volunteering social media

Сайн дурын ажил гэж юу вэ? болон Сайн дурын ажлаас авч болох туршлагууд

НҮБаас сайн дурын үйлсийн талаарСайн дурын үйлс нь нийгмийн оршин тогтнох үндэс болсон иргэдийн оролцоог сэдэлжүүлэх гол үндэс мөн хэмээн тодорхойлжээ.

Сайн дурын ажил нь өөрийн цаг зав, мэдлэг, ур чадварыг хувь хүн, байгууллага, хэсэг бүлэг хүмүүст туслахын тулд зориулж хариу нэхэлгүй, цалин хөлс шаардалгүй, өөрийн хүсэл, зоригоор оролцож бусдын тусын тулд, тэдний аз жаргал, сайн сайхны төлөө хийж буй үйл хэрэг юм.

Сайн дурын үйлс нь доороосоо ундран гардаг бөгөөд тухайлбал улс оронд ямар нэгэн аюул гамшиг тохиоход сайн дурын ажилтнууд хохирогчдод туслахаар оролцдог. Түүнчлэн, иргэний нийгмийн байгууллагуудаар дамжин сайн дурын ажиллагаанд зохион байгуулалттайгаар нэгдэн оролцож болно. Иргэний нийгмийн байгууллагууд нь олон төрөл хэлбэртэй бөгөөд янз бүрийн зорилтот бүлэгт үйлчилдэг хэрнээ тэд бүгд сайн дурын үйлс дээр үндэслэгдсэн байдгаараа нийтлэг юм.

why_volunteer

Миний хувьд иргэний нийгмийн байгууллагад хоёр жил гаруй хугацаанд сайн дурын ажил хийж байгаа бөгөөд энэхүү хугацаанд өөрийн олж, мэдэж авсан туршлагаасаа та бүхэндээ хуваалцахаар бэлтгэлээ.

Сайн дурын ажлаас олж авсан миний туршлага

  1. Өөрийгөө танин мэдэх

Хүн бүр л амьдралынхаа туршид өөрийгөө таньж мэдэх аялалд гардаг. Юу хүсч мөрөөддөгөө, юуны төлөө амьдарч буйгаа, өөрийн мөн чанар, зорилгоо юу болохыг эрж хайж явсаар амьдралынхаа ихэнх цагийг хий дэмий өнгөрүүлсэн байх нь ч бий. Миний хувьд мөн адил дээрх асуудлуудтай нүүр тулж байсан бөгөөд сайн дурын ажил хийж эхэлсэнээсээ хойш зорилго зорилтоо илүү нарийн тодорхойлж түүнийхээ төлөө хичээн ажиллах болсон.

  1. Өөртөө итгэх итгэл

Бусдад хэрэгтэй, шаардлагатай байгаа зүйлсийг та мэдэж, хийж, чаддаж байгаа нь танд өөртөө итгэх итгэлийг өгөх болно. Магадгүй өмнө нь өөрийн чадвараа мэддэггүй, мэддэг ч онц биш зүйл хэмээн үл тоож байсан байх. Гэтэл таны чадвар өрөөл нэгэнд хамгаас их хэрэгцээтэй, үнэ цэнэтэй зүйл нь байдаг. Ингэж та тэдгээр хүмүүст тусласнаар тэдний хувьд жинхэнэ “баатар” нь болж байгаа юм. Төсөөлөөд үз дээ. Цаанаасаа л өөртөө итгэлтэй болж байгаа биз!

  1. Танилын хүрээгээ нэмэгдүүлэх

Мэдээж хэрэг сайн дурын ажил хийснээр олон хүмүүстэй танилцана. Хэрэв та оюутан бол сайн дурын ажил хийж явсанаар ирээдүйн ажлын газрынхаа даргатай танилцаж болно. Ер нь хэн ч байлаа та бусадтай танилцан ашигтай харилцаа үүсгэх бүрэн боломжтой. Танилцаж буй бүгд таны талаар эерэг сэтгэгдэлтэй үлдэх болно. Учир нь та сайн дурын ажил хийж байгаа шүү дээ.

  1. Хариуцлагатай байдал

Сайн дурын ажил хэдийгээр цалин хөлсгүй боловч та авсан ажлаа хариуцлагатай хийх ёстой. Учир нь та өөрийн сонголтоор сайн дурын ажил хийхээр болсон. “Сайн дураараа л хийж байгаа юм чинь тэгэж байгаад хийнэ дээ” гэх мэтээр хойш суух нь бусдын  ажилд ямар их хохирол учруулж, саад болохыг ойлгох хэрэгтэй.

  1. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх

Өмнө нь би нийгмийн цөөнхүүдийг хараад илт ялгаварлаж байгаагүй ч, тийм ч сайхнаар хүлээн авдаггүй байсан юм. Харин сайн дурын ажил хийснээрээ ялгаатай байдлынх нь учир шалтгааныг нь олж, тэдэнд тулгардаг хүндрэл бэрхшээлтэй нь хамтдаа нүүр тулж, тэднийг ойлгож эхэлснээрээ тэдний оронд би байсан бол гэж бодоход хүрсэн.  “Ялгаатай байдал нь ялгаварлан гадуурхах шалтгаан болох ёсгүй .”

  1. Өөрчлөлтийг бий болгож чадна гэдгээ мэдрэх

Сайн дурын ажлын хамгийн гол зүйлийг таны хийсэн ажил хэрэгцээт хүндээ хүрч хэрхэн сайн сайхан өөрчлөлтийг бий болгож байгааг харахад бий гэж би боддог. Та илүү хичээвэл үүнээс ч том, гайхалтай өөрчлөлтийг өөртөө, бусдад, тэр бүү хэл нийгэмдээ бий болгож чадна гэдгээ мэддэг байх нь амжилтад хүрэх түлхүүр биш гэж үү.

Ийнхүү миний сайн дурын үйл ажиллагаанд зарцуулсан цаг хугацааг би зүгээр ч нэг бусдад туслаад өнгөрүүлээгүй бөгөөд сургуулийн орчноос тэр бүр аваад байдаггүй мэдлэг, боловсрол, туршлагыг нийгмийн идэвхтэй гишүүн болж, өөрийгөө сорьж шинэ зүйл  өөртөө бий болгож чаджээ.

boots

Эцэст нь сайн дурын ажил гэж юу болохыг мэддэг ч, гар бие оролцож байгаагүй, оролцохыг хүсдэг ч боломж бололцоо нь бүрддэггүй, хараахан бодит ажил болгож чадаагүй байгаа уншигчиддаа хандахад хэрэв та хүсч буй бол яг одооноос эхлээрэй! Таны туслалцаа хэрэгтэй нэгэн, хаа нэгтээ таныг хүлээж байгаа. Хэрэв яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол манай хамт олон та бүхний хөтөч болох болно.

Ц.Очгэрэл

iVolunteer Санаачлага нь Сайн Дурынхан болон Байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тэдгээрийн гүүр болох зорилготой.