайн Дурынханд хандан 3 өөр арлын улсад сайн дураараа ажиллах боломж олгосонд нь дахин талархал илэрхийлье!

Эх Сурвалж: UNV Mongolia Blog, medium.com/@unv.mng

Орчуулсан: Б. Орхонтунгалаг

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.