IMG_0897

#VolunteerStories: Stepanka – University Preparation Series

#VolunteerStories буюу Сайн Дурынхны Түүх буландаа энэ удаад НҮБ-н Монгол дахь Сайн Дурын хөтөлбөрийн ажилтан Филиппе, Штепанка болон НҮБ-н хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Сузи нарын санаачлан хэрэгжүүлж буй University Preparation Series /UPS/ шинэ санаачалагыг онцлон хүргэж байна. Тэд завгүй ажилынхаа хажуугаар амралтын өдрүүдээр Монгол залуучуудад гадаадын их дээд сургуулиудад хэрхэн суралцах, өөрийгөө хэрхэн бэлдэх, өргөдлийн материалаа хэрхэн боловсруулах талаар мэдээлэл зөвлөгөө өгч, өөрсдийн туршлагыг хуваалцан энэхүү сайн дурын үйлсийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь тун бахархууштай!

Бямба гаригын өглөө эртлэн босч UPS хэрэгжиж буй газарт очивол залуус хэдийнээ суудлаа эзлэн, хичээлдээ орсон байлаа. Хичээл бүр урьсан зочины яриагаар эхлэх ба тодорхой бүлэг сэдвийн хүрээнд өөрийн туршлагыг хуваалцаж, зөвлөгөө мэдээлэл өгдөг байна. Энэ удаад тэд сайн дурын үйлс, ажил гадаадын их дээд сургуулиудад ороход хэрхэн нөлөөлөх вэ? тухайн элсэгчийн материалыг хэрхэн өрсөлдөхүйц болгох болоод сайн дурын үйлс хувь хүн болон нийгэмд ямар ач холбогдолтой талаар яриагаа эхэлсэн байлаа. (Extra-curricular Activities & Volunteerism)

IMG_0889

(Залуучууд хичээлд чөлөөтэй оролцож, асуулт асуун хариултаа зөвлөгөө маягаар авж байсан нь маш их таалагдлаа)

Хичээл бүр 1 цаг 30 минутын хугацаатай үргэлжлэх ба уригдан ирсэн зочины яриагаар эхэлж оролцогчид өөрийн үзэл бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэн, маш нээлттэй, сонирхолтой байх ажээ. Ингээд бид НҮБ-н Монгол дахь Сайн Дурын хөтөлбөрийн ажилтан Штепанка UPS Санаачлагын талаар ярилцсан товч ярилцлагыг та бүхэнд хүргэж байна!

Q: Өдрийн мэнд! Та өөрийгөө болон UPS-н талаар товч танилцуулахгүй юу?

Өдрийн мэнд! Намайг Штепанка гэдэг. Би НҮБ-н Монгол дахь Сайн Дурын хөтөлбөрийн залуучууд, олон нийттэй харилцах ажилтнаар ажиллахаар Чеx улсаас ирсэн НҮБ-н Сайн Дурынхны төлөөлөл. UPS -г анх миний хамтран зүтгэгч Филиппэ санаачилсан. Монгол залуучуудын дунд гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэл эрмэлзэл тун их байх ч тэр болгон хэрхэн өөрийгөө бэлдэх, сургуулиа сонгох гээд суралцахтай холбоотой мэдээлэл зөвлөгөөг хүртээмжтэй авч чаддаггүй юм шиг санагдсан. Түүний энэ санааг Сузи болон миний бие санал нэгтэй хүлээн авч энэхүү сайн дурын үйлсийг хамтдаа хэрэгжүүлж байна.

UPS хөтөлбөр нийт 10 долоо хоногийн турш 7 хоног бүрийн Бямба гаригт явагдаж байгаа. 3 дугаар сарын дундуур хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа дуусна. Бид хөтөлбөрөө Facebook-р зарлаад 2 долоо хоногт 120 гаруй материалыг хүлээн авсан. Зөвхөн 10 оролцогчид хүлээн авах боломжтой тул 120 гаруй материалаас сонгон шалгаруулна гэдэг их хэцүү байлаа. Сайн дурын үндсэн дээр хэрэгжиж байгаа учираас өрөөний багтаамж, бидний цаг заваас шалтгаалаад бид олон хүн авах боломжгүй байсан. UPS санаачилгыг дэмжиж OPEN DOOR Foundation бидэнд энэхүү өрөөг ашиглахыг зөвшөөрсөнд мөн талархах нь зүйтэй байх.

IMG_0896

(Штепанка Extra-curricular Activities & Volunteerism буюу хичээлээс гадуурх идэвх, сайн дурын үйлсийн талаарх өөрийн туршлагыг хуваалцаж буй нь)

Q: НҮБ-д сайн дураар ажиллахаас гадна яагаад энэхүү хөтөлбөрийг санаачилж мөн сайн дураар ажиллах болов?

Монгол залуучууд гадаадын их дээд сургуулиудад суралцах маш их хүсэл эрмэлзэлтэй байдаг нь анзаарагдсан ба энэ талаар туршлагтай магадгүй гадаад хүний хувьд өөрийн болоод бусдын туршлагыг яагаад хуваалцаж болохгүй гэж бодсоны үндсэн дээр сайн дураар ажиллах болсон болов уу.

Q: UPS цаашид хэрэгжих үү? Энэхүү санаачлагын ирээдүй, залгамж чанарын талаар?

Хэрвээ ирээдүйд санаачлага маань үргэлжлэн хэрэгжвэл маш сайхан байна. Харамсалтай нь бид анх эхлүүлэхдээ зөвхөн 1 удаагийн сайн дурын үйлс, санаачлага байхаар төлөвлөсөн. Бидний хувьд Монголд тодорхой хугацаанд ажиллаж байгаа болохоор хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх боломж бага. Миний бие ч удахгүй явах гэж байгаа. Гэхдээ цаашид энэхүү санаачлагыг болон ижил төрлийн сайн дурын үйлсийг хэн нэгэн санаачлан хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн уриалж байна!

IMG_0890

(Ахлах ангийн сурагчид болон их дээд сургуулиудын 3, 4 курсын оюутнуудаас оролцогчид бүрджээ)

Q: Таны бодлоор “Volunteerism” гэж юу вэ?

Ерөнхийдөө, албан ёсны тодорхойлолт нь гэвэл хэн нэгэнд өөрийн хүсэл сонирхолоор ямар нэгэн хариу (тэр дундаа санхүүгийн) нэхэлгүй чин сэтгэлээсээ туслахыг сайн дурын үйлс гэж ойлгодог. Харин миний хувьд сайн дурын үйлс нь амьдралын хэв маяг юм. Өөрийн цаг болоод мэдлэг ур чадвараа ямар нэгэн зорилгын төлөө зориулах, өөрийн итгэж үнэмшиж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хариу нэхэлгүй туслахыг хэлэх болов уу. Өөрийнхөө нэгэн хэсгийг, магадгүй цаг зав мэдлэг боловсролоо, бусдад өгөх, бусдын болоод нийгмийн сайн сайхны төлөө үүнийгээ зориулах нь сайн дурын үйлс, сайн дурын үйлсийн утга учир оршдог. Хүрээлэн буй орчин, нийгмээсээ бид асар олон зүйлийг авсаар ирсэн харин зарим үед авахаасаа илүү өгөх нь илүү утга учиртай байдаг.

Q: Сайхан хариулт байна! Сайн дурын үйлс танд, таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Юуны түрүүнд маш сайхан найзуудтай болсон. Зөвхөн танилын хүрээгээ тэлэхээс гадна хувь хүний хувьд болон мэргэжлийн хувьд өсч, чадвар хуримтлуулахад минь хамгийн ихээр нөлөө үзүүлсэн. Сайн дурын үйлсэд идэвхтэй оролцож эхэлснээр зарим зүйлс илүү утга учиртай болж эхэлсэн. Монголд ирсэн минь ч сайн дурын ажил, үйлстэй холбоотой.  Чехийн Хөгжлийн Агентлагт ажиллаж байхдаа Монголын хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг хариуцсан төлөөлөгчид туслах ажлын чиг үүрэгтэй байсан. Тухайн үедээ Монголд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар уншиж, төлөөлөгчийн аялалын хуваарийг төлөвлөж байхдаа нэгэн цагт Монголд ирнэ гэж төсөөлж ч байсангүй. Зарим зүйлсд ашиг, үр дүн харахаас илүүтэй би миний сэтгэл зүрх намайг хаашаа хөтөлж байгааг мэдэрхийг хүсдэг.

IMG_0920

(Тэрээр Монголд ирнэ гэж төсөөлж ч байгаагүй ажээ)

Q: Сайн дурын ажил, үйлс хийхийг хүсч байгаа, хийж байгаа залууст хандаж юу гэж хэлэх вэ? Залуус сайн дурын үйлст оролцох хүсэл байв ч цаг зав олдохгүй байна гэдэг шүү дээ.

Хэрвээ сайн дурын үйлсэд оролцох, сайн дурын ажил хийх сонирхол, хүсэл эрмэлзлэл байвал ямар нэгэн арга зам, цаг зав олдож л таараа. Анзаарах юм бол сайн дурын үйлсэд оролцдог залуучууд бусдаас илүү цаг завтайдаа биш харин бусдаас илүү хүсэл сонирхолтой байдаг. Та магадгүй сард 1 цагийг, жилд хэдхэн цагийг сайн дурын үйлсэд зориулдаг байсан ч өөртөө болоод нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг санаарай. Хэрвээ дэлхийн хүн амын сайн дураар ажиллах боломжтой бүх хүн, тодорхой мэдлэг чадвар цаг хугацааг өөрийн итгэл үнэмшил, үзэл баримталд итгэдэг үйлсдээ зориулвал ямар их эерэг өөрчлөлтийг авчирч чадна гээч!

Q: Баярлалаа. Таны цаашдын ажил үйлсд амжилт хүсье! Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Баярлалаа! iVolunteer Санаачлагад ч мөн амжилт хүсье!

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.